| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0231/Э |
| Дугаар | 0236 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 0236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох эрүүгийн 1925005070291 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.У
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.У нь 2019 оны 07 сарын 16-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр байрлах Худалдааны гудамжинд иргэн М.С-г шилээр /архи, пивоны/ толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 16-нд Тайгер бааранд найз Отгонтуяа дээр очиход Гиймаа, Сэлэнгэ гэдэг 2 хүүхэнтэй хамт байсан. Тэр Сэлэнгэ гэдэг хүүхэн нь элдэв янзаар хэлээд байсан. Баар хааж бид гарцгаасан. Үгээр идээд байхаар нь явах гэтэл араас татахаар нь пивоны шил аваад цохисон. Би бага зэрэг согтуу байсан. Сэлэнгэ нь зууралдаж самардаад байсан. Хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Тэгээд цохисон. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Болчимгүй байдлаасаа боллоо. Миний буруу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрийн найз эгч болох Отгонтуяа Гиймаа нартай Тайгер бааранд сууж байсан чинь Отгонтуяа найз залуу болох Ууганбаярыг дуудсан. Ууганбаяр нэг найзтайгаа ирсэн. Тэгээд хамт сууж байгаад юм ярьж байсан чинь Ууганбаяр тоглоом даахгүй уурлаад гараад явсан. Баар хаагаад Отгонтуяа, Гиймаа бид 3 баарнаас хамгийн сүүлд гарсан. Тэгээд худалдааны гудамжны сандал дээр бид 3 сууж байсан чинь Ууганбаяр цаанаас ирээд Отгонтуяа тэр хоёр маргалдаад байсан. Отгонтуяа согтчихсон байсан, тэгээд би Отгонтуяа эгчийг авах гээд наадахаа хаяаа гээд хэлсэн чинь Ууганбаяр миний толгой руу цохьсон. Гэтэл толгой хагарсан байсан. Цус их гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний толгой хагарсан, өөр гэмтэл учраагүй. Ууганбаяр архины шилээр цохисон шил нь хагараагүй, одоо миний биеийн байдал зүгээр болсон. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, эм уусан гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,
-Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 07 сарын 16-ны орой Сэлэнгэ, Гиймаа бид 3 уулзаж гарч Set бааранд орж 3 летрийн пиво уусан, тэгээд Тайгер ороод сууж байхад Ууганбаяр чат бичсэн тэгээд нэг найзтайгаа ирсэн. Ирээд хамт бид нартай сууж байгаад Сэлэнгэ жаахан даажигнах дуртай тиймэрхүү яриатай гэтэл Ууганбаяр яриаг нь ойлгохгүй уурлаад гараад явсан. Тэгээд Сэлэнгэ, Гиймаа бид 3 баарнаас хамгийн сүүлд гарсан. Гадаа гараад би салхинд цохиулаад юу болсон талаар санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Яллагдагч Б.-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 07 сарын 16-ны орой би өөрийн найз бүсгүй Отгонтуяатай чаталж байгаад Тайгер бааранд байна хүрээд ир гэхээр нь өөрийн найз Дашнямын хамт Отгонтуяа дээр очсон. Бид 2-г очиход Отгонтуяа Сэлэнгэ Гиймаа гурав сууж байсан. Тэгээд хэсэг ууж юм ярьж сууж байгаад Сэлэнгэ гэх хүүхэнтэй яриа нийлэхгүй маргалдах гээд байхаар нь би гараад явсан тэгээд баар хаагаад би гадаа байж байсан чинь Отгонтуяа согтчихсон гарч ирсэн тэгээд би Отгонтуяатай ярилцаад маргалдаад зогсож байсан чинь хажуунаас Сэлэнгэ наадахаа хаяач гээд намайг янз бүрээр хэлээд байхаар нь би толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл толгойноос нь цус гарсан. С яриа нийлэхгүй намайг ёжлоод байсан, тэгээд өөрийн найз хүүхэн Отгонтуяа согтчихсон байсан болохоор авч явах гээд маргалдаад зогсож байтал янз бүрээр хэлээд байхаар нь санаандгүй цохичихсон юм гэсэн мэдүүлэг /хх 10, 20-21 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 485 дугаартай дүгнэлтэнд:
1. М.С-н биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 13-14 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/
-Б.-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 17-21 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 07 сарын 16-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр байрлах Худалдааны гудамжинд иргэн М.С-г шилээр /архи, пивоны/ толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр Сэлэнгэ гэдэг хүүхэн нь элдэв янзаар хэлээд байсан. Баар хааж бид гарцгаасан. Үгээр идээд байхаар нь явах гэтэл араас татахаар нь пивоны шил аваад цохисон” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Сэлэнгийн “...Тэгээд худалдааны гудамжний сандал дээр бид 3 сууж байсан чинь Ууганбаяр цаанаас ирээд Отгонтуяа тэр хоёр маргалдаад байсан Отгонтуяа согтчихсон байсан тэгээд би Отгонтуяа эгчийг авах гээд наадахаа хаяаа гээд хэлсэн чинь Ууганбаяр миний толгойруу цохьсон. Гэтэл толгой хагарсан байсан” гэсэн мэдүүлгүүд /хх 8 ху/, мөн гэрч Б.Отгонтуяагийн /хх 9 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 485 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч 100.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У нь торгох ялыг 4 сарын хугацаанд 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА