Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Э-д холбогдох эрүүгийн 1920000820101 дугаартай  хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн М суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой,  нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, аав, 6-8 насны 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт А.Э,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч А.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож 2018 оны 3-7 дугаар саруудад урьдчилгаа цалин 2.500.000 төгрөг авсан боловч цалингаас суутгалгүй шууд зардалд бичиж авсан, сарын гарт олгох цалингийн дүнгээр Х, Г, К банкны дансанд гүйлгээ хийж нийт 6.171.000 төгрөгийг цалингийн зардлаас гаргасан, хувийн утасны ярианы төлбөрт 1008.000 төгрөгийг байгууллагын харилцах данснаас шилжүүлэн авч нийт 9.679.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Замын-Үүд суманд ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хооронд 9,679,000 төгрөгний хохирол учруулсан. Замын-Үүд сумын НЭ-т учруулсан хохирлоо төлж барагдуулсан, буруутай зүйл хийсэндээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.Э нь манай байгууллагад 9.679.000 төгрөгийн хохирол учруулснаас 9.410.000 төгрөгийг төрийн сангийн манай байгууллагын үндсэн данс болох ... дугаартай дансанд тушаасан байгаа. Одоо 269.000 төгрөгийг нөхөн төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1-6/385 дугаартай Аудитаар илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэх тухай албан тоот /хх-ийн 3-4/

 Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авч хэрэгт тусгасан нотлох баримтууд /хх-ийн 13-51/

Эмнэлгийн ажилчдын цалин олгосон хүснэгт / хх-ийн 18-25/

Дансны хуулга /хх-ийн 37-40/

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 67-68/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 71/

Шүүгдэгч А.Э-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 72-74/

Шүүгдэгч А.Э-г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/

Шүүгдэгч А.Э-н төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 87/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын НЭ-н тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт А.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож 2018 оны 3-7 дугаар саруудад урьдчилгаа цалин 2.500.000 төгрөг авсан боловч цалингаас суутгалгүй шууд зардалд бичиж авсан, сарын гарт олгох цалингийн дүнгээр Х, Г, К банкны дансанд гүйлгээ хийж нийт 6.171.000 төгрөгийг цалингийн зардлаас гаргасан, хувийн утасны ярианы төлбөрт 1008.000 төгрөгийг байгууллагын харилцах данснаас шилжүүлэн авч нийт 9.679.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Э нь манай байгууллагад 9.679.000 төгрөгийн хохирол учруулснаас 9.410.000 төгрөгийг төрийн сангийн манай байгууллагын үндсэн данс болох ... дугаартай дансанд тушаасан байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авч хэрэгт тусгасан нотлох баримтууд /хх-ийн 13-51/, эмнэлгийн ажилчдын цалин олгосон хүснэгт / хх-ийн 18-25/, дансны хуулга /хх-ийн 37-40/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 67-68/, шүүгдэгч А.Э-н төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 87/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Уг хэрэгт шүүгдэгч А.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын НЭ-т учруулсан хохирол болох 9.679.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх ялыг тохирч, ямар нэгэн албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн  саналтай ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч А.Э-д ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б овогт А.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Э-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.Ц