Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0073

 

 “Ж П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ц.Д нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ж П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а, л, к, 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Ж П Э” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн А/591 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л давж заалдах гомдолдоо: “...Хариуцагчийн маргаан бүхий актыг гаргасан нь илтэд хууль зөрчсөн болохыг маш тодорхой нотлох, ач холбогдол бүхий үйл баримт болон нотлох баримт  бүрэн  дүүрэн  үнэлж  дүгнээгүйгээс  хууль  хэрэглээний  алдаа  гарган үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй гэдгийг холбогдох баримтат мэдээллүүдийг шүүхэд гарган өгч, тэдгээр баримтад тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Түүнчлэн энэхүү зохицуулалтын хүрээнд хариуцагч мөн өөрийн татгалзлын үндэслэлийг холбогдох баримтаар нотлох ёстой байдаг. Тодруулбал хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Хууль тогтоомжийг зөрчин ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулсаар байсан “Ж П Э” ХХК нь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан ч үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж болох тул аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 дүгээр захирамжаар уурхайн олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох хяналтыг тогтмолжуулахаар уурхай дээр техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг тус уурхайд ашиглах, ашиглуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүртгэх, баримтжуулах, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, гүйцэтгүүлсэн юм” гэх тайлбарыг ирүүлсэн. Гэвч хариуцагч нь тус тайлбарыг ирүүлснээс бусдаар “Ж П Э” ХХК нь маргаан бүхий актыг гаргах үед ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн талбайд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг ямар нэгэн байдлаар нотлоогүй болно.

Ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “...ашиг малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж ойлгохоор нарийвчлан зохицуулсан байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс хууль тогтоомж зөрчин дээрх үйл ажиллагааг явуулж байгаагүй гэдгээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 32.3 дахь хэсэгт тус тус заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг өөрсдийн зүгээс гарган өгч, тэдгээр баримтаа тодорхой тайлбарлан баталгаажуулж байсан.

Нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх үйл ажиллагааг Салхит уурхайд байрлах дэд станц, авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон баяжуулах үйлдвэрийг ашиглан явуулалгүй даруй 2 гарангийн хугацаа өнгөрсөн гэдэг нь холбогдох баримтуудаар хөдөлшгүй нотлогдож байхад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл нь хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоох арга хэмжээ авах байсан гэх тайлбарыг шүүхэд гаргасаар байсан. Гэвч дээрх тайлбар нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй тайлбар бөгөөд хариуцагч тус тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримтад тулгуурлан хөдөлшгүй байдлаар нотолж чадаагүй нь хэргийг бодит байдалд тохирсон, үнэн зөв шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх байсан юм.

Гэвч шүүгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэж байгаа эсэх, хэрэгт чухал ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь бодитоор үнэлэн талуудын тайлбар, мэтгэлцээнийг харгалзан тэдгээр тайлбар нь нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэж чадаагүй болно.

Нэхэмжлэгч нь Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцээгүй гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хангалттай тодорхой тайлбарласаар байсан хэдий ч шүүгчийн зүгээс хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлж шийдвэрээ гаргалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн хариуцагчтай холбоотой нотлох баримтуудыг үнэлэн дүгнэсэн бөгөөд  нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтууд нь яг ямар учраас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй талаар огт дурдаагүй нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэрийн энэхүү байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэх зохицуулалттай нийцэхгүй байгаа нь шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны акт гаргах болсон хууль зүйн үндэслэл нь ямар нотлох баримтаар, хэрхэн нотлогдож байгааг тодорхой тусгаагүйгээс харагдаж байна.

Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар 29-ны өдрийн А/591 дугаар захирамж гарсан тухайн цаг үеэс эхлэн нэхэмжлэгч компани 19,997,536,705 төгрөгөөр үнэлэгдэх өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бодитоор эзэмшилдээ байлгах, харж хандах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, ямар ч боломжгүй болсноор үл барам маргаан бүхий уурхайд нэвтрэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байгаа бөгөөд энэхүү байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.1.6.л-д заалтуудыг үндэслэсэн байдаг.

Гэвч эдгээр хуулийн зохицуулалтууд энэхүү тохиолдолд хэрэглэгдэх боломжтой эсэхэд шүүхийн зүгэээс үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй юм. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч компанийн ямар нэг үйл ажиллагаанаас үүдэн Дундговь аймгийн ард иргэдийн эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүгчийн зүгээс энэхүү тодруулгыг хангалттай хийж чадаагүй юм.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” гэх хуулийн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэхүү тохиолдолд Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго биелэгдэх боломжтой буюу эрхийн хамгаалалт үүсгэж, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх бүрэн боломжтой байхад ийнхүү шийдсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “Утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тул илт хууль бус гэж, тодорхойлон маргасан” гэж маргааны үйл баримтыг тодорхойлжээ. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс Дундговь аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийг огт дурдаагүй бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж маргаагүй байхад ийнхүү маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон болох нь харагдаж байна.

Мөн “Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг маргаан үүсгэсэн” гэх тайлбар нь хууль хэрэглээний алдаа бөгөөд захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаардаггүй.  Илт хууль бус захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхээс үл хамааран хүлээн авч хэрэг маргаан үүсгэдэг.

Хэрвээ шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа бол тогтоох хэсэгт зөвхөн хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бусад хуулийн зохицуулалтыг дурдах нь хуульд нийцнэ. Гэвч шүүгчийн зүгээс илт хууль бус захиргааны актыг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг дурдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа мэтээр ойлгогдож байх тул хууль хэрэглээний ойлгомжгүй байдлыг бий болгосон шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэл юм.

Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Дундговь аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын уурхайн эд хөрөнгийг тоолох, бүртгэлжүүлэх, хамгаалалтад авах ажлын хэсэг байгуулах тухай” А/591[1] дүгээр захиргааны актыг гаргажээ.  

Нэхэмжлэгч “Ж П Э” ХХК-иас дээрх захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс уг маргаан бүхий захиргааны акт нь хуульд үндэслэх зарчим буюу эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж гаргасан илт ноцтой алдаанд тооцогдох акт биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэсэн байна.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 47.1.5-д “Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг заасан бөгөөд Дундговь аймгийн Засаг даргаас А/591 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а-д “Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;”, л-д “Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг тус тус үндэслэсэн нь хариуцагч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Мөн дээрх маргаан бүхий захирамжийн нэг дэх заалтаар ажлын хэсэг байгуулах, хоёр дахь заалтаар эд хөрөнгийг бүртгэлжүүлэх, баримтжуулах ажлыг зохион байгуулж танилцуулах, гурав дахь заалтаар эд хөрөнгийг бүртгэлжүүлж, баримтжуулан хамгаалалтад авахыг үүрэг болгосон байх бөгөөд ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардаагүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэхээргүй бөгөөд ингэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.   

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн А/591 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулахаар маргаж байгаа тул уг заалтуудын дагуу захиргааны актыг илт хууль бус эсэх талаар шалган тогтоож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэж байгаа тул холбогдох заалтуудыг баримтлан шийдвэрээ гаргасан нь зөв юм.

Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаар тодорхой, үндэслэл бүхий тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж П Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

 


[1] 1 хавтаст хэргийн 58 хуудас