Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2025/0062

 

 

“Э****” ТӨҮГ-ын гомдолтой,

Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого,

 хяналтын газрын татварын улсын байцаагч нарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      М.Батсуурь

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                          П.Соёл-Эрдэнэ                  

                                          Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1052 дугаар шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0183 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0206 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О****, Г.У****, Х.Т****, хариуцагч С.Т****, Ц.О****, М.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А****, Б.Т*** нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1.“Э****” ТӨҮГ-аасТатварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудасны ****** дугаартай тэмдэглэлийн **, * дэх хэсгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчил гаргасан гэж 8,466,721,138.91 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа 6,308,555,687.83 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нараас “Э*****” ТӨҮГ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 13 төрлийн 233,626,123,106.40 төгрөгийн зөрчилд 22,448,437,910.10 төгрөгийн нөхөн татвар, 6,734,531,372.80 төгрөгийн торгууль, 3,923,852,702.50 төгрөгийн алданги, нийт 33,106,821,985.20 төгрөгийн төлбөр төлүүлэх шийтгэл оногдуулсан.

2.1.Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 360302852 дугаар тэмдэглэлийн 13 дахь хэсгийн л-д “Э*****” ТӨҮГ-ын 2016-2018 онд экспортолсон зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил (2016 онд 28,198,860,909.20, 2017 онд 41,452,626,571.40, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн)-д 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алданги, нийт 8,466,721,138 төгрөгийн төлбөр ногдуулахаар тэмдэглэгдсэн байна.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1052 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э*****” ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын ахлах улсын байцаагч С.Т***, улсын байцаагч Д.Ц****, М.А****, Ц.О**** нарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ****дугаартай шийтгэлийн хуудас, түүний хавсралт ЗШША-2 буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ***** дугаартай тэмдэглэлийн ****, * заалтаар оногдуулсан 8,466,721,138.91 төгрөгийн төлбөрийн хэмжээг 6,308,555,687.83 төгрөгөөр хасаж багасгаж шийдвэрлэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0183 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

5.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0206 дугаар тогтоолоор “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Хариуцагчаас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөөгүй төдийгүй шүүх тайлбараа ойлгомжгүй буюу нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн утга агуулга бүхий дүгнэлт өгсөн. Шүүхээс талуудын маргаж буй асуудал болох зэсийн баяжмал дотор агуулагдаж буй дагалдах бүтээгдэхүүн болох төмөр нь төмрийн баяжмал эсхүл зэсийн баяжмал дотор агуулагдаж буй дагалдах элемент эсэхийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд “...зэсийн баяжмал доторх зэсийн эрдсийн талст тор дотор төмрийн элемент агуулагдаж байгаа болохоос баяжмал дотор баяжмал агуулагдах боломжгүй, зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь төмрийн баяжмал биш юм, зэсийн баяжмалд агуулагдаж буй дагалдах элемент болохыг тогтоосон” байдаг.

6.2.Гомдол гаргагч гомдлын шаардлагадаа зэсийн баяжмалд агуулагдах дагалдах элемент болох төмөр нь дагалдах бүтээгдэхүүн болон төмрийн баяжмал мөн эсэх талаар огт маргаагүй, гагцхүү уг баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо 2 тал тооцооллын зөрүүтэй гэж маргасан байтал шүүх хянахдаа хамааралгүй асуудалд дүгнэлт өгч, улмаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон.  Давж заалдах шатны шүүх 9.1, 9.2 дахь хэсэг нь хариуцагчийн тооцооллыг зөв гэж дүгнэсэн мөн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн утга агуулгатай дүгнэлт хийжээ.

6.3.Энэ нь гомдлын шаардлагатай холбогдолгүй асуудалд дүгнэлт хийсэн байна. Хариуцагч, гомдол гаргагч талын зөрүүтэй байгаа ойлголт нь зэсийн баяжмалд агуулагдах төмөрт АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) ногдуулах тооцооллын асуудал дээр маргаж байгаа гэдгийг дахин дурдъя.

6.4.Маргааны гол асуудал нь зэсийн баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа цэвэр төмрийн жинд тооцох эсвэл нийт баяжмалын жингээс тооцох эсэх дээр гол маргаан яригддаг. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Эрдэнэт үйлдвэрийн хувьд “дагалдах элементийн цэвэр жингээс” тооцдог, татварын алба нь “зэсийн баяжмалын жингээс” тооцдог. Шүүх татварын албаны тооцооллыг 9.1 дэх хэсэгтээ зөв гэж дүгнэсэн.

6.5.Өөрөөр хэлбэл зарлагдаж буй зах зээлийн үнэ нь цэвэр металлын эсвэл баяжмалын үнийн аль үнээр зарлаж байгаагаас хамаарч цэвэр металлын жинг тооцоололд ашиглах уу, эсвэл баяжмалын жинг тооцоололд ашиглах уу гэдэг нь хамаарна.

6.6.Цахим хуудаст тавигдсан үнийн мэдээлэл нь цэвэр металлын үнээр зарлагдсан бол цэвэр металлын тоо хэмжээгээр үржүүлж тооцдог. (жич, гомдол гаргагчийн хувьд зэс, алт, мөнгөнд энэхүү аргачлалаар ногдуулдаг. Учир нь эдгээр ашигт малтмал нь цэвэр металлын үнэ зарладаг. Зэсийн баяжмалд алт, мөнгө, төмөр зэрэг нь дагалдах бүтээгдэхүүн юм. Гэтэл алт, мөнгөнд АМНАТ төлдөг хирнээ 27-30%-ийн агуулгатай төмөрт АМНАТ төлдөггүй байсан.)

6.7.Баяжмалын үнэ буюу төмрийн баяжмал нь “60% агуулгатай төмрийн баяжмал” гэсэн үнэ зарлагддаг тул баяжмалын тоо хэмжээгээр үржүүлж тооцох нь ойлгомжтой асуудал юм.

6.8.Аргачлалын 2.3-т “Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг тооцох” гэж заасныг үндэслэн АМНАТ-ийг ногдуулдаг. Шүүх дүгнэхдээ баяжмалын жингээс тооцох нь зөв (9.1-д) гэж дүгнэсэн, цахим хуудаст зарласан үнээс нэгж агуулгын үнийг олох тооцоолол дээр 2 тал маргадаггүй.

6.9.Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн мөн хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0183 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Гомдол гаргагчаас хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.Энэхүү маргааны хувьд, гомдол гаргагч “Э****” ТӨҮГ-аас 2016-2018 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой татварын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаар шийтгэлийн хуудас (**** дугаартай тэмдэглэлийн **, * дэх хэсэг)-аар оногдуулсан “зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх зөрчил”-тэй маргаагүй, харин “зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн хэмжээг хэрхэн тооцох буюу тооцооллын алдаа” гаргасантай маргажээ.

10.Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагч нараас “зэсийн баяжмалд агуулагдах төмрийн хэмжээг нийт баяжмалын хуурай жингээр” тооцно, харин гомдол гаргагчаас “зэсийн баяжмалын нийт гаргасан хэмжээнд агуулагдах төмрийн хэмжээгээр буюу цэвэр жингээр” тооцох ёстой гэж маргасан буюу “зэсийн баяжмалд агуулагдах төмөр нь бүтээгдэхүүн бус, дагалдах бүтээгдэхүүн болох” талаар талууд маргаангүй.

11.Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал” нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/184 дүгээр тушаалаар хүчингүй болсон боловч татварын улсын байцаагч нар гомдол гаргагч компанийн 2016-2018 оны татвар төлөлт, ногдуулалтад хяналт шалгалтыг 2019 онд явуулж, шийтгэлийн хуудас гаргах үед тус 322 дугаар тушаалаар батлагдсан аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул энэхүү маргаанд дээрх аргачлалын холбогдох заалтуудыг тайлбарлан шийдвэрлэх нь зүйтэй байна.

12.Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалын 2.3-т “Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг дараах томьёогоор тооцно”, 2.5-д “... тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, дагалдах бүтээгдэхүүний тус бүрийн хэмжээг тооцон борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалаар тооцно”, 2.7-д “... дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно” гэж тус тус зохицуулжээ.

13.Хэрэгт авагдсан талуудаас өгсөн татварын тооцоолол болон тайлбаруудаас үзвэл, гомдол гаргагч болон хариуцагчийн төмрийн нэгж хувьд ногдох үнийн тооцоолол ижил боловч хариуцагч татварын улсын байцаагч нь зэсийн баяжмалд агуулагдах төмрийн борлуулалтын үнэлгээг тооцохдоо нийт баяжмалын хуурай жинг үндэслэн тооцоо хийсэн бөгөөд энэ нь дээрх аргачлалын 2.7-д “... дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

14.Учир нь, дээрх аргачлалын 2.3 дахь заалтаар тухайн эрдэс бүтээгдэхүүний нэгж үнэлгээг, тухайлбал “нэг хувийн төмрийн агуулгад ногдох үнэ”-ийг зах зээлийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох математик үндэслэлийг тогтоосон, харин аргачлалын 2.5 болон 2.7 дахь заалтаар тухайн нэгж үнэлгээг юунд (аль жинг харгалзан үзэх) хэрэглэж болохыг, өөрөөр хэлбэл цэвэр жин эсвэл нийт жинг ашиглах арга зүйн хүрээг тодорхойлсон байна.

15.Гэтэл хариуцагчаас зэсийн баяжмалд агуулагдах дагалдах металл болох төмрийн хэмжээг цэвэр агуулгаар бус, нийт баяжмалын жингээр (хуурай жинд шууд хамааруулан хэрэглэсэн нь буруу) үндэслэн борлуулалтын үнэлгээг гаргасан нь гомдол гаргагчийг “60 хувийн агууламжтай төмөр буюу төмрийн баяжмал гэх бүтээгдэхүүн” борлуулсантай адилтган тооцож, тооцооллын алдаа гаргасан байх бөгөөд энэхүү тооцоолол нь дээрх аргачлалын дагалдах бүтээгдэхүүний хэмжээг тусад нь, агууламжид тулгуурлан тооцох зарчимд нийцэхгүй.

16.Харин гомдол гаргагчаас төмөр нь зэсийн баяжмалын бүтээгдэхүүн бус, дагалдах элемент тул түүний борлуулалтын үнэлгээг цэвэр жингээр, тухайн зэсийн баяжмал дахь төмрийн агуулгын хувь дээр тулгуурлан тооцсон нь аргачлалын 2.7-д нийцэж байгаа бөгөөд мөн аргачлалын 2.5-д заасан “тогтоосон агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэнэ” гэсэн заалттай уялдаж байна.

17.Хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан “... төмрийн үнэ нь бирж дээр “60 хувийн агуулгатай баяжмал”-ын хэлбэрээр зарлагддаг тул энэ үнийг шууд зэсийн баяжмалд хамааруулж тооцох боломжтой” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн тохиолдолд, төмөр нь зэсийн баяжмалын үндсэн бүтээгдэхүүн биш, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18.Иймд татварын тооцооны зөрүү нь тухайн тооцооны аргачлалыг зөрүүтэй буруу хэрэглэснээс шалтгаалсан болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1052 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0183 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            Ц.ЦОГТ

                                                                                                            Х.БАТСҮРЭН