Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2025/00085

 

 

 

  2025       07         03                                           207/МА2025/00085

 

 

Д.*****ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч ***** *****-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00776 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.*****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** *****-т холбогдох,

“Контрактын гэрээ цуцлагдсаны нөхөн төлбөрийн үлдэгдэл 320,507,584 төгрөг, 3 өрөө байрны үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөг, нийт 559,673,784 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.*****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл, Д.Туяа /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*****ын нэхэмжлэл, тайлбарын агуулга “...Д.***** би 1982 оноос эхлэн өнөөг хүртэл ***** *****-т тасралтгүй 41 жил ажиллаж байгаа бөгөөд одоогоор ***** *****-т Үйлдвэрлэл техникийн бодлого төлөвлөлтийн газарт Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11/259 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон контракт (4 жилийн хугацаатай)-ыг тус тус байгуулан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/357 дугаартай тушаалаар ***** ХХК-ийн *****ийн даргаар ажилласан. ***** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилд томилох тухай 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12/2017 тоот тогтоолоор ***** ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогч албан тушаалд томилогдсон. Мөн ***** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилд томилох тухай 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12/2017 тоот тогтоолоор ***** ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогч албан тушаалд томилогдон 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 жил гаруй хугацаанд ажилласан. ***** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12/2017 тоот тогтоолын 2 дахь хэсэгт Д.*****ын контрактыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж байгуулахыг Ерөнхий захирал Х.***** даалгасугай гэж заасны дагуу контракт байгуулаагүй болно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 тоот тэмдэглэлд ...үйлдвэрийн зарим эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулсан контрактыг дүгнэж, дуусгавар болгохыг ***** *****-ын Ерөнхий захирал Х.***** даалгасан. Уг тогтоолын биелэлтийг хангах зорилгоор ***** ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/655 дугаартай тушаалаар контракт дүгнэх ажпын хэсэг байгуулагдан ажилласан боловч нэхэмжлэгчийн контрактыг дүгнээгүй болно. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контрактын гэрээний 5 дахь хэсэгт Гэрээг 4-н жилийн хугацаагаар байгуулна, Компанийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү контрактыг үйлчлэх хугацаанаас нь өмнө цуцлах үед *****ийн даргын буруутай үйлдэл (эс үйлдэхүй) байхгүй тохиолдолд түүнд контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрийг ажилтны жилийн дундаж цалин хөлсөөр тооцож контрактын үйлчлэх хугацаанд олгоно гэж тус тус заасан. Уг заалтын дагуу ***** ***** нь эхний хоёр жилийн нөхөн төлбөрийг олгосон. Ийнхүү нөхөн төлбөр олгохдоо сүүлийн 2 жилийн нөхөн төлбөрийг олгоогүй. Нэхэмжлэгч тодорхой хугацааны дараа нэмж олгох байх гэсэн хүлээлттэй явсаар 2022 оны 12 сарын 21-ний өдөр ***** *****-т хандаж өргөдөл гаргасан боловч өргөдөлд хариу өгөөгүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ***** *****-ын Ерөнхий захирал нь Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүлэх чиглэл өгсөн гэсэн тэмдэглэл хийж өргөдлийг буцааж өгсөн. Энэ чиглэлийн дагуу нэхэмжлэгч контрактын сүүлийн 2 жилийн нөхөн төлбөр шаардан ***** *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гомдол гаргасан. ***** *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж хуралдаанаас тэмдэглэл гарсан. Тус тэмдэглэлийн дүгнэлт хэсгийн 1-д Ажилтан Д.*****ын контрактыг дүгнэж, дуусгавар болгоогүй бол түүнд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд контрактыг дүгнэж, контрактад заасны дагуу шагнал, урамшуулал, дэмжлэг, нөхөн төлбөрийг олгох үндэслэл үүснэ гэж дүгнэн, талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсч, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгов гэж шийдвэрлэсэн. Улмаар Орхон аймгийн *****сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан. *****сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх талаар харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгов гэж шийдвэрлэсэн. Тэмдэглэл /шийдвэр/-ийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гардан авсан. Ийнхүү талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандаж байна. ***** ***** болон Д.***** нарын хооронд байгуулсан Контрактын 5 дахь хэсэгт Компанийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү контрактыг үйлчлэх хугацаанаас нь өмнө цуцлах үед *****ийн даргын буруутай үйлдэл (эс үйлдэхүй) байхгүй тохиолдолд түүнд контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрийг ажилтны жилийн дундаж цалин хөлсөөр тооцож контрактын үйлчлэх хугацаанд олгоно гэж заасны дагуу нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй тул ***** *****-аас нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 320,507,584 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч Д.*****ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулга: “...Д.***** нь ***** ХХК-ийн *****ийн даргаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үеийн Ерөнхий захиралтай контрактын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контрактын гэрээний 4 дэх хэсэгт Компани нь *****ийн даргыг дараах зүйлээр хангана: /1-р х.х-ийн 31 хуудас/ *****ийн даргад болон түүний эхнэр, хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, төлөвлөгөөт болон хэвтүүлэн эмчлэх, эмчилгээ хийлгэх газар болон буцах замын зардал, нэг хүүхдийг нь *****т ажлын байраар хангах, *****ийн даргад компанийн зардлаар албаны машинаар үйлчлэх, *****ийн дарга нь үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд ***** хотын зах зээлийн үнээр (140,000 ам.доллар) 3 өрөө байраар хангуулах, ингэхдээ энэхүү үнийн дүнг 25 хувиар 4-н жилийн хугацаанд төлүүлнэ. Дээрх заалтын 4-т заасны дагуу ***** *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *****дугаар тушаалаар орон сууцны дэмжлэг төлбөр 108,063,450.0 төгрөг олгосон. /1-р х.х-ийн 234 хуудас/ Орон сууцны дэмжлэг 140,000.0 ам.доллараас өнөөдрийн байдлаар 70,000.0 ам.доллар нэхэмжлэгч Д.*****од олгосон бөгөөд үлдэгдэл төлбөр 70,000.0 ам.долларыг ***** ***** нэхэмжлэгчид олгоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж зааснаар Монголбанкны зарласан албан ёсны ханшаар /2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ханш 3.416.66 төгрөг/-өөр тооцоход 239,166,200 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч ***** *****-ын татгалзал, тайлбарын агуулга: “...“*****” *****-аас нийт 320,507,584 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах тухай Д.*****ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь ***** ХХК (хуучин нэрээр)-ийн *****ийн даргаар ажиллаж байх үедээ 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий захиралтай байгуулсан контрактын хүрээнд дээрх нөхөн төлбөрийг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг тодорхойлохдоо 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“*****” *****-аас орон сууцны үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*****ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.***** нь *****ийн даргаар ажиллаж байх үедээ буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ***** ХХК (хуучин нэрээр)-ийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд “*****ийн дарга нь үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд ***** хотын зах зээлийн үнээр (140,000 ам доллар) 3 өрөө байраар хангуулах, ингэхдээ энэхүү үнийн дүнг 25 хувиар 4 жилийн хугацаанд төлүүлнэ гэж заасан. Тус гэрээ нь 4 жилийн хугацаагаар байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Д.*****ын тухайд ***** ХХК (хуучин нэрээр)-ийн Ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *****дугаар тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноор *****ийн даргаар ажиллаж байсан гэрээ нь дуусгавар болсон. Тодруулбал нэхэмжлэгч Д.*****ын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу *****ийн даргаар ажилласан хугацаанд ногдох шагнал урамшуулалд 91,200,000 төгрөг, орон сууцны санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөрт 108,063,450 төгрөг, нийт 199,263,450 төгрөгийг “*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр 28-ны өдрийн *****дугаар тушаалаар түүнд олгож, тус гэрээг бүрэн дүгнэж, дуусгавар болгосон байдаг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан байдаг бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00776 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн  126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*****ын хариуцагч “*****” *****-т холбогдуулан гаргасан 559,673,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,114,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *****шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Тус шийдвэрийн 10 дах хуудасны үндэслэх хэсгийн 13 дах хэсэгт...Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа уг маргаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *****дугаартай тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдож ажиллах болсноор талуудын хооронд 4 жилийн хугацаатай байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контракт ТУЗ-ын шийдвэрээр буюу нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар цуцлагдаж дуусгавар болсон үеэс хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох юм гэх дүгнэлтийг шүүх хийсэн. 14 дэх хэсэгт... заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй буюу 2023 оны 05 дугаар сарын 22-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэх дүгнэлтийг шүүх тус тус хийсэн. 1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ нөхөн төлбөр болон орон сууцны дэмжлэгийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар тодорхойлсон. Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох, түр зогсоох, тасалдах, өнгөрсний улмаас үүсэх үр дагаврын зохицуулсан байдаг. Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэдэг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацааг дууссан үеэс тоолно гэж хуульд заасан. Тэгэхээр нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсвэл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолдог. Энэ үе хүртэл тухайн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахгүй. Ийм учраас хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацаа эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогдоно. Нэхэмжлэгч нь “*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *****дугаартай тушаалын 1-т Контрактын 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015.04.01-ний өдрөөс 2017.05.26-ны өдрийг хүртэл хугацаанд олгогдох шагнал урамшуулал болох 91,200,000.0 төгрөг, орон сууцны санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөр болох 108,063,450 төгрөгийг Д.*****од олгосугай. Уг тушаалын 2-т контрактыг дуусгавар болгохтой холбогдуулан зохих хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж, санхүүгийн тайланд тусгахыг Эдийн засгийн хэлтэс /*****/, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс /Ц.*****/ -т тус тус үүрэг болгосон тушаал гаргасан. “*****” ***** нь эхний хоёр дах жилийн нөхөн төлбөрийг олгож үлдэгдэл 2 жилийн төлбөрийг олгоогүй, Орон сууцны дэмжлэгийн дутуу олгосон үеэс нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсон, эрх нь зорчигдсөн гухай мэдсэн үеэс үүснэ. Нэхэмжлэгч Д.***** нь “*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны одрийн *****дугаартай тушаалын дагуу нөхөн төлбөр, дэмжлэг 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлс дээр нэхэмжлэгчид олгогдсон. /1-р ХХ-ийн 158 хуудас/ Шаардах эрхийг энэ өдрөөс үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна. 1.2 “*****” ХХК-д онц байдал тогтоох тухай Монгол улсын засгийн газрын тогтоолоор 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны дуустал хугацаанд тогтоосон. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2020.11.11-2020.12.14-ны өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдалд, 2020.12.14-2020.12.23-ны өдөр хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдалд, 2020.12.23-2021.01.11-ны өдөр хүртэл Бүх нийтийн хэсэгчилсэн хөл хорио, 2021.02.11-2021.02.23 бүх нийтийн бэлэн байдалд, 2021.04.10- 2021.05.08 бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Контрактын 4, 5 дах заалтын дагуу “*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *****дугаартай тушаалын 1-т Контрактын 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015.04.01-ний өдрөөс 2017.05.26-ны одрийг хүртэл хугацаанд олгогдох шагнал урамшуулал болох 91,200,000.0 төгрөг буюу нь эхний хоёр дах жилийн нөхөн төлбөрийг олгосон. /1-р ХХ-ийн 234 хуудас/ Энэхүү тушаалаар нөхөн төлбөр, дэмжлэгийг олгосон нь нэхэмжлэгч Д.*****од нөхөн төлбөр олгох шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг хариуцагч “*****” ***** хүлээн зөвшөөрч нөхөн төлбөр, дэмжлэг олгосон. Ийнхүү нөхөн төлбөр олгохдоо сүүлийн 2 жилийн нөхөн төлберийг олгоогүйг нэхэмжлэгч Д.***** нь мэдсэн. Нэхэмжлэгч “тодорхой хугацааны дараа нэмж олгох байх” гэсэн хүлээлттэй явсаар 2022 оны 12 сарыи 21-ний өдөр “*****” *****-т хандаж, өргөдөл гаргасан боловч өргөдөлд хариу өгөөгүй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 20-ны одөр “*****” *****-ын Ерөнхий захирал нь “Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүлэх чиглэл өгсөн” -гэсэн тэмдэглэл хийж өргөдлийг буцааж өгсөн. /1-р XX 142-144 хуудсанд авагдсан Д.*****ын өргөдөл, 170 хуудсанд авагдсан “*****” *****-ын Хуулийн хэлтсийн дарга Х.*****ын гэрчийн мэдүүлэг/ Энэ чиглэлийн дагуу нэхэмжлэгч контрактын сүүлийн 2 жилийн нөхөн төлбөр шаардан “*****” *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. “*****” *****-ын хедөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, “*****” *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаас тэмдэглэл гарсан. Тус тэмдэглэлийн дүгнэлт хэсгийн 1-д “Ажилтан Д.*****ын контрактыг дүгнэж, дуусгавар болгоогүй бол түүнд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдроөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд контрактыг дүгнэж, контрактад заасны дагуу шагнал, урамшуулал, дэмжлэг, нөхөн төлбөрийг олгох үндэслэл үүснэ ”-гэж дүгнэн, 2-д Маргалдагч нөгөө талаас ирүүлсэн тайлбарт Д.*****од 199,263,450.0 төгрөг олгож, контрактыг дүгнэж дуусгавар болгосон гэсэн байх боловч 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд контрактыг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэн “талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгов”-гэж шийдвэрлэсэн. /1-р ХХ-ийн 43 хуудас/

Улмаар “Орхон аймгийн *****сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо”-нд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан. *****сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Шаардлага гаргагчийн мөнгөн дүн тодорхойгүй, маргааны эрх зүйн шинж зэрэг байдал хорооны эрх хэмжээнээс давж байх тул талууудыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн саналаар “талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгов” гэж шийдвэрлэсэн. Тэмдэглэл /шийдвэр/-ийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гардан авсан. Ийнхүү талууд харилцан тохиролцоогүй гул шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан. Дээрхээс үзвэл шүүгч хэргийг тал бүрээс бүрэн дүүрэн судлаагүй, эрх зүйн дүгнэлт хангалтгүй хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хариуцагчийн талд хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан нь шүүх шударга ёсонд нийцэхгүй шүүхийн практик ажиллагааны буруу жишиг тогтоох үйл явц болж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00776 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч Д.***** нь хариуцагч ***** *****-т холбогдуулан контрактын гэрээ цуцлагдсаны нөхөн төлбөрийн үлдэгдэл 320,507,584 төгрөг, контрактын гэрээнд заасан 3 өрөө байрны үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөг, нийт 559,673784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./1хх1-5х, 2хх58, 59х/ 

Хариуцагч “...контрактын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь өөр ажилд томилогдсоноор контракт дуусгавар болж цуцлагдсан. Бид нэхэмжлэгч Д.*****ын ажиллаж байсан хугацаанд ногдох хөнгөлөлт, урамшуулал, орон сууцны хөнгөлөлтийг тооцож 199,263,450 төгрөг олгосон. Контракт цуцлагдсан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш контракт цуцлагдсантай холбоотой нөхөн төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...мөн контракт цуцлагдсанаар орон байраар хангагдах баталгаа дуусгавар болсон” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1.Нэхэмжлэгч Д.***** нь ***** ХХК-ийн ерөнхий захиралтай 2015 оны 04 дүгээр сарын 01-нд 11/259 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон контракт байгуулж тус компанийн ерөнхий захирлын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/357 дугаартай тушаалаар *****ийн даргаар ажиллаж байсан, /1 дүгээр хх12,13х, 28-33х/

 

3.2.”*****” ХХК-ийн ТУЗ-ийн 12/2017 дугаартай тогтоолоор ***** ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогчоор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 21/2018 тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ***** ХХК-ийн ерөнхий захирлын Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор томилогдсон./1 дүгээрр хх 38-40х/

 

3.3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаас үйлдвэрийн зарим эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулсан контрактыг дүгнэж, дуусгавар болгохыг ерөнхий захиралд үүрэг болгосноор “*****” *****-ын ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/655 дугаартай контракт дүгнэх ажлын хэсэг байгуулсан тушаал гарсан,/1 дүгээр хх132-135х, 239, 240х/

 

3.4 .“*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн *****дугаартай Контракт дүгнэх тухай тушаалаар Контрактын 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд олгогдох шагнал, урамшуулал болох 91,200,000 төгрөг, орон сууцны санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөр болох 108,063,450 төгрөг, нийт 199,263,450 төгрөгийг Д.*****од олгохоор шийдвэрлэн 2022 оны 01 дүгээр сарын цалин дээр олгосон /1хх160х, 235х/ үйл баримт тогтоогдсон.

 

4.Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактын гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн уг харилцаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 22 дугаар зүйлийн 22.1-д нийцсэн байна.

 

5.“*****” ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12/2017 дугаартай тогтоолын хэрэгжилт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5415 дугаартай захирамжаар түдгэлзэж, мөн компанийн ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *****дугаартай тушаалаар Д.***** нь Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдож ажиллах болсноор талуудын хооронд 4 жилийн хугацаатай байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контракт ТУЗ-ийн шийдвэрээр буюу нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар цуцлагдаж дуусгавар болсон байна.

 

5.1.Нэхэмжлэгч “...надаас шалтгаалахгүйгээр ажил, албан тушаал өөрчлөгдсөн учир контрактын гэрээнд заасны дагуу үлдсэн 2 жилийн хугацааны нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж маргаж байгаа боловч тэрээр 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *****дугаартай тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдож ажиллах болсноор талуудын хооронд 4 жилийн хугацаатай байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контрактын гэрээ дуусгавар болох ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6.“*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн *****дугаартай Контракт дүгнэх тухай тушаалаар Контрактын 4 дүгээр зүйлд заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртлэх хугацаанд олгогдох шагнал, урамшуулал болох 91,200,000 төгрөг, орон сууцны санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөр болох 108,063,450 төгрөг, нийт 199,263,450 төгрөгийг Д.*****од 2022 оны 02 дугаар сард олгосны дараа тэрээр

-2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “*****” *****-ын Ерөнхий захирал Г.*****д,

- 2023 оны 02 дугаар сарын 14-ны “*****” *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ,

- 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн *****сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан байна. “*****” *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан, Орхон аймгийн *****сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 сарын 02-ны хуралдаанаас “талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх талаар харилцан тохиролцоогүй” үндэслэлээр дуусгавар болгосон хурлын тэмдэглэл, шийдвэрүүд гарсан байна./1хх41-47х, 142, 171х/

 

6.1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

6.2.“*****” *****-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн *****дугаартай Контракт дүгнэх тухай тушаалын дагуу ... 199,263,450 төгрөгийг Д.*****од олгосноор тэрээр нөхөн төлбөрийг дутуу олгосон буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх ба энэ өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан. Гэвч Д.***** нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “*****” *****-ын Ерөнхий захирал Г.*****д, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “*****” *****-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн *****сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Тодруулбал: нэхэмжлэгч “хөдөлмөрийн хөлс, нэмэгдлийн нөхөн төлбөрийг олгож өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “*****” *****-ын Ерөнхий захирал Г.*****д гаргах үед Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.

 

7.Мөн талуудын байгуулсан контрактын гэрээний 5-д *****ийн даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө компанийн зөвлөлийн шийдвэрээр дуусгавар болсон тохиолдолд энэхүү гэрээ нь уг шийдвэр гарсан мөчөөс эхлэн хүчингүйд тооцогдоно гэж заасан тул уг контрактын гэрээний 4-т заасан ***** хотод байрлах 3 өрөө байрны /140,000 ам долларын үнэтэй/ төлбөрийг 4 жилийн турш жил бүр 25 хувиар компанийн зүгээс төлөх хангамж авах нэхэмжлэгчийн эрх дуусгавар болсон тул контрактын гэрээнд заасан 3 өрөө байрны үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.*****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,114,281 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                       Л.ХИШИГДЭЛГЭР

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА