Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 211/МА2025/00016

 

211/МА2025/00016

 

                                        

                             

Прокурорын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301/ШШ2025/00314 дугаартай шийдвэртэй

А аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

А аймаг Өндөр-Улаан сум Хануй баг Бугат гэх газар оршин суух, Морьтон овогт Батдэлгэрийн Бэд холбогдох

Хохирол 1.190.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Г.Э эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.М

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч А аймгийн П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн ба уг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч А нь уг гэмт хэргийн улмаас А аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ЭМЖЖ эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Асралт мед эмнэлэгт үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 1.190.400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Б.Бээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1.190.400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав...гэжээ.

 

1.2 Хариуцагч Б.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:...Миний бие А аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.М нь хохирогч Адъяагийн нийгмийн даатгалд төлөх ёстой 1,190,400 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие уг төлбөрийг А бүгдийг төлж барагдуулсан. Барагдуулсан талаар нотлох баримт хэрэгт бүгд авагдсан. Би 1,190,400 илүү мөнгө төлсөн тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 

2.1 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нар анхан шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хохирогч н.Агийн биед учруулсан хохирол болох 1,190,400 төгрөгийг гаргуулах талаар байна. Хариуцагчийн хувьд гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар буюу шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Энэ хохирол нь эргэлзээгүйгээр төлөгдсөн. Эхний удаа 1,797,000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны эхний хэлэлцүүлэгт яригдаад, дараа нь завсарлага авч сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан. Хариуцагч Б.Бээс дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байгаа шалтгаан нь хохирогч н.Адъяа нь Б.Бээс авсан хохирол төлбөрийг эрүүл мэндийн санд нөхөн төлөөгүй үйл баримт байна. Нэг ижил хохирлыг н.А төлж, давхар эрүүл мэндийн даатгалын санд төлнө гэсэн зүйл байхгүй. Уг төлбөр нь н.Агийн биед учруулсан хохирлын төлбөр гэж үзэж байна. Б.Б хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын 81 дүгээр хуудсанд 1,797,000 төгрөг төлсөн гээд Б.Б, н.Адъяа нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. 5 хоногийн завсарлага аваад н.Адъяагийн Хаан банкны 5135703163 тоот дансанд 3,727,380 төгрөг төлсөн байна. Иймд гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлөх үүргээ биелүүлсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирол хор уршгийг тогтоохдоо тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлнэ гэсний гарсан мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул давхардуулж төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301/ШШ2025/00314 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 1,190,400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... Учир нь Б.Бэд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Б нь хохирогч болох А холбогдох бүх хохирлыг төлсөн. Ингэж төлөхдөө хэрэгт авагдсан эрүүл мэндийн үзлэгийн баримтыг үндэслэн төлсөн. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн байгаа. Харин Адъяа нь Бээс авсан хохирол мөнгөө эрүүл мэндийн санд нөхөн төлөөгүй буруутай үйлдэл байхад Бээс дахин мөнгө гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үед хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан баримтаа хэрэгт хавсарган холбогдогчоос бүх хохирлыг гаргуулан авсан байхад одоо Бийг эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301/ШШ2025/00314 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож А аймгийн Прокурорын газрын 1.190.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эын давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа:... Б нь хохирогч болох А холбогдох бүх хохирлыг төлсөн. Харин Адъяа эрүүл мэндийн санд мөнгөө төлөх ёстой. Түүнээс биш Б.Б нь А хохирлыг нь өгчхөөд дахин эрүүл мэндийн санд төлөх нь буруу юм... гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Ц М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Хариуцагч Б.Б тухайн үед хохирогчид  хохирогч эмчилгээний зардал хэдэн төгрөг нэхэмжилж байгааг төлж байгаа болохоос Эрүүл мэндийн санд төлж байгаа мөнгө биш юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар буруутай этгээдээр төлүүлнэ гэж байгаа. Хохирогч эрүүл мэндийн даатгалын санд төлөх биш буруутай итгээд Б.Бээс гаргуулж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч А аймгийн П хариуцагч Б.Бэд холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1.190.400 /нэг сая нэг зуун ерэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нийгмийн даатгалд төлөх ёстой 1,190,400 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирогч А хохиролыг төлж барагдуулсан гэсэн үнэдэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Г.Э “…Тухайн үед хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан баримтаа хэрэгт хавсарган Б.Бээс бүх хохирлыг гаргуулан авсан байхад одоо эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн, хохирогч Л.А учруулсан гэм хорын улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1.190.400 төгрөг зарцуулагдсан болох нь А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 07/57 дугаар лавлагаагаар тогтоогдсон, хариуцагч Б.Б   нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч татгалзах үндэслэл, татгалзалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

 

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолоор хохирогч А шүүхэд ирүүлсэн гэм хорын хохирлын баримтаас хохирогчийн эмчилгээнд хэрэглэсэн эм тариа, үзлэг, шинжилгээний баримт, шатахууны үнэ болон бусад хохиролтой холбоотой нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлж, 2.774.373 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар, уг хохирлоос шүүгдэгчээс хохиролд төлсөн 1.797.000 төгрөгийг хасаж, нотлох баримтын хэмжээнд 977.373 төгрөгийг Б.Бээс гаргуулж, хохирогч Л.А олгохоор шийдвэрлэсэн байх ба А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлэгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 1.190.400 төгрөг  нэхэмжилсэн талаар шийтгэх тогтоолд тусгагдаагүй, хариуцагч Б.Б хохирогч Л.А төлсөн 1.797.000 төгрөгт эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 1.190.400 төгрөг багтаж байгааг нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтыг зөв үнэлж, дүгнэсэн, Иргэний хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч А аймгийн П нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр хариуцагч Б.Бээр улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх байтал  нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн 2 дахь заалтыг зөвтгөж, өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Б.Эын давж заалдах гомдлыг хангаагүй тул хариуцагч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.120  төгрөгөөс 20.151 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, илүү төлсөн 12.969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1.А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301/ШШ2025/00314 дугаартай шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалт “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.Бээс 20.151 /хорин мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.120 /Гучин гурван мянга нэг зуун хорь/ төгрөгөөс 20.151/хорин мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээж, 12.969 /Арван хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                  Ч.ЭНХТӨР