Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 211/МА2025/00018

 

211/МА2025/00018

 

                                        

                             

Ц.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 301/ШШ2025/00321 дугаартай шийдвэртэй

Т овгийн Цын Угийн нэхэмжлэлтэй

Б овгийн Дын Дид холбогдох

31.000.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагч Д.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О /цахимаар/

Хариуцагч Д.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Нарийн бичгийн дарга Г.Гүн-эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Ц.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Би 2021 оны 9 сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд самар заруулахаар 1 килограммыг нь 18000 төгрөгөөр тооцож, 2 тн 640 кг самрыг В.Бөд нийлүүлсэн. Нийлүүлсэн самар зарагдсаны дараа мөнгөө авахаар В.Бөөс шаардахад чиний самрын мөнгө 40,000,000 төгрөгийг Д.Дид шилжүүлсэн. Д.Доос мөнгө авсны дараа чиний 40,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би 40,000,000 төгрөг Д.Дид шилжүүлэх зөвшөөрлийг В.Бөд өгөөгүй. Би В.Бөд самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Дид хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.Уд өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Бийн хэлсний дагуу Д.Д 2,000,000 төгрөг, Р.Б 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг надад өгсөн. Одоо би хариуцагч Д.Доос В.Бийн авах 31,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ

1.2 Хариуцагч Д.Д анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...2021 оны 10 дугаар сард У хотод оршин суудаг В.Б, Г.М 2 над руу утасдаж С аймгийн Мандал сум буюу Зд бид нар самар авахаар болсон, та хүрч ирж бид нартай хамт самар авалцаач, бид нар мөнгө гаргаж байгаа, та ч бас тодорхой хэмжээний мөнгөтэй ирээрэй гэсэн санал тавьсан. Би ганцаараа очиж чадахгүй, Р.Бын хамт очно гэдгээ хэлэхэд зөвшөөрч биднийг хүрээд ир гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 05-нд очиход В.Б, Г.М нар Згийн харьяат Ж.М, н.М хоёрыг танилцуулж энэ 2 хүн нутгийн иргэд учир самранд явах найдвартай хүмүүстэй гэрээ хийнэ, та 2 ирсэн самрын чанарыг шалгаж У хот руу ачуулна гэсэн бөгөөд тус бүр өөрсдийн ажлыг зөвшөөрсөн. 2021 оны 10 дугаар сарын 10-нд В.Бөөс миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б, Г.М хоёрын хэлсний дагуу н.М, Р.Б нарын зөвшөөрлөөр Уын Хны данс руу 12,000,000 төгрөг, Бийн Хны данс руу 10,000,000 төгрөг, Эын Хны данс руу 9,000,000 төгрөг, Бгийн Хны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ

2.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...В.Б Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар самар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. В.Б самар худалдан авах зорилгоор Д.Дид 40,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Д.Д самар нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Самраа нийлүүлээгүй, мөнгийг буцааж өгөөгүй. Ийм учраас В.Б худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээгээ цуцалж, 40,000,000 төгрөгийг шаардаж байгаа юм. Энэ шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн. Ц.У, В.Б нарын хооронд самрын тооцоо байсан. Уг тооцоог харилцан дуусгавар болгоод Д.Доос авах 40,000,000 төгрөгөө шаардах эрхийг нь Ц.Уд шилжүүлсэн. Шаардах эрхийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.8 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Ц.У өөрөө нэхэмжлэл гаргаж явж байсан, нэхэмжлэл гаргаснаас хойш шаардах эрх шилжүүлсэн гэдэг зүйлийг яриад тайлбарлаад байдаг. Иймд энэ талаар тайлбар хэлэхэд шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчид заавал мэдэгдэхгүйгээр, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр шилжүүлэх боломжтой. Зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэн байвал зохино гэдэг шаардлага Иргэний хуулийн 123 дугаар дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан. Үүний дагуу шаардах эрхээ шилжүүлж байгаа талаараа В.Б Д.Дид мэдэгдээд, Д.Д үүнийг хүлээж авсны үндсэн дээр самрын 40,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр Ц.Угийн данс руу шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр шаардах эрхээ В.Б Ц.Уд шилжүүлсэн бөгөөд Д.Д үүнийг хүлээн зөвшөөрч Ц.Уд төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан үйл баримт байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш яагаад баримт үйлдсэн бэ гэхээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хангуулж сүүлд шүүхэд гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар В.Б, Д.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болох нь нотлогдсон. Үүний дагуу В.Б 40,000,000 төгрөгөө шилжүүлчихсэн. Энэ нь баримтаар тогтоогдсон. Шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн. Энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас Ц.У В.Бийн Д.Дид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг шаардах эрхийг нь хуульд заасны дагуу шилжүүлж авч, шаардаж,  шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд дэмжиж оролцож байгаа. Хавтаст хэргээс анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судалсан.  Уг баримтыг ямар зорилгоор судлуулсан бэ гэхээр хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, энэ мөнгийг В.Бөд өгөх гэтэл В.Б Ц.Уд өг гэсэн тул энэ мөнгийг Ц.Уд байсан гэдэг тайлбар хэлдэг. Энэ тайлбараас бодит байдал харагдаж байна. Энэ мөнгийг н.Ж шилжүүлсэн. Мөнгөө өгөөгүй учраас энэ мөнгийг буцааж В.Бөд өгөх гээд байсан гэдэг үйл баримтууд байсан болох нь харагдаж байна. Дараагийн дугаарт хариуцагч өнөөдрийн шүүхэд гаргаж байгаа эцсийн тайлбартаа би энэ мөнгийг буцаагаад өгчихсөн гэж хэлдэг. Үүнээс үзэхэд энэ мөнгийг буцааж өгөх ёстой байсан болохоо ухамсарласан, буцааж өгөх байсан гэдэг үйл баримт харагдаж байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар хөдөлшгүйгээр нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр самар худалдах, худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлсэн гэдгийг хариуцагч Д.Д үгүйсгэдэггүй. Энэ үйл баримт бүрэн тогтоогдож байгаа. Дараагийн асуудал нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу В.Б, Д.Д нарын хооронд самар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчихсэн. Тухайлбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу самар худалдах, худалдан авах зорилгоор 43,000,000 төгрөг шилжүүлэх, Д.Д самар нийлүүлэх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй.  Өөр харилцаа үүссэн харилцааг хольж хутгах гэж бас янз бүрээр үзэж байна. Тиймээс шүүх нотлох баримтыг үнэлэхдээ талуудын шүүх хуралдаанд оролцож байгаа байр суурь, дотоод эрх ашгийн хүрээнд дүгнэх байх гэж би ойлгож байна. Тийм учраас гэрч Р.Б, гэрч В.Б, гэрч Г.М нарын мэдүүлгээр 40,000,000 төгрөгт самар нийлүүлэгдээгүй, мөнгийг нь буцааж өгөөгүй, өгөх ёстой байсан гэдэг процесс хэвээр байсан болох нь илэрхийлэгдэж байна. Анхан шатны шүүхийн өмнөх шийдвэр гарах үеийн болон өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах үеийн нөхцөл байдал, хэргийн талаарх баримтууд ижил байна. Тиймээс энэ хүрээнд Ц.Угийн мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаар В.Б Д.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 39, 41, 42 дугаар зүйлд заасан аман харилцаа үүссэн. Үүнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэж шүүх дүгнээд, уг гэрээний дагуу шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн байна. Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм. Мөн В.Б гэдэг хүн Д.Доос самар авах гээд мөнгө шилжүүлсэн. Гэтэл Д.Д цаанаасаа ямар хүмүүсээр самраа гүйцэтгүүлээд, дундаас нь ямар ашгаа харах нь хувь хүмүүсийн  асуудал юм. Бусад этгээд рүү мөнгөө шилжүүлчхээд, тэдгээр этгээдүүд рүүгээ чиглэж нэхэмжлэл гаргаад, шүүхийн шийдвэр гаргуулаад, мөнгөнийхөө зарим хэсгийг авчихсан байгаа. 9,000,000 төгрөгөөсөө илүү мөнгө авчихсан. Үүнийг Р.Б илэрхийлж байгаа. Д.Д гуай үүнийг үгүйсгэхгүй байна. Тэгэхээр Ц.Угийн 40,000,000 төгрөгийг В.Б нь олоод аваарай гэдэг. Дараагийн нэг үйл баримтыг нь шүүх дүгнэхэд дараах зүйлс харагдаж байна. В.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцож байгааг харгалзан үзэх хэрэгтэй.  40,000,000 төгрөг өгчхөөд, нэхэмжлэх эрхийг нь шилжүүлчхээд, үүний дараа дахиад, энэ 40,000,000 төгрөгийг чинь өгчихсөн гээд хариуцагч баримт гаргаад ирэнгүүт энэ 30,000,000 төгрөг бол тусдаа асуудал гэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 07-нд 30,000,000 төгрөг орж ирээд тохирсон зүйлс нь бүтэхээ болингуут нь би 2024 оны 11 дүгээр сарын 14-нд 29,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнтэй холбоотой асуудал байвал жичдээ нэхэмжлэл гаргаад явах эрх нь нээлттэй юм. В.Б рүүгээ чиглэсэн нэхэмжлэлээ жичдээ гаргаад явах эрх нь нээлттэй. Тусдаа харилцаа юм. Тиймээс шүүх энэ агуулгаар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ

2.3 Хариуцагч Д.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...В.Бөөс 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тодорхой нэр бүхий хүмүүст өгөх ёстой гээд хамтарч ажиллах гэж байгаа учраас энэ мөнгөнүүдээ хуваарилаад шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд Р.Б, бид 2 мөнгөө өгсөн ч үлдсэн хүмүүс маань мөнгөө гаргаагүй. Тэгээд та нар мөнгөө гарга гэсэн чинь та гэрээгээ хийчих, би мөнгөө хийчихье гэсэн. Тэгээд Р.Б руу мөнгөө шилжүүлэх байсан ч Р.Б хөдөө явсан учраас миний дансаар орж ирэхээр нь шилжүүлсэн. Үүнийг хамааралгүй гэж Ц.У болон өмгөөлөгч нарт нь тайлбарлаад байгаа юм. В.Бийн мөнгийг би шилжүүлсэн гээд явцын дундах юмаа хүртэл тайлбарлаж хэлж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа жил нь Ц.У би өвдчихсөн, мөнгө хэрэгтэй байна,  В.Б мөнгө өгөхгүй байна гээд уйлаад гуйхаар нь Р.Б бид хоёр өрөвдөөд В.Б рүү шилжүүлэх ёстой байсан 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн... гэжээ.

 

2.4 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ц.У гэдэг хүн чинь нэхэмжлэлийн шаардлагаа В.Бөөс шилжүүлж аваад мөнгө нэхээд байгаа. Тэгэхээр В.Б, Д.Д нар ямар харилцаатай болохыг, Д.Д, Ц.У нар ямар харьцаатай болохыг харгалзан үзэх ёстой. Ц.У Д.Д 2 бие биеэ танихгүй. Ц.Угээс Д.Д мөнгө аваагүй. Самар бэлтгэн нийлүүлэх, самар худалдах зарах эрх үүрэг үүсээгүй. Харин Д.Д В.Б, Г.М, н.М, н.М, Р.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Шаардах эрх шилжсэнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр В.Бөөс Д.Дийн данс руу шилжиж орсон 40,000,000 төгрөгийг Д.Доос шаардах эрхтэй болохоос биш, өөр мөнгө шаардах эрх байхгүй. Д.Д болон В.Б нарын хооронд 40,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжсэн байгааг үгүйсгэхгүй. Энэ самар худалдаж авч өгөөрэй гээд шилжүүлсэн мөнгө биш. Энэ бол нэр бүхий хүмүүст тарааж өгөөрэй гэж хэлж байсан мөнгө юм. Р.Б руу шилжүүлэх гээд байхгүй болохоор нь Д.Дийн данс руу шилжүүлчихсэн мөнгө. Одоо Д.Дид тус шилжүүлсэн мөнгө байхгүй. Тэр мөнгө Д.Дид байвал та нар нэхэж болно. Д.Дид самар бэлтгэн нийлүүлэх мөнгө байсан. Энэ мөнгөнөөсөө холбогдох хүмүүс рүү шилжүүлсэн. Олон тооцооноос мэдэхгүй зүйлс их гарч ирсэн. Эхний удаа шүүхэд хүсэлт тавьж байсан. Энэ гэрээг чинь н.М хийсэн, би н.Мийн мөнгө шилжүүл гэсэн хүмүүс рүү мөнгө шилжүүлчихсэн. Тэдгээр хүмүүсийн данс руу мөнгө орсон эсэхийг шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. В.Б рүү буцааж мөнгөө шилжүүлснээ хараагүй байсан. Өөрөөр хэлбэл 40,000,000 ба түүнээс их хэмжээний мөнгийг олон хүмүүс рүү шилжүүлсэн. Тийм учраас энэ мөнгийг нарийвчлан тооцох хэрэгтэй байна гэж байсан. Тэгээд  Америк явчхаад эргэж ирээд тооцоогоо шалгая гэдэг зүйл гарч ирсэн. Улмаар В.Бөд та нарын хооронд бэлэн мөнгөө өгч, авсан зүйл байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Би гэхдээ дансны хуулгаа шалгаж үзье гэсэн. Дансны хуулгаа шалгаад үзэхэд В.Бөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр самар бэлтгэн нийлүүлээрэй гээд 40,000,000 төгрөг орж ирсэн нь үнэн. Гэтэл Д.Д В.Б рүү буцаагаад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр В.Бийн 0000 тоот данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. н.Бөөс шилжиж орж ирсэн 40,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлчихсэн. Энэ нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас харагдаж байна. В.Б болон хамтарч ажиллаж байгаа Д.Д нарын хооронд 1,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн. Хэрвээ  В.Бөд  Д.Д мөнгө төлөх ёстой гэвэл 1,000,000 төгрөг төлнө. В.Б гэдэг хүн ганцаараа самар бэлдээд, Д.Д гэдэг хүн хүмүүсээс самар худалдаж аваад н. Бөд өгсөн зүйл байхгүй. Тийм учраас хариуцагч В.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өнөөдрийн байдлаар цугларсан нотлох баримтын хэмжээнд аваад үзэхэд Д.Д нь Ц.У буюу В.Бөд 1,000,000 төгрөг төлөх боломжтой. Д.Д баян цатгалан этгээд биш. Өөрөөр хэлбэл дуртай үедээ 30,000,000 төгрөг гаргаж өгөөд дургүйгээ хүрэхээр 1,000,000 төгрөг гаргаж өгөөд байгаа зүйл байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд мөнгөө төлчихсөн байна. Энэ талаас нь 1,000,000 төгрөгийг Ц.Уд гаргаж өгөхөөр шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн бусад шаардлага болох 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэжээ.

    А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 301/ШШ2025/00321 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Доос 31,000,000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Доос 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгож, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй,  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцохыг дурдаж, Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласан байна.

 

Хариуцагч Д.Д давж заалдах гомдолдоо: ...1. Хариуцагч Д.Д би В.Бтэй самар худалдах гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байхад, анхан шатны шүүхээс гэрээгээр хүлээсэн самар нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Д.Д, В.Б бид нарын хооронд самар худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний зүйл буюу ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн байна. Энэ талаар хавтаст хэрэгт маш тодорхой нотлох баримт авагдсан төдийгүй гэрч нар болон хэргийн оролцогчид тодорхой тайлбарласан байгаа. 2. Хариуцагч Д.Д би В.Бөөс 2021 оны 10 дугаар сарын 10 өдөр миний данс руу 40 000 000 төгрөг шилжиж орж ирсэн тал дээр маргахгүй. Харин В.Бийн шилжүүлсэн гэх 40 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг нь 2021 оны 11 дүгээр сарын 07 өдөр түүний Хны 0000 тоот данс руу буцааж шилжүүлсэн юм. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх энэ нотлох баримтыг үнэлэхгүйгээр надаас 31 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгохоор шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Мөн В.Бийн хэлсний дагуу түүний шилжүүлсэн гэх 40 сая төгрөгийн үлдэгдэл болох мөнгөнөөс Р.Б 2023 оны 02- дугаар сарын 18 өдөр 3.000.000 / гурван сая /, 2023-02-20 өдөр 4.000.000 / дөрвөн сая / төгрөг, би 2023 оны 02- 12 өдөр 2.000.000 / хоёр сая / төгрөг нийт 9.000.000 / есөн сая / төгрөгийг нэхэмжлэгч В.Угийн данс руу шилжүүлсэн. Одоо В.Б бид 2-н хооронд 2021 оны 10 дугаар сарын 10 өдөр миний данс руу шилжүүлсэн гэх 40 000 000 төгрөгөөс үлдэгдэл 1.000.000 /нэг сая/   төгрөгний л асуудал байгаа. Би энэ 1 000 000 /нэг сая/ төгрөгийг В.Бөд төлөх ёстой. Би нэхэмжлэгч Ц.У гэх хүнийг танихгүй, би түүнээс самар бэлтгэн нийлүүлэх буюу, самар худалдан авах гэж нэг ч төгрөг аваагүй болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талын гаргаад байгаа гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг бүрэн уншиж ойлгосон юм уу гэмээр гомдол гаргаад байгаа. Талуудын хооронд үүсэн харилцааг тодорхойлоогүй гээд байх юм. Шүүгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд байгаа. Энэ эрх нь Д.Д, н.Б нарын хооронд үүссэн юм байна. н.Б нь шаардах эрхээ н.Уд шилжүүлсэн юм байна гээд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энийгээ сайн уншиж ойлгосон юм уу. Хариуцагч талын тайлбар 3 янзын тайлбар гаргаад байгаа. Сүүлдээ бүр өөр тайлбар гаргаж байна. Энэ 3 тайлбар нь хоорондоо зөрүүтэй, нэг тайлбараа үгүйсгэсэн ийм 3 тайлбар гаргаж байгаа. Энэ нь ойлгомжгүй, яг юу гэж татгалзаад байгаа нь ойлгомжгүй. Энэ 3 татгалзлын бодит үнэн нь нэг л байх ёстой биз дээ. Эхний шүүхэд гаргасан тайлбарт би энэ 40.000.000 төгрөгийг чинь 4 хүнд тараагаад өгсөн. Тийм учраас төлөхгүй гэсэн тайлбар гаргасан. Гэтэл энэ тайлбар үндэслэлгүй, яагаад гэвэл тэр 4 хүнээс буцаагаад шүүхээр нэхэмжлэл гаргаад заримтай нь эвлэрээд, заримаас самраа авчихсан. Энэ үйл баримт нь н.Бын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа. Энэ 4 хүнд тараасан мөнгөө буцаагаад авсан, 2-оос нь самраа авчихсан. Ийм байж энэ хүн мөнгийг нь өгөхгүй гээд татгалзаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Эдгээр хүнээс мөнгөө авчхаад н.Бөд мөнгөө өгөөгүй. Энэ мөнгийг өөртөө авч үлдэх гээд байгаа юм уу ойлгомжгүй. Бидний дунд хамтран ажиллах гэрээ үүссэн байхад шүүх хуралдах худалдан авах гэрээ гэж буруу дүгнээд байна гэж байнга ярина. Гэхдээ нотолж чаддаггүй, хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогддоггүй. Хамтран ажиллах гэрээг бид байгуулсан яриад байдаг боловч тодорхой тайлбарладаггүй. Тэр 40.000.000 төгрөгийн хэдэн төгрөг нь алдагдал хүлээсэн юм. Нэг 6-уулаа хамтарсан гээд, нэг бол 4-үүлээ хамтарсан гэж яриад байдаг. 4-үүлээ юм уу, 6-уулаа хамтарсан юм бол 40.000.000 төгрөгийн хэд нь алдагдал байсан юм. 40.000.000 төгрөг бүгд алдагдал байсан юм уу. Тэгвэл тэр бусад хүнээс олоод авсан мөнгөө юу гэж үзээд байгаа юм. 40.000.000 төгрөг бүгд алдагдал байсан юм бол 6 хүндээ хуваахаар н.Бөд хэд ногдоод байгаа юм. Тэрийгээ өгөхгүй гээд татгалзаад байгаа юм уу, яах гээд байгаа юм. Энэ нь бас ойлгомжгүй, ойлгомжгүй тайлбараа нотолдоггүй. Шүүх маш зөв дүгнэлт хийсэн. Хамтран ажиллах гэрээ гэж байгаа боловч энэ нь тогтоогдохгүй байна. 2 жил ярьж байгаа боловч нотолдоггүй, алдагдал хүлээсэн юм бол н.Бөд хэдийг нь оногдуулах гээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа. Сүүлдээ болохоо байгаад ирсэн, төлсөн гэдэг юм гараад ирсэн. Сүүлийн шүүх хурлын өмнө 30.000.000 төгрөг төлсөн гэсэн баримт гаргаж ирсэн. Бид энэ баримттай танилцаад, энэ мөнгийг 6 хоногийн дараа буцаагаад шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Шүүх энэ баримтыг үнэлээд шийдвэр гаргасан, шийдвэр үндэслэлтэй гарсан. Энэ хүн буцаагаад авсан мөнгөө тайлбарлаж, үгүйсгэж чаддаггүй, баримтаар нотолж чаддаггүй. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байгаа юм. Хамгийн сүүлд 30.000.000 төгрөг төлсөн гээд баримт дээр давж заалдах шатны шүүх онцгүй анхаараасай гэж хүсэж байна. 30.000.000 төгрөг төлсөн гээд тайлбар гаргаад байгаа нь энэ 40.000.000 төгрөгийг төлөх ёстой юм гэдэг үйлдэл нь харагдаад байгаа. Тэгэхээр бид нар төлөх ёстой 1.000.000 төгрөг үлдсэн, энийг л төлөх ёстой гэдэг тайлбар нь ямар ч хамтран ажиллах гэрээ байгаагүй, алдагдал байгаагүй, төлөх ёстой юм гэдэг зөвшөөрсөн үйл баримт харагдаж байгаа. 3 удаагийн гүйлгээгээр н.Угийн дансанд 9.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүгээр төлөх ёстой гэсэн хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байгаа. Хэрвээ энэ мөнгийг төлөх ёсгүй байсан юм бол, төлсөн байсан юм бол яагаад энэ 9.000.000 төгрөгийг төлөөд байгаа юм. Анхнаасаа тийм тайлбараа гаргахгүй яасан юм бэ. Анхнаасаа энэ 30.000.000 төгрөгийн баримтаа гаргаж өгөөгүй юм бэ. Тэгэхээр сүүлдээ арга ядсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, өөртөө ашигтай шийдвэр гаргуулах гэсэн зүйл харагдаж байгаа. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тийм учраас шүүх энэ үйл баримтуудад онцгой анхаарч, дүгнэлт хийж өгнө үү гэсэн хүсэлт байна. Шаардах эрх үүсээгүй байхад н.У шаардаад ороод ирсэн гэж хариуцагчийн өмгөөлөгч байнга ярьдаг. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг анх хэлцэл хийснээр үүснэ. Анхны хэлцэл бичгээр хийсэн хэлцэл байхгүй. Дандаа амаар тохироод явсан, худалдах, худалдан гэрээ амаар тохироод явсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар шаардах эрхээ үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй шилжүүлж болно гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр заавал н.Бөөс шаардах эрхээ шилжүүлэхгүйгээр н.У шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Энэ талаар Д.Дид мэдэгдсэн, н.Уд төлөөрэй гэсэн. Энийг Д.Д хүлээж аваад, зөвшөөрөөд н.Уд 3 удаагийн үйлдлээр 9.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь тогтоогдсон. Энэ үед шаардах эрх аль эрт шилжсэн байсан. Үүний дагуу 9.000.000 төгрөг хүлээж авсныхаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бичгийг сүүлд нөхөж хийсэн, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нийцэж байгаа. Сүүлд нөхөж, хэлбэрийн шаардлага хангуулж хийж болно. Хариуцагчийн гаргаад байгаа гомдол, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: ...Болоод өнгөрсөн үйл явдлыг янз бүрээр тайлбарладаг хариуцагч нар, одоо ч гэсэн шүүх дээр тодорхой харагдаж байгаа байх. Эхлээд хамтын ажиллагаа байсан. 6-уулаа нийлээд хамтран ажиллах болсон гэж тайлбарладаг. Мөнгө нь н.М, н.Б нарт байж, яагаад эдгээр иргэдийн буюу Д.Дийн данс руу, шилжүүлэх шаардлага гарсан юм бэ. Д.Д гуайн хэлээд байгаа шиг цаана нь бидний танихгүй, н.Бийн огт танихгүй 4-5 хүн, үнэхээр н.Б, н.М нар мэдэж байсан бол чи энэ хүмүүс рүүгээ төлбөр тооцоогоо хий, надад хамаа байхгүй, би мөнгө төгрөгөнд оролцоо байхгүй гэдгээ илэрхийлэх боломж нээлттэй байсан. Эхлээд тийм байдлаар тайлбар гаргаад баахан явж байснаа, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа, бид нар төлсөн байсан байна ш дээ гээд 3 жилийн дараа мэдлээ гээд гараад ирдэг. Гэтэл 2021.10.11-ний өдрийн н.Б, Д.Д гуайд 40.000.000 төгрөг шилжүүлээд, н.Бөд 30.000.000 төгрөг буцааж шилжүүлснийг, эргээд 19-ний өдөр Д.Дид гээд 29.000.000 төгрөгийг буцаасан байдаг. Энэ бол өөр үүссэн харилцаа, гэтэл өөр үүссэн харилцааг энэ харилцаа руу хамааруулаад 30.000.000 төгрөг төлсөн мэтээр тайлбарладаг 2 тайлбартай болчхоод байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 25.2-оор үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүрэг хүлээж байгаа. Хариуцагчийн тайлбар 3 өөр санаа, агуулга илэрхийлээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, нөгөө талаас мөнгөн төлбөрийн үүрэг хүлээхгүй байх бүхий л арга замыг хайгаад явж байгаагийн илрэл байгаа. Нөгөө талдаа шүүхээ буруутгаад байгаа. Шүүхийг буруутгахаас өмнө өөрсдийн харилцаагаа ойлгох хэрэгтэй. н.Б хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байгаа, Д.Доос 40.000.000 төгрөгт самар авна. Д.Д нь ямар арга замаар самар  бөөгнүүлж өгөх нь хамаагүй. 40.000.000 төгрөгөөс хэд төгрөг илүү гаргаад авна хамаагүй, ийм  харилцаа байж байгаа. Тэгэхээр н.Б, Д.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа, хариуцагчийн яриад байгаа асуудал дээр шүүх 8, 9, 10 дугаар хуудсанд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээд няцаасан байгаа. Дараагийн асуудал шаардах эрхээ авахаасаа өмнө нэхэмжлэлээ гаргасан байсан гэж тайлбарласан байгаа. Энэ нь Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-д заасан нөхцөл анх хэрэг үүсэхэд байсан байж болохоор байгаа. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын зөрчил арилчхаж байгаа. Нөгөө талаас эд нар н.Быг асуулгана гээд бараг 3 удаа асуулгасан байгаа. Нэг удаа мэдүүлэг аваад, 2 удаа шүүх хуралдаанд дууддаг. н.Б гэдэг хүн зөвхөн нэг этгээдээс Д.Д бид 2 шүүхийн шийдвэр гаргуулаад 13.000.000 төгрөг аваад, цаана нь хэн гэдгийг бид мэдэхгүй. Нэхэмжлэгч н.У өгсөн 9.000.000 төгрөг өгсөн гэдэг агуулга. Ер нь шүүх бүрэлдэхүүн харах юм бол 9.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа, 3, 3, 2 гээд энэ цаг хугацаанаас эхлээд н.Бийн шаардах эрх бодит байдлаар н.Уд шилжсэн байсан гэдгийг талууд ойлгохгүй байсан. Үндсэндээ н.Бийн шилжүүлсэн 40.000.000 төгрөгөө бусад этгээд тараасан юм уу яасан юм. Тэрийгээ буцааж олж авчхаад эргээд н.Бөд мөнгөө өгөхгүй гээд байгаа. Эцсийн даалгавар юу гэж хэлэх гэж байна гэхээр н.У гэдэг хүн 40.000.000 төгрөгөөрөө хохирсон иргэн байгаа. Энэ нөхцөл байдлыг анхаарч хэлэхээс өөр аргагүй болоод байгаа. Тэгэхээр н.У энэ 40.000.000 төгрөгийг авах эрхтэй гэдгээ н.Б шаардах эрх шилжих хэлцэл, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хэлбэрээр 40.000.000 төгрөгөө нэхээд яваарай гэдэг хэлцлээ өгсөн. Үүний хойно н.Б мэдүүлэг өгөх замаар дахин баталгаажуулсан. 40.000.000 төгрөг орж ирээгүй шүү, авах хэрэгтэй шүү. Хамтран ажиллах гэрээ биш шүү гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлсэн байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар байна. Өмнө шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр, одоо сая гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр, өнөөдөр давж заалдах шатны шүүхэд яригдаж байх үеийн хэргийн бүх нөхцөл бүгд ижил байгаа шүү. Анхан шатны 2 шийдвэр хэргийг зөв шийдсэн байгаа. Өмнө нь процессын алдаа байна гэж буцаасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл гэж үзэж байна... гэв.

 

Хариуцагч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Гомдлоо дэмжиж оролцож байна. н.Бөд 40 сая төгрөг орж ирсэн, хамтарч ажиллая гээд 2021.10.06-ны өдөр н.М гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийсэн хүмүүсээс 40.000.000 төгрөг дутсан, хамтарч ажиллах учраас мөнгөө н.Б цохож байсан. Би н.Бын дансанд мөнгө хийгээд, н.Б цохож олгоод, н.М гэрээ хийгээд 40.000.000 төгрөг дутсан, н.Б эд нэр мөнгөө хийх ёстой байсан. Та гэрээгээ хийчих би У ороод мөнгөө хийнэ гээд яваад өгсөн. Бид хад Ад ирээд мөнгөө хийгээч гэсэн, н.Б хөдөө явсан. Тэгсэн н.Б би таны данс руу хийе гэсэн, мөнгө орж ирэнгүүт нь би нөгөө мөнгөө нэхээд байсан хүмүүс рүү шилжүүлсэн. Тэгээд 11 сард нь бид очоод тэр өвөлжингөө самрын хийсэн. Самар хийж байсан хүмүүс н.Бөд 30.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь эхний төлөлт болоод явсан. Сүүлд н.Б, н.У 2 хотод хэрүүл хийгээд шүүхээр орсон юм шиг байгаа юм. Д.Доос самар орж ирээгүй, тийм учраас мөнгийг чинь өгч чадахгүй нь гээд над дээр шаардах  эрх гаргуулаад өгсөн юм билээ. Би самарт мөнгө оруулаагүй биш өчнөөн тонн самар оруулаад, нийлүүлээд, хамтарч өвөлжингөө ажиллаад мөнгө олоод явсан. Би н.Бөд 30.000.000 төгрөг урьдчилаад өгсөн байж байгаад самрын тооцоонд оруулаагүй, үлдэгдэл бидэнд алдагдал гарна, зарим хүмүүс нь мөнгө, төгрөгөө авч чадаагүй. Хамтарч энэ мөнгө төгрөгөө хөөцөлдье гэхэд утсаа унтраагаад алга болсон. Тэгсэн н.У гэдэг хүн манай нөхөр, нөхөр н.Бтэй цуг ажиллаж байгаа н.Б байхгүй юу. н.Б нь бас шүүхийн шийдвэрээр явсан байсан. н.Б холбогдох гэхээр зугтаад, н.Б бид 2-ын мөнгө ихэнх нь байгаа, шаварт унасан шарын эзэн, 2 жил шах уу хөөцөлдөөд, тэгсэн н.У миний мөнгө байгаа юм аа, Мэндээ аваад ингэсэн юм аа, эндээс авмаар байна, би өвчтэй гэхээр н.Б өгөх ёстой гээд утсаар ярихаар нь 9.000.000 төгрөгийг бид цувуулаад өгсөн. Тэгээд хамтраад ажиллая гэсэн, сүүлдээ энэ 2-оос авах ёстой юм байна гээд шүүхэд өгсөн. Би тэр мөнгийг төлөх ёстой хүн биш, өөрөө алдагдалтай явж байгаа хүн. Үндсэндээ н.Б гэдэг хүний залиланд орчхоод явж байна. 30.000.000 төгрөгийг тодорхой хэмжээнд төлөөд, 9.000.000 төгрөг төлөөд, одоо 1.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа. Самарын ажил тусдаа байгаа бид өвөлжингөө зөөсөн. Тэгсэн ганц кг самар өгөөгүй гэж байна. 6 хүн хамтарч ажиллаад, гэрээ хийгээд, тийм, тийм машинаар зөөсөн гээд тэмдэглээд, самарч үнэтэй байсан. н.Б бид 2-ыг аваачиж өгөхөд, хамтарч ажиллаж байсан н.М, н.М нарт наадуулаас чинь мөнгө суутгаж авахгүй юм шүү гэхэд, дахиад явуулчихъя гээд улайраад байсан. Нэг хүнээс мөнгө суутгаж авна шүү гэхэд аваагүй явуулсан байсан. н.Б аймар шуналтай хүн юм билээ. 5 тонн самар өгөөд 20-30 сая төгрөгийн ашиг хийчхээд мөнгө өгөхгүй байгаа. Самарын асуудлыг бид хоорондоо шийднэ. 40.000.000 төгрөгийн 30.000.000 төгрөгийг өгсөн, мөн 9.000.000 төгрөгийг өгсөн ийм юм байгаа... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх энэ шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх гэрээний ямар эрх зүйн харилцаа үүсээд байгааг тодорхойлоогүй. Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Доос 31.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч н.Уд олгохоор шийдсэн. Энэ шийдвэрийн тогтоох хэсгийн нэг заалтыг харахад Д.Д, н.У 2-ын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах, харьцаа үүсэн байсан уу гэдгийг тодорхойлох ёстой байсан. Энэ 2-ын хооронд тийм харьцаа үүсээгүй. Н.У гэх хүн Д.Дийг танихгүй, Д.Д н.Уг танихгүй. Энэ 2-ын хооронд самар худалдан авах ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. н.У яагаад 31.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэхээр н.Бийн шаардах эрх олгосны дагуу, шаардах эрх сүүлд үүссэн шүү. Нэхэмжлэл гаргасны дараа үүссэн. Шаардах эрх аваад нэхэмжлэл бичсэн юм байхгүй. Энийг шүүх цаг хугацааны он тооллоор шалгаад үзчих байх. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болбол нэгдүгээрт шаардах эрх нь байх ёстой. Тэгж хариуцагчаа зөв тодорхойлж байж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. 2023.07.03-ны өдөр А аймаг дахь сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхэд Д.Дид холбогдуулж самрын үнэ 31.000.000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан. Энэ 2-ын хооронд самрын үнэ байхгүй шүү дээ. н.У Д.Д 2-ын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй юм байна. Худалдах худалдан авах  гэрээний харилцаа үүсээгүй, хэн, хэнийгээ танихгүй. Энэ 2-ын хооронд самар зараад өгөөч, аваад өгөөч гэсэн асуудал байхгүй. н.Бийн шаардах эрхийг хожуу авсан энийг шүүх үндэслэлтэй байна гэж үзсэн, би үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тэр дараад нь нөхөж болдог зүйл юм уу. Нэхэмжлэх эрхгүй байхад яагаад шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад байдаг юм бэ. Д.Д, н.Б 2-ын хооронд ямар харьцаа үүссэн юм бэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ үүссэн юм уу. Эсвэл гэрээний өөр төрлийн харьцаа байсан юм уу гэдгийг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй. Н.Б, Д.Д 2-ын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллаж гэрээний нөхцөл үүссэн. Түүнээс энэ 2-ын хооронд хэн хэндээ самар худалдах гэрээ үүсээгүй. 6 нөхөр нийлээд нэг компанид самар нийлүүлэх ашиг олох зорилготой хамтран ажилласан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Д.Дид н.Б надад самар авч өг гэсэн худалдах худалдан гэрээний харьцаа үүсээгүй. Шүүхээс иргэний эрх зүйн ямар гэрээ харьцаа үүссэнийг тодорхойлж чадаагүй. н.Б, Д.Д 2-ын харилцааг судалж үзэх ёстой. 2021.10.11-ний өдөр н.Бөөс Д.Дийн дансанд 40.000.000 төгрөг орж ирсэн нь үнэн, маргахгүй. н.Бийн шилжүүлсэн мөнгө хамтран ажиллах гэрээний мөнгө байсан бол н.У нэхэмжлэх эрхгүй. Эд нар хөрөнгөө нийлүүлээд самар авах гэж байгаа мөнгө. н.Бөөс орж ирээд байгаа мөнгө шаардах эрхээ аваад байгаа н.Угийн мөнгө байсан бол Д.Д н.Уд мөнгө төлөх үүрэг хүлээхгүй. 40.000.000 төгрөг орж ирсэн байна, хэрхэн яаж зарцуулсан. 40.000.000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүргийн хувьд аваад үзэхээр н.Б, Д.Д, бусад 4 нөхрийн мөнгө байхгүй юу. Хамтран хүмүүс рүү мөнгө тараагаад самар бэлтгэж байгаа мөнгө. Тэгж үзвэл н.Б, Д.Доос нэхэмжлэх эрхгүй мөнгө. н.Б, н.Угийн мөнгийг Д.Дид шилжүүлсэн мөнгө гэж үзэж байгаа бол Д.Д энэ мөнгийг буцаагаад шилжүүлсэн. 2021.11.07-ны өдөр Д.Д буцаагаад н.Бийн 0000 тоот данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн. 2025.04.15-ны өдөр өгсөн Хны дипозет дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа. Энэ нотлох баримтыг шүүх үнэлж үзээгүй. Бид энэ нотлох баримтыг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө, анхан шатны шүүх хурал болохоос өмнө гаргаж өгсөн. Яагаад үнэлэхгүй байгааг шүүх дурдаагүй. Д.Д, н.Бийн данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн, одоо цаана нь 10.000.000 төгрөг үлдэх ёстой. Энэ 10.000.000 төгрөгийг хэрхэн яаж өгснийг судлах ёстой. н.Бийн хэлсний дагуу, зөвшөөрсний дагуу, түүнээс Д.Д, н.Б нар н.Уг танихгүй. Н.Бөд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэх гэсэн, н.Б, н.У гэх хүний данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Д.Д 2023.02.02-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн, 2023.02.18-ны өдөр н.Б гэдэг хүн өөрийн Ты данснаас 3.000.000 төгрөг н.Угийн данс руу шилжүүлсэн, 2023.02.02-ны өдөр н.Б гэдэг хүн 4.000.000 төгрөгийг мөн Ты тоот данснаас шилжүүлж, нийт 9.000.000 төгрөг н.Угийн данс руу шилжүүлсэн. 2021.10.11-ний өдөр шилжүүлсэн мөнгөнөөс нийт 39.000.000 төгрөгийг н.Бөд буцаагаад шилжүүлсэн байгаа. Одоо н.Б, Д.Д нарын хооронд 2021.10.11-ний өдөр шилжүүлсэн мөнгөнөөс үлдэгдэл 1.000.000 төгрөг үлдэж байгаа. Энэ 1.000.000 төгрөгийг төлөх ёстой хүн Д.Д юм бол н.Бөд л төлөх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс чи н.Бөд 30.000.000 төгрөг төлөх ёстой юм байна гээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Доос 31.000.000 төгрөгийг н.Уд олгохоор шийдвэрлэсэн. Д.Д тийм баян хүн биш яах вэ 40.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг буцааж шилжүүлчхээд, дахиад өөр хүнд 30.000.000 төгрөг төлөх юм уу. Шүүх тэгж шийдээд байна. Энэ хүнээс 60.000.000 төгрөг гаргах гээд байна. Харин 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр 30.000.000 төгрөг шилүүлсэн, дараа 9.000.000 төгрөг шилжүүлсэн, одоо 1.000.000 төгрөг үлдсэн. Гэхдээ энэ 1.000.000 төгрөг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний мөнгө биш. Тэгж үзвэл Д.Д болон н.Уд очих мөнгө биш. Тийм учраас шүүх хэргийг буруу шийдсэн нь тодорхой байгаа юм. Д.Дийн хувьд нэхэмжлэгч н.У гэдэг хүнийг танихгүй, одооч танихгүй. Түүнээс самар бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэж нэг төгрөг аваагүй. Ийм учраас н.У гэх хүн хэдийд хэнээс шаардах эрх аваад, н.Б өгсөн мөнгөө буцааж авчхаад, яагаад н.Уд шаардах эрх өгөөд байгаа юм бэ. Шаардах эрх байгаа юм уу, үгүй юу, тэрийг харах ёстой байх. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж үзэж, өөрөөр хэлбэл Д.Д, н.Бөд 1.000.000 төгрөг өгөх ёстой.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэв

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Ц.У хариуцагч Д.Доос самрын үнэ 31.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх В.Б, Д.Д нарын хооронд хуш модны самар худалдах, худдалдан авах гэрээ байгуулагдсан, В.Б Д.Д руу 40.000.000 төгрөг шилжүүлсэн, Д.Д гэрээний дагуу самар нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир В.Б 40.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн, Д.Д, Р.Б нар  Ц.Уд 9.000.000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн 31.000.000 төгрөгийг Ц.У Д.Доос нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Д “…В.Бөөс 40.000.000 төгрөг орж ирсэнтэй маргахгүй, В.Б рүү 30.000.000 төгрөг шилжүүлсэн, Ц.Уд 9.000.000 төгрөг шилжүүлсэн, одоо 1.000.000 төгрөгийг В.Бөд төлнө...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов. 

 

Нэхэмжлэгч Ц.У Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч В.Бөд холбогдуулан 2.640 кг самрын үнэ 48.358.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэлдээ: Би В.Бөд 2021 оны 09 сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 сарын 21-н хүртэл хугацаанд 2 тн 640 кг хуш модны самрыг 1 кг-ыг нь 18,000 төгрөгөөр тооцож, В.Бөд өгсөн ба самрын үнэ 48,380,000 төгрөгийгборлуулсны дараа авахаар тохирсон. Энэ хугацаанд миний өгсөн самар зарагдсан. Би мөнгөө авахаар В.Бөөс нэхэхэд чиний самрын мөнгийг Д гэдэг хүнд самар авахуулахаар өгсөн гээд өгөхгүй... надад Д гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Би энэ хүнтэй ярихад надад мөнгө шилжижиорж ирсэн нь үнэн гэсэн боловч өөр тодорхой юм ярьдаггүй...Иймд хариуцагч В.Бөөс 2,640 кг самрын үнэ 48,358,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэсэн байна.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэрээрнэхэмжлэгч Ц.Угийн хариуцагч В.Бөд холбогдуулан гаргасан 48,358,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 9-11/

 

2023 оны 07 сарын 03-нд нэхэмжлэгч Ц.У хариуцагч Д.Дид холбогдуулан самрын үнэ 31,000,000 төгрөг гаргуулахаар А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэлд В.Бөөс самрын үнэ 48,358,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнээс хойш буюу 2023 оны 01 сарын 18-ны өдөр В.Б 2021 оны 10 сарын 10-ны өдөр Д.Дийн Хны 00000 данс руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг өгсөн, Д.Д мөнгийг хүлээн авсан тухайгаа хүлээн зөвшөөрдөг, надад өгөх самрын үнэ 40,000,000 төгрөгөөс нийт 9,000,000 төгрөгийг өгсөн талаар тусгаж, үлдэх 31,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. /1-р хх-ийн 1, 90/

 

Хариуцагч Д.Д В.Бөөс 40,000,000 төгрөг шилжиж орж ирсэн, Ц.Уд 9,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримттай маргаагүй.

 

Харин үлдэгдэл 31,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргахдаа эхэндээ В.Бөөс 40,000,000 төгрөг орж ирсэн өдөр Уын данс руу 12,000,000 төгрөг, Бийн данс руу 10,000,000 төгрөг, Эын данс руу 9,000,000 төгрөг, Бгийн данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан байдаг. /1-р хх-ийн 25/

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаар анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхэд 2021 оны 11 сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг В.Б рүү шилжүүлсэн, Ц.Уд 9,000,000 төгрөг шилжүүлсэн, нийт мөнгийг шилжүүлсэн гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргажээ. /2-р хх-ийн162/

Хариуцагч Д.Дийн Хны 00000 дугаар данснаас 2021 оны 11 сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг В.Бийн  Хны 0000 дугаар данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 112/,  В.Бийн Хны 0000 дугаар данснаас 2021 оны 11 сарын 14-ний өдөр Д.Дийн Хны  00000 дугаар данс руу 29,000,000 төгрөг шилжүүлсэн  депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /2-р хх-ийн 121/ тус тус хэрэгт авагдсан байна.

 Гэрч Р.Б...Б Д руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн, энэ мөнгийг гэрээ хийсэн жолооч нарт шилжүүлж өгсөн... Бид 2 гэрээ хийчихээд самраа ирэхийг хүлээгээд зарим нь авчирч өгсөн. Үүнээс 8 хүн огт самар өгөөгүй, мөнгөө ч өгөөгүй... ингээд одоо байнгын шүүх цагдаагаар явж байна. Нэг шийдвэр гарч нэг хүн 13,000,000 төгрөг өгсөн. У миний мөнгө гэхэд нь түүнд 9,000,000 төгрөгийг өгсөн... Одоогоор 3 хүн дээр шүүхийн шийдвэр гаргуулсан. 1  хүн 13,000,000 төгрөг өгсөн. Бусдаас нь аваагүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хүсэлтээ өгчихсөн байгаа...Нийтдээ 20-иод сая төгрөг авна. Хэрвээ энэ хүмүүс мөнгөө өгчихвөл...тэр хүүхэнд мөнгийг нь өгнө... гэсэн мэдүүлэг өгчээ. /1-р хх-ийн 70-72/

Мөн гэрч В.Б...Д.Д руу шилжүүлсэн 40,000,000 төгрөг Ц.Угийн мөнгө...самар авах гэж Д.Д руу шилжүүлсэн...самар аваагүй... энэ мөнгийг Ц.У авах ёстой...гэж, гэрч Г.М...Самар худалдан авахаар Д руу шилжүүлсэн мөнгө Угийн мөнгө...Д самраа өгөөгүй...У 40,000,000 төгрөгийг авах ёстой.. гэж тус тус мэдүүлсэн байна. /1-р хх-ийн 97, 173/

Шаардах эрх шилжүүлэх тухай 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 121 дугаартай гэрээгээр 2021 оны 10 сарын 10-ны өдөр В.Б нь өөрийн эзэмшлийн Хны 0000 дугаар данснаас Д.Дийн Хны 00000 дугаар данс руу шилжүүлсэн 40,000,000 төгрөг болон учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч Д.Доос шаардах эрхийг Ц.Уд шилжүүлжээ. /1-р хх-ийн 87/

В.Б, Д.Д руу самар авахаар 40,000,000 төгрөг шилжүүлэхэд тэдний  хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, харин Д.Д, Б.Э, Б.У нартай хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байна. /1-рхх-ийн 113-114, 115-116/

Анхан шатны шүүх В.Б, Д.Д нар хамтран ажиллах гэрээ байгуулсан нь нотлогдохгүй байна,Ь.Б хуш модны самар худалдан авахаар Д.Дтой тохиролцож, түүний данс руу 2021 оны 10 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн ньтогтоогддог, хариуцагч Д.Д В.Бтэй байгуулсан худулдах, худалдан авах гэрээгээрхүлээсэн үүргээ биелүүлээгүй, В.Б самар авах зорилгоор шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, В.Б 40,000,000 төгрөг шаардах эрхээ Ц.Уд шилжүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Мөн хариуцагч Д.Д 2021 оны 11 сарын 07-ны өдөр В.Бийн данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн ч В.Б 2021 оны 11 сарын 14-ний өдөр Д.Дийн данс руу 29,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул дээрх шилжүүлгийн гүйлгээ үүргийн гүйцэтгэлийн мөнгө эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.У хариуцагч В.Бөд холбогдуулан самрын үнэ 48,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүйгээс шийдвэр хүчин төгөлдөр болсон, В.Бөөс мөнгөө нэхэхээр чиний мөнгийг Д.Дид өгсөн, Д.Доос аваарай гэж шаардах эрх шилжүүлэх хэлцлийг амаар хийсэн, мөн Д.Дид 40,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг Ц.Уд өгсөн учир Ц.У Д.Доос 40,000,000 төгрөгөө нэхсэнээр түүнд 9,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 31,000,000 төгрөгийг гаргуулахаар А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шаардах эрх шилжүүлэх гэрээг В.Бтэй бичгээр байгуулсан учир үлдэгдэл 31,000,000 төгрөгийг хариуцагч Д.Доос нэхэмжилсэн нь хууль зүйн үндэстэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэа ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын эрхийг зөрчөөгүй, Иргэний хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримтыг зөв тогтоож, үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Дийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

           

            Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч Д.Дийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312.950 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 301/ШШ2025/00321 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Д.Дийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312,950 /Гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                  Ч.ЭНХТӨР