| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00290/И |
| Дугаар | 207/ма2025/00084 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 207/ма2025/00084
2025 06 26 207/МА2025/00084
***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.*****т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00746 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ***** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.*****т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 40,578,090 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Г.*****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*****, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** банк ХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Иргэн Г.***** нь 2024 оны 07 дугаар сарын 03-нд MN***** тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 38,525,000 (Гучин найман сая таван зуун хорин таван) төгрөгийн зээл авсан.
Г.***** нь үндсэн зээлээс 888,630.68 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 1,488,793.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 48,551.20 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул Г.*****аас үндсэн зээл 37,636,369 төгрөг, хуримтлагдсан хүү 2,904,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,832 төгрөг, нийт 40,578,090 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*****ийн татгалзал, тайлбарын агуулга:
***** банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2024 оны 07 сарын 03-ны өдөр 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэй, 38,525,000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх байсан юм. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй.
Би уг мөнгийг 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээл төлөх хугацаа дуусаагүй мөн зээлийн гэрээг цуцлахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг цуцлахгүй гэж байгаа бол үндсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон шалтгаан нь эхнэр сахарын өвчтэй, сар бүр эмчилгээтэй байдаг. Одоо 4 сар гарантай жирэмсэн. Би 3 хүүхэдтэй, том хүүхэд Улаанбаатар хотод оюутан, суралцдаг.
2 хүүхэд ЕБС-д сурдаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Миний нөхцөл байдлыг харгалзан үзээд үндсэн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00746 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*****аас зээлийн төлбөр 40,578,090 /дөчин сая таван зуун далан найман мянга ер/ төгрөгийг гаргуулж ***** банк ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,841 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*****аас улсын тэмдэгтийн хураамж 360,841 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** банк ХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.*****ын давж заалдсан гомдлын агуулга:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүухийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00746 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
"*****" ХК-ийн нэхэмжлэлээс үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 2.904.889 төгрөг нэмэгдүүлсэн хүү 36,832 төгрөг нийт 2.941.721 төгрөгииг төлөх боломжгүй байгаа учраас харж үзээд хасаад өгөөч гэж гомдол гаргаж байгаа юм.
Учир нь би гэртээ ганцаараа ажил хийдэг. Эхнэр жирэмсэн, нэг оюутан хүүхэдтэй. ЕБС-д 2 хүүхэд сурдаг. Миний авч байгаа цалин зээл, ойр зуурын юманд зарцуулагддаг.
Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ямар ч боломжгүй байгаа учраас хасч тооцож өгнө үү. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00746 дугаартай шийдвэрийг 37,636,000 төгрөг төлүүлэхээр өөрчлөлт оруулж тусална уу гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ***** банк ХК хариуцагч Г.*****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,578,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан./хх1,2х/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.***** “...Зээл төлөх хугацаа дуусаагүй мөн зээлийн гэрээг цуцлахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг цуцлахгүй гэж байгаа бол үндсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй...Миний нөхцөл байдлыг харгалзан үзээд үндсэн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан./хх25х/
3. Зээлдэгч Г.***** нь ***** банк ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр MN***** тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 38,525,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан, тэрээр дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, зохигчийн тайлбараар тогтоогджээ./хх7-12х/
4. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452.-т нийцсэн байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж, хариуцагчид зээл олгосон тул тэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв.
5.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-д зээлийн хүү жилийн 20,4%, 2.1.4-д нэмэгдүүлсэн хүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар тооцно, 6.5-д зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд энэ гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө.Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна, 6.7-д зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссан, гэрээг цуцласан эсэхээс үл харгалзан гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тус тус тохиролцсон байх тул хариуцагч Г.*****аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 37,636,369 төгрөг, хуримтлагдсан хүү 2,904,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,832 төгрөг, нийт 40,578,090 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***** банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
7.Иймд “…хүү, нэхэмдүүлсэн хүү хасч өгнө үү” гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.*****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Г.*****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61,428 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА