Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 387

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар тогтоолтой Б.П-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1942 оны байдлаар 53 настай, Архангай аймгийн Булган сумын 7 дугаар баг, тайж, ам бүл 5, лам яваагүй, Монгол бичиг мэдэх, ямар ч цэрэгт яваагүй, биеийн хүчээр амьдрах, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Б овогт П нь “Хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагын хэрэгт 1935 онд эсэргүү Г-д элсэгдэж орсон, идэвхтэй гишүүн, хувьсгалын эсэргүү хорт цуурхлуудыг ард олны дунд шууд санаатайгаар зохион тараасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолоор Б.П-ийг Эрүүгийн хуулийн 47, 48 дугаар зүйлүүдэд зааснаар 10 жил хорих ял шийтгэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Б.П-ийг А сайд, Г багш нараар удирдуулсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн хэмээн улс төрийн хэрэгт холбогдуулан Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Б.П-ийг хувьсгалын эсэргүү байгууллагад элсүүлсэн гэх Ж-ийн Г нь эсэргүү хэрэгт баригдан Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ял шийтгүүлснийг Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 125 дугаар магадлалаар эсэргүү хэрэг нь хилс болохыг тогтоож, цагаатгасан байна. Б.П-ийг таслан шийтгэсэн тогтоолд: “А сайд, Г багш нараар удирдуулсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн” хэмээн ялласан байх ба эд нараар удирдуулсан хувьсгалын эсэргүү байгууллага гэгч огт байгаагүй, улс төрийн зохиомол хилс хэрэг болох нь шалгалтаар тогтоогдсон. Эсэргүү байгууллагын удирдагч А.А, П.Г нарын хэргийг ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1956 оны 4н-022693/56 тоот магадлалаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Б.П-ийн мэдүүлэгт: "...Г нь Сайн ноён хааны төрсөн дүү бөгөөд хуучин Хан хөгшин уулын хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн боловч 1937 онд эсэргүү хэрэгт баригдсан, одоо хаана буйг мэдэхгүй гэж мэдүүлсний дагуу шалгахад Г-д холбогдох хэрэг материал, Тагнуулын тусгай архив болон бусад архивуудаас олдоогүй. Б.П-ийг төр засгийн эсрэг цуурхал тараасан гэх нотлох баримт болон төрийн эсрэг хэргийн санаа зорилгыг тогтоогоогүй, энэ хэргийн улмаас учирсан хор хохирлыг тогтоогоогүй. Үе залгамжилсан тайж угсаатай Б.П-ийг хувьсгалын эсэргүү байгууллагад элсэж, төр засгийн эсрэг цуурхал тараасан гэх нотлох баримтгүйгээр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч баримтгүйгээр Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолоор хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолыг хүчингүй болгуулан, Архангай аймгийн Булган сумын харьяат, Б-ын П-ийг хэлмэгдсэнд тооцож, цагаатгах саналтай байна” гэсэн байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай“ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.

            “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.

            Ийнхүү Б.П-д холбогдох хэргийг цагаатгал хариуцсан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Б.П нь “Хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагын хэрэгт 1935 онд эсэргүү Г-д элсэгдэж орсон, идэвхтэй гишүүн, хувьсгалын эсэргүү хорт цуурхлуудыг ард олны дунд шууд санаатайгаар зохион тараасан” гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хуулийн 47, 48 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолд дурдсан дээрх цуурхлыг тараасан гэх үйлдлийн улмаас нийгэмд учирсан ямар нэгэн хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосноос гадна ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр энэхүү гэм хэрэг гарснаас хойш 77 жил өнгөрсөн хэдий ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүйгээр хянан хэлэлцэх боломжтой билээ.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Ардын шүүх таслах газрын 1942 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийн 160 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Б.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-ын П-ийг цагаатгасугай.

 

 

           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

               Б.БАТЦЭРЭН

               Ч.ХОСБАЯР

               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН