Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 0202

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 1925002310195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Ж

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2019 оны 03 сарын 24-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Ниссан ноте маркийн 69-93 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. 2018 оны 09 сард жолооны курс төгссөн. Энэ хэргийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Би тухайн үед архи уусан байсан. Гайгуй байх гэж бодсон. Хохирогчид хагалгаанд ороход туслалцаа үзүүлсэн. Одоо бие нь гайгүй болсон. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... орой 01 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай найз Ж, М нар над руу залгаад очоод авъя гэж хэлээд намайг гэрээс ирж авсан юм. Намайг машинд суухад Жаргал машин барьчихсан, Мөнх-Эрдэнэ жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан. Тухайн үед Жаргал, Мөнх-Эрдэнэ нар согтуу байх шиг байсан. Тэгээд город орж архи авахаар болоод манай гаднаас хөдөлсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим явж байхад гэнэт машин дайвалзаад замын хажуу руу онхолдсон. Би тухайн үед ухаан алдчихсан байсан. Нэг сэрээд ухаан ороход эмнэлэг, цагдаа нар ирчихсэн, би машины гадаа хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

 

-Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Өчигдөр орой 00 цаг болж байхад манай найз Жаргал манайд ирээд 2,5 литрийн 2 том пиво хувааж уусан. Пивоо ууж дуусгаад Эрдэнэ багт байдаг Балданнямыг очиж авах гээд Ж бид хоёр явсан. Тухайн үед Жаргал машинаа бариад явж байсан. Тэгээд Балданнямыг очиж аваад буцаад хотын төв рүү явах гэж байгаад ШШГГ-ын урд талын хурд сааруулагч гараад гэнэт машин дайвалзаад замын урагшаа машин онхолдсон. Тухайн үед Жаргал машинаа жолоодоод явж байсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 250 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Б-н биед зүүн эгэмний ясны далд хугарал /хагалгааны дараах байдал/, зүүн талын 1-8-р хавирганы хугарал үүсчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 249 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Ж-н биед баруун гарын бугалга, шуунд цус хуралт үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 106 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Ж-н биенээс авсан цусанд 0,7 промилл процент этилийн спирт илэрсэн.

2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 30 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 107 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Б-н биенээс авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй гэсэн дүгнэлт /хх 35 ху/,

 

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 24 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Ниссан ноте маркийн 69-93 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ж нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Б.Жаргалын биенээс авсан цусанд этилийн спирт 0.7 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. 2019 оны 03 сарын 24-ний өдөр Батбаяр овогтой Жаргалыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Эрдэнэбат согтуурал шалгах багажаар шалгасан тэмдэглэлд 1.13 %-ийн согтолттой гарсан зэргийг харахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Ниссан ноте маркийн 69-93 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3. Жолооч Б.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байна гэсэн дүгнэлт /хх 39 ху/

 

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 46 дугаартай нэмэлт дүгнэлтэнд:

1. Дээрх осол гарахад техникийн нөхцөл нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

2. Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 43 ху/,

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 85 ху/

            -Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8 ху/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгийн тогтоол /хх 9 ху/

            -Эд зүйл, баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 49-53 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 ху/

            -Б.Ж-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 81, 86-90 ху/

            -Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт /хх 83 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2019 оны 03 сарын 24-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Ниссан ноте маркийн 69-93 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Балданнямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Жаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хэргийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Б-н “...Тухайн үед Ж, Мөнх-Эрдэнэ нар согтуу байх шиг байсан. Тэгээд город орж архи авахаар болоод манай гаднаас хөдөлсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим явж байхад гэнэт машин дайвалзаад замын хажуу руу онхолдсон. Би тухайн үед ухаан алдчихсан байсан. Нэг сэрээд ухаан ороход эмнэлэг, цагдаа нар ирчихсэн, би машины гадаа хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 11 ху/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх 14 ху/, хохирогчийн биед зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн талын 1-8-р хавирганы хугарал үүссэнийг тогтоосон 250 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Ж-н биенээс авсан цусанд этилийн спирт 0.7 промиль процент илэрч, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдахыг тогтоосон Орхин аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 106 дугаартай дүгнэлт, ЗЦТ-ын шинжээчийн 24, 46 дугаартай дүгнэлтүүд, хохирлын үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Ж-н үйлдэл нь хохирогчид хүндэвтэр хохирол учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ж-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Даваат багийн засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Б-н биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос гэм хорын нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд шүүхийн шатанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6993 ОРА улсын дугаартай Ниссан ноте маркийн тээврийн хэрэгслийн №02094882 дугаартай гэрчилгээг эзэмшигч Б.Олзвойд буцаан олгож, 1255898 дугаартай жолооны түр үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаатай хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6-р зүйлийн 1 дэхь хэсэгт заасаар шүүгдэгч Б.Ж-д 6 сарын хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ж-д оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож, үүргийг зөрчсөн, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан 02094882 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Олзвойд буцаан олгож, 1255898 дугаартай жолооны түр үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА