Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2025/00088

 

 

 

 

 

 

  2025       07         09                                         207/МА2025/00088

 

 

Д.*****ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч “*****” ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00624 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.*****ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*****” ХХК-нд холбогдох,

“Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмардоржийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорчулуун /цахим/, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*****ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Д.***** нь Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1989 онд төгсөж, зураач, уран барималч мэргэжилтэй болсон бөгөөд өнөөдрийг хүртлэх хугацаанд мэргэжлээрээ ажиллахдаа нийт 100 орчим уран бүтээл тууриваад байна. Тэрээр Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажлын туршлага, хийж бүтээснийг нь үнэлэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан. Нэхэмжлэгч нь зотон, тосон будаг бүхий 120*80 хэмжээтэй, монголын эв нэгдэл болон түүхэн домгийн агуулгатай ***** эхийн сургаал нэртэй бүтээлийг 2016 онд бүтээсэн бөгөөд энэ бүтээлийнхээ цор ганц эхээ тэр жилдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэнд худалдсан билээ. Гэтэл дээрх бүтээлийг нь хариуцагч ***** ХХК нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, дураараа хуулбарлан ашиглаж байсныг нэхэмжлэгч олж мэдээд эрхийг нь зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.*****ийн Алиунгуа эхийн сургааль дүрслэх урлагийн бүтээлийг зөвшөөрөлгүй, дураараа ашигласан хариуцагч ***** ХХК-ийг зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “*****” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

 “*****” ХХК нь Д.*****ийн эд хөрөнгийн онцгой эрхийг зөрчөөгүй, хэзээ ямар эрх үүссэнг мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдэд худалдсан гэжээ. Уг бүтээлээ худалдсан бол тус иргэн нь ашигласанг “*****” ХХК-д холбогдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрэл зураг уг нэхэмжлэлдээ хавсаргасан гэснийг ойлгохгүй байна. Гэрэл зургаар юу нотолж байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4,Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,13 дугаар зүйлийн 13.2.1,13.3-д заасныг баримтлан хариуцагч “*****” ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*****өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, хариуцагчаас 407,950 төгрөг төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тухай:

1.Хариуцагч нь нэхэмжлэх гаргах эрхгүй этгээд нэхэмжпэл гаргасан болохыг хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргаж нотолсон байхад шүүх энэ талаар дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг бүрэн хангаж хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжпэгч өөрөө уг зохиогчийн эрхийн бүтээлээ цорын ганц бүтээж БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэнд худалдсан тухай нэхэмжпэлдээ тодорхой дурдсан байдаг. Дүрслэх урлагийн бүтээлийн хувьд зохиогчийн эрх нь бүтээлээ дагаж шилждэг бөгөөд Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 ."оюуны өмч" гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг ойлгохоор заасан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ." Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинж өмчлөгчид шилжинэ гэж зааснаар үзэхэд дүрслэх урлагийн бүтээл болон Алунгоо зургийн үнийг төлснөөр тухайн зураг шинэ өмчлөгчид шилжсэн гэсэн дүгнэлт үүснэ. Эд зүйл нь буюу эд хөрөнгө нь өөрт байхгүй байхад өмчлөх буюу зохиогчийн эрхийн онцгой эрхтэй гэж үзэх хууль зүйн ойлголт байхгүй.

2 Зохиогчийн эрх зөрчөөгүй болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0703 тоот шийдвэрээр шийдвэрлэж оюуны өмчийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 0020263, 0020265 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нийтэд илэрхий үйл баримт байхад анхан шатны шүүх энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ. Энэ нөхцөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн .... шийдвэр байгаа" бол нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -д заасан “Энэ хуулийн 65.1.3-65.1.8 заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасныг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч “*****” ХХК-ийг буруугүй талаар, зохиогчийн эрхийг зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 40 дүгээр зүйлийг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжпэлийн шаардлагаа нотолсон буюу нэхэмжилж байгаа үнийн дүнг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй байхад нзхэмжилсэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн өөрөө уран зургаа хүнд зарсан, зохиогчийн эрхээ өөрөө хадгалж үлдэх талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад уг үйл баримтыг хариуцагчийн үүрэг мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй юм. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой байтал хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлэлгүй шийдвэрлэсэн. Мөн зүйлийн 40.4-т заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн.

Хоёр. Шүүх Зохиогчийн эрхийн тухай хууль болон Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ундэслэлийн тухайд:

1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 8.1.6-д “зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд."-д заасныг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болсон дүрслэх урлагийн бүтээлийг худалдан авсан этгээдэд зохиогчийн эрх ашиглах онцгой эрх шилжсэн байхад уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2.Бүтээлийг ашиглах зорилгыг тодорхойлсны дараа зохиогчийн эрхийн зөрчил мөн эсэхийг тогтоодог. Энэ тохиолдолд захиалагчийн хүсэлтээр хувийн хэрэгцээнд зориулж цөөн тоогоор хивс үйлдвэрлэж өгсөн нь нотлох баримтаар топгоогддог. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 38 болон 43 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ашиг олох зорилго байсан уу үгүй юу гэдгийг анхаарах ёстой байсан.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон 351 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.***** хариуцагч “*****” ХХК-нд холбогдуулан Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...***** ХХК бүтээлийг маань миний зөвшөөрөлгүй ашигласан тул учруулсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан./хх1-3х/

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...“*****” ХХК нь Д.*****ийн эд хөрөнгийн онцгой эрхийг зөрчөөгүй, хэзээ ямар эрх үүссэн гэдгийг мэдэх боломжгүй.... маргааны зүйл болсон дүрслэх урлагийн бүтээлийг худалдан авсан этгээдэд зохиогчийн эрх ашиглах онцгой эрх шилжсэн тул нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргах эрх байхгүй” гэсэн үндэслэл зааж маргасан./хх17х/

   3.Нэхэмжлэгч нь зотон, тосон будаг бүхий 120*80 хэмжээтэй, ***** эхийн сургаал нэртэй бүтээлийг 2016 онд бүтээсэн, бүтээлийнхээ эхийг БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэнд худалдсан, тэрээр Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/107 дугаар тушаалаар дээрх бүтээлээ бүртгүүлж 15015 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан, хариуцагч “*****” ХХК нь 2019 онд ***** эхийн сургаал бүтээлийг 150х200 хэмжээтэй, 2850/122 6S1 кодоор 4 ширхэг үйлдвэрлэн БНХАУ-ын АОДЭ ХХК-д борлуулсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоожээ.

 

4. Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/107 дугаар тушаалаар дээрх бүтээлээ бүртгүүлж 15015 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авснаар нэхэмжлэгч нь ***** эхийн сургаал бүтээлийн зохиогч болж, бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрхийг эдлэнэ гэж үзсэн нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.2.1-д нийцсэн байна.

 

5.Нэхэмжлэгч бүтээлийнхээ зурсан эх хувийг худалдсан нь зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхэд хамаарах тул хариуцагчийн “...Д.***** бүтээлээ ӨМӨЗО-ны иргэнд худалдсан, ингэснээр бүтээлийг худалдан авсан этгээдэд зохиогчийн эрх ашиглах онцгой эрх шилжинэ” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүй, бүтээлийг ашигласан энэ нь зохиогчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6.Оюуны өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Оюуны өмчийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандарт, оюуны өмч, биет бус хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ гэж заасан.

 

6.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***** эхийн сургаал бүтээлийг үнэлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээчээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын оюуны өмчийн үнэлгээчнийг томилсон боловч шинжээчийн ажлын хөлснөөс улбаалан нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

 

6.2 Нэхэмжлэгч учруулсан хохирол 50,000,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч тэрээр өөрт нь 50,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байхад “...уран бүтээлч уран бүтээлийнхээ үнэлгээг өөрөө тодорхойлох бүрэн эрхтэй” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг буюу 50,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

            6.3 Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтаар 150*200 хэмжээтэй, 2850/122 6S1 кодтой 1 ширхэг хивсийг 137,658 төгрөгөөр борлуулсан байх ба хариуцагчийн борлуулсан дүнгээр нэхэмжлэгчид учирсан хохиролыг тооцох боломжгүй. Иймд хохирол 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр оюуны өмчийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 0020263, 0020265 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх ба энэ шийдвэр нэхэмжлэгч Д.*****ийн хохирол 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШШ2025/00624 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,13 дугаар зүйлийн 13.2.1,13.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*****ийн “*****” ХХК-аас хохирол 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.***** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧИД                                       Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА