| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/01192/И |
| Дугаар | 210/МА2025/01255 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01255
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******ид холбогдох,
45,167,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Энхмаа, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хариуцагч ******* нь 2009 оноос 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 212.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 77 м.кв талбайг нь үсчин гоо сайхны зориулалттайгаар түрээсийн гэрээний дагуу түрээсэлж байсан болно.
******* нь 2016 оны 03 дугаар сард хуримтлагдсан нийт 20,000,000 төгрөгийг сард 500,000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд төлж дуусгана гэж тохиролцон нотариатаар батлуулсан боловч төлбөрөө төлөөгүй өр улам нэмэгдсэн.
Ингээд 2016 оны 09 дугаар сарын 12-ны байдлаар тооцоо нийлж, өр авлага 29,153,955 төгрөг болсон байсныг акт үйлдэж баталгаажуулсан, цааш түрээсээ төлөхгүй явсаар 2018 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар тооцоо нийлэхэд төлбөр 35,629,116 төгрөг болсныг ******* нь 2020 оны 04 дүгээр сарын дотор төлж дуусгана гэж баталгаа бичсэн ч төлөөгүй тул 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцалж байрнаас гаргасан.
Түрээсийн гэрээгээ цуцалж тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 35,629,116 төгрөг болсныг тэрээр 2021 оны 05 дугаар сарын 26-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч үүнээс хойш бага багаар төлсөөр хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс хойш төлбөр огт төлөөгүй.
Иймд, гэрээг дуусгавар болгож түрээсийн байрнаас гарснаас хойш хариуцагч тал цувуулсаар 6,189,230 төгрөгийг төлснийг 35,629,116 төгрөгөөс хасаж үлдэгдэл 29,439,886 төгрөгөөс 14,719,943 төгрөгийн алданги, мөн гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас түүнтэй холбоотой нотариат, өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж гэх мэт зардал нэмэгдсэн. Тиймээс хууль зүйн туслалцааны төлбөр 1,000,000 төгрөгийг оролцуулаад нийт 45,167,829 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Түрээсийн үлдэгдэл төлбөр 29,439,886 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, үлдэгдэл төлбөрийг 2019 оноос хойш *******гийн дансанд төлж барагдуулж дууссан. Мөн түрээсийн төлбөрөө төлсөн байхад үндэслэлгүйгээр алданги 14,167,829 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр, нотариатын төлбөр 1,008,000 төгрөгийг хариуцан төлөх ёсгүй. Нэхэмжлэгч нь өөрөө, өөрийн сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцаа авч, төлбөр төлсөн байхад түүнийг хариуцан төлөх боломжгүй юм.
Гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаан байхгүй, төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 29,439,886 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, энэ түрээсийн төлбөр хаанаас гарч ирснийг тодорхой болгож өгөөгүйгээс гадна аль сард төлөгдөөгүй, яг хэдэн сарын түрээсийн төлбөр гэдэг нь тодорхой биш, гагцхүү миний гарын үсэг байдаг бөгөөд маргаан эхэлснээс хойш бүх шилжүүлсэн мөнгө, тооцоогоо гаргахад түрээсийн төлбөрт 90,000,000 гаруй төгрөгийг ашиглалтын зардлын хамт төлсөн байгаагаас үзэхэд түүнд төлсөн мөнгө дутах биш, харин ч илүү гараад байна.
Түрээсийн төлбөрийг увуулж, цувуулж төлсөн нь үнэн боловч илүү төлбөр өгсөн байна. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой биш байхад алданги болон өмгөөлөгчийн болон бусад зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд, олон жил найз нөхдийн харилцаатай байсан, тодорхой хэмжээний төлбөр байхыг үгүйсгэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 319 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 29,439,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,727,943 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 305,149 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
...Гэрээний хугацаа дуусаж, гэрээ дуусгавар болсон нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар үүрэг үүссэн. Талуудын хоорондын харилцаа үүргийн эрх зүйгээр зохицуулагдана. Иргэний хуулийн ******* зүйлийн 13.1, 326 дугаар зүйлийн 326.2-т тус тус зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж байгаа тохиолдолд төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацааны алдангийг мөн төлөх үүрэгтэй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 14,419,943 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү. Хууль зүйн туслалцаа болон нотариатын төлбөрийн тухай шийдвэрт гомдол гараагүй болно гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хэрэгт 3 гэрээ авагдсан бөгөөд гэрээг үндэслэж алдангийг тооцдог. Гэтэл нэхэмжлэгч тал чухам аль гэрээнээс алданги тооцож байгаа талаар давж заалдах гомдолдоо тусгаагүй. Мөн тухайн гэрээнд хугацаа байх бөгөөд ямар хугацааны хэдэн төгрөгийн түрээсийн төлбөрт алданги тооцож байгаа нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгч тал алданги нэхэмжилж байгаа боловч түүний үндэслэл болсон гэрээнд тусгагдах гэрээний хугацаа, дүн, алданги тооцох хэмжээ зэргийг тодорхойлоогүй. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй алдангийг төлөхгүй гэх тайлбарыг хэлж байна. Хариуцагчийн төлнө гэж хүлээн зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт байгаа боловч энэ нөхцөл байдлыг хариуцагч тухайн үед түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэх агуулгаар огт зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн найз нь хүнээс мөнгө зээлэх гэж байна, чи надад мөнгө өгнө гээд хэлчих гэдэг зүйл нь өнөөдрийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа юм. Тиймээс хариуцагч талын түрээсийн төлбөрт төлнө гэсэн мөнгөн дүнд 50 хувийн алданги тооцож, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хэрэв алданги нэхэмжилж байгаа тохиолдолд гэрээний хэтэрсэн хугацааны үнийн дүнгээс тооцож алдангийг нэхэмжлэх ёстой. Гэтэл дээрх зүйлс тодорхойгүй, зөвхөн *******ийн гарын үсэгтэй үнийн дүнгийн 50 хувийг нь нэхэмжлэлийн үнийн дүн болгосон нь үндэслэлгүй гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2009 оноос эхлэн түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж эхэлсэн байдаг. Улмаар тухай цаг үед одоогийнх шиг техник технологи сайн хөгжөөгүй байсан тул хооронд байгуулагдсан гэрээний дагуу түрээсийн төлбөрийн бэлэн болон банкны шилжүүлгээр төлж ирсэн. Хариуцагчийн зүгээс 2009 оноос эхлэн түрээсийн гэрээ дуусаж гарах хүртэл түрээсийн төлбөрт нийт 100 гаруй сая төгрөгийг бэлэн болон дансаар хариуцагч *******д өгсөн байдаг. Хэдий цаг хугацаандаа өгөхгүй тохиолдол байдаг байсан боловч ямар нэг аргаар нөхөж өгсөөр түрээсийн өр төлбөргүй болсон. Энэхүү хэргийн хамгийн гол ач холбогдол бүхий баримт бол хоёр тал бэлнээр өгсөн тооцоогоо тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэн гарын үсэг үйлддэг байсан. Гэвч анхан шатны тойргийн шүүхээс тухайн тэмдэглэлийн дэвтэр дээр байгаа тооцоо огт харгалзан үзэлгүй мөн тооцоо хийлгүй шийдвэр гаргасан нь хууль бус байна.
Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь бэлэн болон бэлэн бусаар хэдэн төгрөг өгч авалцсан талаар мэргэжлийн хүнээр дүн шинжилгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй нь энэ хэргийг үнэн зөв эргэлзээгүй байх нөхцөлийг хангаагүй атал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дээр хариуцагч татгалзлаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчим үйлчлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Нийт 10 гаруй жилийн хугацаанд бичигдсэн дэвтэр дээрээс ердийн иргэн шууд тооцоолол гарган дүн шинжилгээ хийх боломжгүй юм.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй түрээсийн төлбөр гэж тодорхойлж байгаа боловч нарийвчилсан байдлаар хэдэн оны хэдэн сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй талаар огт дэлгэрэнгүй тайлбарласан зүйл байдаггүй хариуцагч ******* нь түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг төлж барагдуулсан байхад тодорхойгүй хугацааны өр төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй ба гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээ дуусах хүртэл төлбөр төлсөн баримтуудыг г тал бүрээс нь эргэлзээгүй хянаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй үнэн зөв гэхэд итгэх боломжгүй байдал бий болж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагддаг. Хариуцагч тал 4 дэвтрийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан боловч тухайн дэвтрийн чухам аль хэсэгт бичигдсэн хэдэн төгрөгийг төлбөрт төлсөн талаар огт тодорхойлоогүй. Гэтэл зөвхөн 4 дэвтрийг гаргаж өгч тухайн дэвтрүүдийг шинжлэн судлуулахаар шинжээч томилуулъя гэх хүсэлтийг л гаргасан. Шинжээчийг тусгай мэргэжил, ур чадвар шаардсан, тоо тооцоолол хийх шаардлагатай тохиолдолд томилдог. Тухайн дэвтрүүдэд 2011 он болон 2012 онд төлбөр тооцоо төлсөн баримт байх бөгөөд уг баримтад ******* гарын үсэг зурсан тул тухайн үнийн дүнг манай тал хүлээн зөвшөөрсөн. Учир нь 2016 оны тооцоо нийлсэн актад дээрх оны мөнгөн дүнгүүд орсон байсан. Анхан шатны шүүх 4 дэвтрийг нотлох баримтаар аваагүй зүйл байхгүй бөгөөд доторх тооцооллыг нь манай тал тайлбарлаж, шүүх хуралдааны үед 5, 6 баримтыг гаргаж өгсөн. Үүнд 2016, 2018, 2019 онд тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримтууд байдаг. 2019 онд 35,000,000 төгрөгийн төлбөртэй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлсөн төлбөрийг нь хасаж 29,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь дансаар гаргаж өгсөн баримт болон *******гийн өөрийнх нь бүртгэсэн баримтаар нотлогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн нотлох баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргах зарчимтай. Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан түрээсийн төлбөр, алданги, бусад зардалд нийт 45,167,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. ******* нь 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *******той түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *******, ******* хороолол, ******* байр, 7 дугаар орцонд байрлах 212.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 77 м.кв талбайг 5 жилийн хугацаатай сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, /1.х.х-ийн 5-6/
3.2. Талууд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн нэг сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөг болгож, гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан, /1.х.х-ийн 11-13/
3.3. Үүний дараа 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх гэрээний хугацааг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгажээ. /1.х.х-ийн 7-9/
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч ******* нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч *******ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
5. Мөн тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.
Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь нийт 212.8 м.кв талбайгаас 77 м.кв талбайг хариуцагчид түрээслүүлсэн талаар зохигч хэн аль нь тайлбарласан тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, зарим сарын түрээсийн төлбөрийг огт төлдөггүй байсан учир 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлж, түрээсийн үлдэгдэл төлбөр 35,629,116 төгрөгийг хариуцагч нь 24 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, мөн өдөр түрээсийн зүйлийг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгч, гэрээг дуусгавар болгожээ. /1.х.х-ийн 18-19/
Гэвч хариуцагч нь өнгөрсөн хугацааны түрээсийн бүх төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан тул үлдэгдэл төлбөр болон алданги төлөх үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.
6.1. Талууд анх түрээсийн гэрээг бичгээр байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулах хүртэл 52 сарын түрээсийн төлбөрийг сарын 800,000 төгрөгөөр тооцоход 41,600,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс гэрээ дуусгавар болгосон 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 38 сарын түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцоход 38,000,000 төгрөг, нийт 79,600,000 төгрөг болж байна.
Үүнээс хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 39,861,090 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон ба үлдэгдэл 39,738,910 төгрөг байна. /1.х.х-ийн 37-78/
6.2. Мөн хариуцагч ******* нь 2011-2015 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сараас сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах тухай баталгаа өгсөн. /1.х.х-ийн 15/
6.3. Түүнчлэн зохигч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30,773,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 33,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар тус тус тооцоо нийлж баталгаажуулжээ. /1.х.х-ийн 16-17/
6.4. Улмаар хариуцагч ******* нь түрээсийн гэрээ дуусгавар болсон 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******д 7,450,000 төгрөгийг төлсөн байна. /2.х.х-ийн 71-178/
6.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгчийн гэх фэйсбүүк хаягаас хариуцагчийн гэх хаяг руу ... 33-ийг өгнө билүү ... гэх зурвас илгээхэд нэхэмжлэгчээс ... 35,776,086 төг ... гэсэн хариу өгч харилцсан зурвасаас үзвэл хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх ёстой гэдгээ мэдэж байсан гэж үзнэ. /1.х.х-ийн 195/
7. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж, 199.3-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж тус тус заасан.
Тиймээс зохигч 2009 оноос 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг түрээсэлсэн үйл баримтын талаар тайлбарласан, бичгээр байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 39,738,910 төгрөг байсан, хариуцагч нь өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрийн өр-авлагын талаар удаа дараа нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн байхын сацуу түрээсийн гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг төлж байсан гэх зэргээс дүгнэвэл төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 35,629,116 төгрөг гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
8. Хариуцагч нь түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид 100,000,000 гаруй төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн гэх боловч түүний гаргаж өгсөн 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрээс түрээсийн төлбөрт хэдэн төгрөгийг бэлнээр өгсөн болохыг тодорхойлох боломжгүйгээс гадна уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Түүнчлэн хариуцагч нь түрээсийн зүйлийг 2009 оноос 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан, гэрээ дуусгавар болох өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 35,629,116 төгрөг байсан болохыг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул ...нэхэмжлэгчийг тодорхой бус хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн, гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээ дуусгавар болох хүртэл төлбөр төлсөн баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй хянаж шийдвэрлээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж, мөн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч ******* нь түрээсийн төлбөр төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч *******д учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Энэхүү магадлалын 6.4-т дурдсанаар хариуцагч ******* нь гэрээ дуусгавар болгосон 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч *******д 7,450,000 төгрөгийг төлсөн байх тул үүнийг 35,629,116 төгрөгөөс хасвал 28,179,116 төгрөг болж байна.
10. Мөн талуудын байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болон 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрүүдийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгчид хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэсэн алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
Ингээд түрээсийн гэрээ дуусгавар болсон 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 1,711 өдрийн алданги 241,071,245 /28,179,116 х 0.5% = 140,895 х 1,711/ төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчаас алдангид 14,089,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэдийгээр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж, хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч тэрээр түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй учир алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул анхан шатны шүүх гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас түрээсийн төлбөр 28,179,116 төгрөг, алданги 14,089,558 төгрөг, нийт 42,268,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд нэхэмжилсэн нотариатын зардал 8,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр 1,000,000 төгрөг, нийт 1,008,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.
Талууд 2019 оны 05 дугаар сарын 56-ны өдөр гэрээг дуусгавар болгож, хариуцагч нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг 24 сарын хугацаанд төлж дуусгах баталгаа гаргаснаас үзэхэд хариуцагчийн үүргээ гүйцэтгэх ёстой сүүлийн өдөр 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байх бөгөөд үүнээс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
12. Анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/16098 тоот захирамжаар ... хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээч томилон дүгнэлт гаргуулах учиртай ... гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /2.х.х-ийн 191-192/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим үйлчлээгүй гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрөөгүй бол нотлох баримтаар өгсөн бүртгэлийн дэвтрээс өөрийн төлсөн гэх түрээсийн төлбөрийн хэмжээ, он, сар, цаг хугацаа зэргийг шүүж, бэлэн болон бэлэн бусаар өгсөн гүйлгээний баримтын хамт өгөх үүрэгтэй болно.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/03074 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус зааснаар хариуцагч *******оос 42,268,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,899,155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ... 305,149 ... гэснийг 369,293 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 305,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 231,550 төгрөг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР