Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 015

 

Л.Отгонгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Л.Отгонгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ц.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Отгонгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох

Урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.029.000 /хоёр сая хорин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Хөвсгөл аймгийн Холбооны газарт 2004 оны 4 дүгээр сард касс-оператороор ажилд орсон ба тасралтгүй 12 жил ажилласан. 2007 оноос маркетингийн менежерээр ажиллах болсон. Энэ хугацаанд ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар алдаа дутагдал, зөрчил гаргадаггүй байсан бөгөөд 2014 онд жирэмсний амралтаа авч хүүхдээ асарч байгаад 2015 оны 9 сард ажилдаа орсон. Манай байгууллагын дарга Ц.Уранчимэг нь хоёр хүний үл ойлголцох байдлаар ажилдаа хандаж, ажлын байрны дарамт үзүүлж, 2016 оны 02 сард намайг тэмцээнд багаа удирдаж оролцоогүй гэсэн үндэслэлээр 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулж арга хэмжээ авсан. Гэтэл дараа нь даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар ажлын байранд байдаггүй гэсэн үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсанд гомдолтой байна. ... Би Хөвсгөл аймгийн Холбооны газарт сургууль төгсөөд анх ажилд орж, олон жил ажилласан тул ажилдаа орно. Миний сарын цалин 620.000 төгрөг байдаг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 2.029.000 төгрөг гаргуулж авна. Иймд намайг урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дээрх цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч нь үндэслэлгүйгээр Л.Отгонгэрэлийг ажлаас халсан тушаал гаргасан. Тушаалд заасан сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ажил олгогч зөв хэрэглээгүй. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос зөвлөмжөө аваад ажил олгогчид хандсан ба шүүхэд гомдол гаргах хугацаанд амралтын өдөр таарсан учир хүндэтгэх үзэх шалтгаантай гэж үзэж байна. Мөн 3 хүртэлх насны хүүхэдтэй бол ажлаас халахыг хориглодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газрын дарга ажилтай, Ц.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Л.Отгонгэрэлтэй хамтарч ажиллаж байхад миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, намайг даргын ажлыг авснаас хойш надтай харьцаж ажилладаггүй байсан. Тэгээд би сануулах арга хэмжээ авсан. Дараа нь цалинг 20 хувиар бууруулсан арга хэмжээ авсан. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар тус байгууллагын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Л.Отгонгэрэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Л.Отгонгэрэл нь ... удирдах албан тушаалтантай зүй бусаар харилцах, хэрэлдэж маргах байдал удаа дараа гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан учраас Б78 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр заалтыг барьж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан учир ноцтой зөрчил гэж үзнэ. Ажилтны хүлээх үүрэг, газрын даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь сахилгын зөрчил давтан гаргасан зөрчил бөгөөд хөдөлмөрийн гэрээний заалттай ч тохирч байгаа. Иймд би өөрийн гаргасан тушаалыг зөв гэж үзэж байгаа ба энэ хүнийг ажилд эгүүлэн авах боломжгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Отгонгэрэлийг ажлаас халсан Б/78 дугаартай тушаал үндэслэлтэй. Сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа давтан гаргасан болох нь тогтоогдож байгаа. Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан заалтыг зөрчиж шүүхэд гомдлоо гаргасан ба 1 сарын дотор гомдол гаргах ёстой байтал 2 хоног хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.029.000 /хоёр сая хорин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: ... Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн талаарх гомдлоо аймгийн “Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо”-нд гарган хариуг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аваад ажил олгогчийг ажилд эгүүлэн авах байх гэж хүлээсэн. Гэтэл ажил олгогч ямар нэгэн хариуг өгөхгүй байсан тул 10 дахь хоногтоо шүүхэд гомдлоо гаргасан. Шүүх гомдлыг хүлээн авч хянан хэлэлцээд ... “Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчиж шүүхэд гомдлоо 2 хоногийн хугацаа хэтрүүлэн гаргасан бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь “Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо” болон шүүхэд гомдлоо давхар гаргах шаардлагатай байжээ” гэжээ. Үүнд шүүх алдаатай дүгнэлт хийсэн. Шүүхээс хийсэн дүгнэлтээс харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалт бол ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан, ажилтан шууд шүүхэд хандах хугацааг шийдвэрийн үндэслэл болголоо. Гэтэл нэхэмжлэгч нь мөн хуулийн 126 дугаар зүйл, 127 дугаар зүйлд заасанчлан хөдөлмөрийн маргаан таслан комисст хандсан, комисс нь шийдвэр гаргасан, нөхцөл байдлууд нэгэнт тодорхой байгаа, үүнийг ажил олгогч хүлээн зөвшөөрч байдаг энэ тохиолдолд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Харин шүүхэд шууд гомдол гаргах хугацаа тасалдсан байгааг анхааран авч үзсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.029.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана ” гэж заасан хугацаанд гаргаагүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийг 2016 оны 5 дугаар сарын 25 ны өдрийн Б/78 дугаар тушаалаар маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан  тул  Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “ жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн  шүүхэд гомдол гаргах хугацаа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь шүүхэд ажлаас буруу халсан тухай  гомдлоо 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ба хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй болох нь зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь дээрх гомдлоо Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан учир нэхэмжлэл гаргах хугацаа тасалдана гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн гомдлыг тус салбар хороо шийдвэрлэж буй хугацаа нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан  “... нэг сарын ...” хугацаанд орж тооцогдохгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан  гэж үзэх боломжгүй юм.

Нэгэнт нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй тул түүнийг ажил олгогчийн санаачилгаар мэргэжилтний ажлаас буруу халсан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар  олгогдсон эрхийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.414 /дөчин долоон мянга, дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                       

                                                                     Т.ГАНБАТ