Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт С.С-д холбогдох эрүүгийн 11920000710068 тоот хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт оршин суух, О овогт С.С,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.С нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Б-с 8,000,000 төгрөг, Ц.Т-с 9,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие ээжийгээ эмчлэх асрах үүднээс мөнгө төгрөгний асуудал их байсан бөгөөд Файсбүүк дээрээс барьцаагүй зээл олгоно ОУ-ын Христэд итгэх сүм нэртэй хаягаар хандаж 2 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй барьцаагүй зээл олгоно гэхлээр нь фэйсийн чатаар харьцаж эхэлсэн бөгөөд Англи хэл дээр хийсэн гэрээнүүдийг над руу явуулаад хамгийн доод тал нь 100,000 доллар түүнээс дээш гэсэн тэгэхлээр нь би хамгийн доод талын нөхцлөөр буюу 100,000 долларын зээлийн авъя гэсэн чинь үнийн дүнгийн 10 хувийн байршуулнаа, энэ нь сарын төлөлт хийгдээгүй тохиолдолд суутгагдана, төлөөд яваад байвал 2 жилийн дараа буцааж та авнаа ийм болзолтой та зөвшөөрөх үү гэхлээр нь би тэгье гээд хамгийн анх эхлээд гэрээний мөнгө гээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 209 доллар шилжүүлж эхэлсэн түүнээс хойш тухайн мөнгийг шилжүүл гээд болзол тавиад энэ мөнгийг шилжүүлвэл таны 100,000 доллор чинь орноо гээд байдаг байсан. Ингээд болзолыг нь биелүүлэх гээд мөнгө хайгаад хоног алдсаар байгаад хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр надруу мөнгө шилжүүллээ гэж хэлээд түүнээс хойш мөнгө ороогүй, би нэг ч хүнтэй уулзаж байгаагүй фэйсбүүкийн чатаар л харьцаж байсан. Тэгээд энэ талаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаад тэгээд миний гаргасан гомдол нь Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газрууд шалгагдаж байгаа бөгөөд миний бие хохирогчоор мэдүүлэг өгсөн байгаа. Би тухайн газарт 107,000 доллор буюу монгол мөнгөөр 280,000,000 орчим төгрөгөө өгөөд залилуулсан байгаа. Тухайн мөнгө хайх явцдаа буюу миний урьд гэр бүл байсан нөхөр болох Г-н төрсөн дүү Т гэх эмэгтэй Замын-Үүд суманд ажиллаж амьдардаг бөгөөд би түүнтэй 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр утсаар холбогдоод “эгч нь гадаадын сангаас мөнгө авах гэж байна, 2 цагийн хугацаатай 17,000,000 төгрөг олоод өгөөч буцаагаад 10 хувийн хүүтэй өгье” гэж хэлээд түүнээс гуйсан, тэгээд Т нь “надад байхгүй гэхдээ хүнээс олж өгье” гэж хэлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11:27 минутад миний ... дугаарын данс руу Г.Б гэх хүний дансаар 17,000,000 төгрөг шилжүүлсэн тэгээд би уг мөнгийг аваад Г банкаар 3,131 долларыг 12 цагт, 12:15 минутад 3,131 долларыг “E” гэх хүн рүү нийт монгол мөнгөөр 16,700,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд авахаар 4 цаг хүлээсэн чинь 16:50-ын үед дахин “Та 812 доллор шилжүүл тэгээд та заза аваа” гэхлээр нь 812 доллорыг дахин шилжүүл гэхлээр нь дахин шилжүүлсэн. Ингээд Т-с гуйж авсан 17,000,000 төгрөгийг 2 цагийн дараа гээд авсан боловч буцаан өгөх мөнгөгүй болоод бусдад залилуулсан. Би 17,000,000 төгрөгийг нь бол найз нөхөд ах дүү нараасаа тусламж хүссэн байгаа тэд маань надад тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн боловч өнөөдрийн байдлаар тусламж үзүүлээгүй л байна. Гэхдээ удахгүй төлж барагдуулнаа нийт 280,000,000 төгрөгийг бол бас найз нөхдөөсөө зээлсэн мөнгө байгаа. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Надад Т, Б нарыг залилаад мөнгийг нь авъя гэсэн санаа байгаагүй. Цаанаасаа л тэгнэ ингэнэ гэхээр нь би тэрийг л хэлсэн. 2 цагийн дараа мөнгө чинь орно гэхээр нь итгээд Т луу яриад 17,000,000 төгрөг өгөөч 2 цагийн дараа өгье гэж хэлсэн... Т-н ахтай нь гэр бүл байсан бидний дунд урьд нь мөнгөний өгцөө авцаа байсан. Би 10,000,000 төгрөгийг зээлүүлж л байсан... Би Христийн шашны байгууллага гэхээр нь үнэхээр итгэсэн. Т, Б нарын хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-161/,

- Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “Миний том ах Ц.Г нь 2005-2015 оны хооронд С гэх хүнтэй гэр бүл байсан юм. Тэд 2015 онд салж тус тусын амьдралтай болсон. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой намайг гэртээ хоолоо хийгээд байтал С нь өөрийн ... дугаарын утаснаасаа миний ... дугаарын утас руу залгаад “Ярих боломж байна уу?” гэж асуухад нь би “Би хоолоо хийж байна. Одоохондоо ярих боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрийн орой дэлгүүр рүү явж байтал С дахин миний утас руу залгасан. Би түүнээс юу болсон талаар асуухад “Чи эгчдээ 17,000,000 төгрөг олоод өгөөч би 2 цагийн дараа 2,000,000 төгрөг болгоод өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Надад мөнгө байхгүй. Жуулчны бааз маань хаагдсан. Одоо орой болсон тул маргааш хүнээс асууя” гэхэд С “Чи эгчдээ ямар ч байсан бүтээж өгөөрэй. Дараа нь чамайг би харж үзнэ” гэж хэлсэн. Тухайн үед би С-г дээрхи мөнгөөр юу хийх гэж байгаа, юунд ашиглах гэж байгааг нь асууж тодруулаагүй. Тэр өдрийн маргааш өглөө нь сэртэл С-с “Боссон уу? Мөнгөө эртхэн олоод өгөөрэй. Эгчид нь яаралтай хэрэгтэй байна. Эртхэн шиг олоод өгвөл сайн байна шүү” гэх мэт мессежүүдийг бичсэн байсан. Тэгээд байж байтал миний утас руу залгаад юу болж байна вэ? Гэхээр нь би “Надад мөнгө байхгүй гэдгээ би танд хэлсэн. Би хүн амьтнаас асууж сураглая. Та хариуцлагатайгаар буцааж өгөөрэй. Би танд нэг удаа тусалъя” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд би тэр өдрийн өглөө өөрийн танил Б-н утас руу залгаад “Миний дүү чамд 17,000,000 төгрөг байна уу? Манай эгч мөнгө олоод өгөөч 2 цагийн дараа 2 сая төгрөг нэмээд өгье гэж байна. Түүнийг нь хоёулаа хуваагаад авчихъя. Эгч нь тэр хүнд туслахгүй бол болохгүй. Чи санаа зоволтгүй мөнгө байвал өгчих” гэж хэлсэн. Б тэр өдөртөө 17,000,000 төгрөгийг ганцаараа бүрдүүлсэн. Тэгээд миний утас руу залгаад “Т эгчээ би мөнгөө олчихлоо” гэж ярьсан. Ингээд Б бид хоёр 11 цагийн орчимд Х банкны экспресс банкин дээр уулзаж Б-н данснаас 17,000,000 төгрөгийг С-н данс руу шилжүүлж баримтыг нь авсан. Би мөнгө шилжүүлснийхээ дараа С эгч рүү залгаад “Би хүнээс мөнгө аваад таны данс руу хийчихлээ. Та 2 цагийн дараа мөнгөө өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр “Төв хавиар явж байтал 2 цаг нь өнгөрчих байх. Хоёулаа энэ хавиар явж байгаад мөнгөө авчихаад 2 тийшээ салъя” гэж ярилцаж хамт байсан. 2 цагийн дараа С-той утсаар холбогдож мөнгөө хийсэн үү гэж асуухад С “Өнөөдөр хагас сайн өдөр болохоор ажил маань амжихаа больчихлоо. Гадаадын банк амралтын өдөр ажилладаггүй юм байна. 1 дэх өдөр бүтээж өгье” гэж хэлсэн. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан юм. Тэгээд 1 дэх өдөр нь залгахад бас л “одоо бүтнэ, тэгээд шилжүүлнэ” гэж хэлж байсан. Ингэж явсаар өнөөдрийг хүрсэн. Би өөрөө Б-с мөнгө авч С-д өгсөн тул түүнд 8,000,000 төгрөгийг нь өгсөн. С нь надад мөнгөө өгөхгүй гэж хэлэхгүй өгнө гэж хэлж байгаа боловч мөнгө маань орж ирээгүй байна гээд өнөөдрийг хүрлээ. С хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх. Яг ямар ажил хийдгийг нь мэдэхгүй байна. Урьд нь сургуульд дотуур байрны багшаар ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа гарсан. Надаас мөнгө авахдаа яг тийм ийм зүйл хийнэ гээгүй. “Эгчид нь яаралтай мөнгө хэрэгтэй байна” л гэж хэлсэн. С-г хаана амьдардгийг би мэдэхгүй байна. Урьд нь дээд сургуульд ажилладаг байхдаа дотуур байрандаа амьдардаг байсан... 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын эхээр Замын-Үүд суманд ирэхэд нь уулзахад “К” гэх цахим төгрөгний эрх өгье гэхлээр нь “та надад 3 сая төгрөг бэлэн өгчих үлдсэн 5 сая төгрөгөнд нь Койныг чинь авъя” гэсэн боловч өгөөгүй. Би С.С-д 8,000,000 төгрөг өгчихөөд авч чадахгүй байгаа, дээр нь өөрийн танил Б-с “манай эгч найдвартай” гэж хэлээд мөнгийг аваад буцааж өгч чадахгүй байгаа Б нь надаас байнга л нэхдэг “юу болж байна та намайг бүр балаллаа” гээд утсаар байнга яриж байгаа энэ нь надад маш хүнд байнаа. Би С.С-с 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... Уг хэрэгт хохирлын төлбөр болох 8,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг нь 6 сард өгсөн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгч барагдуулж хохиролгүй болсон учир надад өөр санал гомдол байхгүй. Би хүү нэхэмжлэхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 131-132/,

- Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө миний танил Т нь өөрийн ... дугаарын утаснаасаа миний ... дугаарын утас руу залгаад “Чамд 17,000,000 төгрөг байна уу? Манай эгч 17,000,000 төгрөг зээлүүлээч 2 цагийн дараа 18,000,000 төгрөг болгоод өгье гэнэ. Хоёулаа 1 сая төгрөгийг нь хуваагаад авчихъя” гэж хэлсэн. Тухайн надад 17,000,000 сая төгрөг байгаагүй. Бэлэн 4,000,000 төгрөг байсан. Түүний дээр 5,000,000 төгрөгийг хадам дүү Я-с өөрийн ... дугаарын данс руу шилжүүлж аваад нийт 9,000,000 төгрөгтэй болсон. Ингээд Т-т “Надад 9,000,000 төгрөг л байна. Та үлдснийг нь өөрөө ол” гэж хэлсэн. Тэгээд Т-тай Х банкны Экспресс банкны АТМ дээр уулзахаар болсон. Бид хоёр тэр өдрийн 11 цагийн орчимд уулзаад Т-н авч ирсэн 8,000,000 төгрөгийг Х банкны АТМ-ээр миний дээрхи дугаарын данс руу хийж нийт 17,000,000 төгрөг болгоод Т-н танил эгч гэх С гэх хүний ... дугаарын данс руу Б-с гэсэн утга бичиж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Т С-н утас руу залгаж мөнгө шилжүүлсэн талаар хэлсэн. 2 цагийн дараа би Т-н утас руу залгаад “Мөнгө чинь орж ирж байна уу? Мөнгөө авъя” гэтэл Т “Хагас бүтэн сайн болчихоод ажил нь бүтэхгүй байна гэнэ. Нэг дэх өдөр найдвартай шилжүүлье гэж байна” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш өнөөдөр, маргааш шилжүүлнэ гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Би аргаа барахдаа С-той өөрийн биеэр утсаар холбогдож мөнгөө нэхэхэд “Миний ажил бүтэхгүй байна. Ажил бүтэнгүүт мөнгийг чинь өгнө. Санаа зоволтгүй. Эгч нь хүн хулхиддаг хүн биш” гэж хэлсэн. Ингээд би С гэх хүнээс мөнгөө авахын тулд цагдаагийн байгууллагад хандсан. ... Хялбаршуулах ойлгомжтой байх болов уу гэж бодоод товч байдлаар өгсөн юм. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х банкны АТМ дээр уулзаад Б нь 9,000,000 төгрөг, миний бие 8,000,000 төгрөг гаргаад ингээд нийлүүлээд 17,000,000 төгрөг болсоныг нь С.С-н дансанд хийсэн. Би урьд өгсөн мэдүүлэгтээ мөрдөгчид нь буруу байдлаар ойлгуулсан байна. 17,000,000 төгрөгнөөс 9,000,000 төгрөг нь Б-х, 8,000,000 төгрөг нь миний өөрийн мөнгө байгаа юм...  Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 12-нд 9,000,000 төгрөгийг С.С-д зээлдүүлж зээлээ төлөөгүй улмаас залилангийн хэрэг үүссэн. Үүнээс 3,000,000 төгрөгийг авсан байсан үлдэгдэл 6,000,000 төгрөгийг Х банкны ... тоот дансаар авч хохиролгүй болсон тул С.С-д гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 8, 122-123/,

- А ХХК-ний үнэлгээ /хх-ийн 138-154/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165-166/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167-170/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: С.С нь Ц.Т-н ахтай нь сууж байгаад салсан байх бөгөөд Ц.Т-с 17,000,000 төгрөг зээлээч 2 цагийн дараа 18,000,000 төгрөг болгоод буцаагаад өгье гэсний дагуу Ц.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Б-с 8,000,000 төгрөг, өөрөөсөө 9,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг С-н ... дугаарын данс луу шилжүүлсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч С.С нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Б-с 8,000,000 төгрөг, Ц.Т-с 9,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч С.С нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Г.Б-с 8,000,000 төгрөг, Ц.Т-с 9,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Г.Б “...миний танил Т нь өөрийн ... дугаарын утаснаасаа миний ... дугаарын утас руу залгаад “Чамд 17,000,000 төгрөг байна уу? Манай эгч 17,000,000 төгрөг зээлүүлээч 2 цагийн дараа 18,000,000 төгрөг болгоод өгье гэнэ. Хоёулаа 1 сая төгрөгийг нь хуваагаад авчихъя” гэж хэлсэн. Тухайн надад 17,000,000 сая төгрөг байгаагүй. Бэлэн 4,000,000 төгрөг байсан. Түүний дээр 5,000,000 төгрөгийг хадам дүү Я-с өөрийн ... дугаарын данс руу шилжүүлж аваад нийт 9,000,000 төгрөгтэй болсон. Ингээд Т-т “Надад 9,000,000 төгрөг л байна. Та үлдснийг нь өөрөө ол” гэж хэлсэн. Тэгээд Т-тай Х банкны Экспресс банкны АТМ дээр уулзахаар болсон. Бид хоёр тэр өдрийн 11 цагийн орчимд уулзаад Т-н авч ирсэн 8,000,000 төгрөгийг Х банкны АТМ-ээр миний дээрхи дугаарын данс руу хийж нийт 17,000,000 төгрөг болгоод Т-н танил эгч гэх С гэх хүний ... дугаарын данс руу Б-с гэсэн утга бичиж шилжүүлсэн...” гэсэн, хохирогч Ч.Т “...Миний том ах Ц.Г нь 2005-2015 оны хооронд С гэх хүнтэй гэр бүл байсан юм. Тэд 2015 онд салж тус тусын амьдралтай болсон. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой намайг гэртээ хоолоо хийгээд байтал С нь өөрийн ... дугаарын утаснаасаа миний ... дугаарын утас руу залгаад “Ярих боломж байна уу?” гэж асуухад нь би “Би хоолоо хийж байна. Одоохондоо ярих боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрийн орой дэлгүүр рүү явж байтал С дахин миний утас руу залгасан. Би түүнээс юу болсон талаар асуухад “Чи эгчдээ 17,000,000 төгрөг олоод өгөөч би 2 цагийн дараа 2,000,000 төгрөг болгоод өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Надад мөнгө байхгүй. Жуулчны бааз маань хаагдсан. Одоо орой болсон тул маргааш хүнээс асууя” гэхэд С “Чи эгчдээ ямар ч байсан бүтээж өгөөрэй. Дараа нь чамайг би харж үзнэ” гэж хэлсэн... Тэр өдрийн маргааш өглөө нь сэртэл С-с “Боссон уу? мөнгөө эртхэн олоод өгөөрэй. Эгчид нь яаралтай хэрэгтэй байна. Эртхэн шиг олоод өгвөл сайн байна шүү” гэх мэт мессежүүдийг бичсэн байсан. Тэгээд байж байтал миний утас руу залгаад юу болж байна вэ? гэхээр нь би “Надад мөнгө байхгүй гэдгээ би танд хэлсэн. Би хүн амьтнаас асууж сураглая. Та хариуцлагатайгаар буцааж өгөөрэй. Би танд нэг удаа тусалъя” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд би тэр өдрийн өглөө өөрийн танил Б-н утас руу залгаад “Миний дүү чамд 17,000,000 төгрөг байна уу? Манай эгч мөнгө олоод өгөөч 2 цагийн дараа 2 сая төгрөг нэмээд өгье гэж байна. Түүнийг нь хоёулаа хуваагаад авчихъя. Эгч нь тэр хүнд туслахгүй бол болохгүй. Чи санаа зоволтгүй мөнгө байвал өгчих” гэж хэлсэн… Ингээд Б бид хоёр 11 цагийн орчимд Х банкны экспресс банкин дээр уулзаж Б-н данснаас 17,000,000 төгрөгийг С-н данс руу шилжүүлж баримтыг нь авсан. Би мөнгө шилжүүлснийхээ дараа С эгч рүү залгаад “Би хүнээс мөнгө аваад таны данс руу хийчихлээ. Та 2 цагийн дараа мөнгөө өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр “Төв хавиар явж байтал 2 цаг нь өнгөрчих байх. Хоёулаа энэ хавиар явж байгаад мөнгөө авчихаад 2 тийшээ салъя” гэж ярилцаж хамт байсан. 2 цагийн дараа С-той утсаар холбогдож мөнгөө хийсэн үү гэж асуухад С “Өнөөдөр хагас сайн өдөр болохоор ажил маань амжихаа больчихлоо. Гадаадын банк амралтын өдөр ажилладаггүй юм байна. 1 дэх өдөр бүтээж өгье” гэж хэлсэн. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан юм. Тэгээд 1 дэх өдөр нь залгахад бас л “одоо бүтнэ, тэгээд шилжүүлнэ” гэж хэлж байсан. Ингэж явсаар өнөөдрийг хүрсэн...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...С.С нь Г.Б, Ч.Т нарыг залилаад 17,000,000 төгрөгийг өөртөө аваад хэрэглэчихье гэсэн санаа зорилго агуулаагүй, өөрөө залилуулсан...” гэж мэтгэлцэж байх боловч үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.С нь хохирогч Ч.Т-н ахтай гэр бүл байсан, урьд нь дотно харилцаатай байсан, ямар зориулалтаар мөнгө зээлж байгаа талаараа хэлээгүй 2 цагийн дараа 17,000,000 төгрөгийг 18,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн учраас хохирогч нар шүүгдэгчид итгээд 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бусдад төлөх төлбөргүй учир прокурорын 2019 оны 06 сарын 13-ны өдрийн ... дугаартай шүүгдэгчийн Улаанбаатар хот Налайх дүүрэг хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт С.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт С.С-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, прокурорын 2019 оны 06 сарын 13-ны өдрийн ... дугаартай шүүгдэгчийн Улаанбаатар хот Налайх дүүрэг хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.Н