Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Э-д холбогдох эрүүгийн 1920000100021 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хил хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,  бие эрүүл Б овогт Н.Э,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын БНХАУ руу гарах чиглэлээр түүхийн дурсгалт зүйл болох Санжид молом гэх 1 ширхэг судрыг ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж, хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ... улсын дугаартай машиндаа бурханы судар нууж хилээр гаргах гэж байгаад гаалийн байцаагчийн шалгалтаар баригдсан. Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Бас гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний машин 2000 оны машин учир нилээн муудсан тул 400.000-500.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тухайн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 42-43/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн сударнуудын зарим нь түүх соёлын дурсалт хамаардаг, зарим нь хамаарахгүй байж болно. ...Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр санал гомдол байхгүй” гэжээ. /хх-ийн 45-46/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын хилийн боомтын гарах тал дээр тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийж байсан. Тухайн үед 14 цаг 50 минутын үед ... улсын дугаартай ... маркийн тээврийн  хэрэгслийг шалгах явцад тээврийн хэрэгслийн бардакны дотор талд мөнгөлөг өнгийн аялалын гудсыг давхарлаж хийсэн байхаар нь шалгаж үзэхэд 23 ширхэг хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон зүйл байсан. Тэгээд тухайн зүйлийг шалгаж үзэхэд баринтагтай судрууд байсан. Тэгээд зөрчлийн материал бичиж прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэжээ. /хх-ийн 47/

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт болон түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд эдгээр дурсгал нь хамрагдахгүй болно. Судар 23 ширхэг. Эдгээр судраас 20-87.4 дугаартай “Сажид молом” судрыг түүх, соёлын дурсгалд хамруулж байна. Үлдсэн судрууд нь олон тоогоор барлагдсан /хэвлэгдсэн/ түгээмэл байдал, зарим судрын хуудас дутуу, хадгалалтын горим алдагдснаас гэмтэл их үүссэн зэрэг шалтгааныг харгалзан тодорхой хугацаанд бүтээгдэж, ашиглагдаж байсан байх талтай ч түүх, соёлын дурсгалд хамаарагдахгүй байх үндэслэлтэй хэмээн үзэж байна.

2. “Сажид молом” судар нь XIX-XX зууны үед монгол судар бүтээж байсан аргаар болгомол хар цаасан дээр 9 эрдэнээр бичсэн, төвд бичгийн гар бичмэл судар болно.

3. Шинжилгээнд хамрагдаж байгаа эдгээр эд өлгийн зүйлийн зах зээлийн үнэлгээг манай байгууллага тогтоохгүй болно.

4. Дээрх ном судруудын ихэнх нь З дээш хураангуй судар багтсан байх бөгөөд лам хуварга хүний өдөр дутмын уншлага, заслын өврийн ном болно. Үүнийг лам хуваргууд олж авахдаа бэлэн барласан судрыг авахаас гадна зарим хэрэгтэй олдохгүй судраа хуулж бичиж авсан байдаг гэжээ. /хх-ийн 32/

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Судар нь болгомол хар цаасан дээр гараар бичсэн “Цанид молом” /Сажид молом/ нэрт судар байна. Судрын материал, бэх, үйлдсэн арга ажиллагааны хувьд 19 дүгээр зууны үед бүтээгдсэн байх тул түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна.

2. 1.800.000 /нэг сая, найман зуун мянга/ төгрөг. Мэргэжлийн зөвлөл Сангийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” 140 дүгээр тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ийг  баримтлан үнэ тогтоосон болно гэжээ. /хх-ийн 69-70/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/

А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-28/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 49/

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58/

Шүүгдэгч Н.Э-г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын БНХАУ руу гарах чиглэлээр түүхийн дурсгалт зүйл болох Санжид молом гэх нэг ширхэг судрыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөндий зайнд нууж, хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний машин 2000 оны машин учир нилээн муудсан тул 400.000-500.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тухайн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн сударнуудын зарим нь түүх соёлын дурсалт хамаардаг, зарим нь хамаарахгүй байж болно. ...Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Хилийн боомтын гарах тал дээр тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийж байсан. Тухайн үед 14 цаг 50 минутын үед ... улсын дугаартай ... маркийн тээврийн  хэрэгслийг шалгах явцад тээврийн хэрэгслийн бардакны дотор талд мөнгөлөг өнгийн аялалын гудсыг давхарлаж хийсэн байхаар нь шалгаж үзэхэд 23 ширхэг хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон зүйл байсан. Тэгээд тухайн зүйлийг шалгаж үзэхэд баринтагтай судрууд байсан. Тэгээд зөрчлийн материал бичиж прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47/, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “1. Судар нь болгомол хар цаасан дээр гараар бичсэн “Цанид молом” /Сажид молом/ нэрт судар байна. Судрын материал, бэх, үйлдсэн арга ажиллагааны хувьд 19 дүгээр зууны үед бүтээгдсэн байх тул түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна. 2. 1.800.000 /нэг сая, найман зуун мянга/ төгрөг. Мэргэжлийн зөвлөл Сангийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” 140 дүгээр тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ийг баримтлан үнэ тогтоосон болно гэх дүгнэлт /хх-ийн 69-70/ эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 49/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн хөндий зайг нуувч болгон ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн бүрдүүлэлтэнд бичилгүйгээр үйлдэж, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Н.Э-г түүх соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан Сажид молом гэх судрыг 1.800.00 төгрөгөөр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 1.800.000 төгрөгийн үнэлгээтэй, Сажид молом гэх судар нь түүх соёлын дурсгалт зүйлд хамаарч байгаа тул улсын орлого болгож, Монгол улсын Соёлын өвийн санд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай,... маркийн тээврийн  хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч М.М-н өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь түүний мэдүүлгээр  нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Э-с гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хариуцлага оногдуулахад энэ хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч нь ажил төрөл эрхэлж, тогтмол орлоготой, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б овогт Н.Э-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүхийн дурсгалт  зүйлд хамаарах 1 ширхэг Сажид молом гэх судрыг  хурааж, улсын орлого болгон Монгол Улсын Соёлын өвийн санд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Э-н гэмт хэрэг үйлдлэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.М-т олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Э-с гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д  зааснаар 500.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ               Д.Ц