Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03930 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох,

 

Цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,279,750 төгрөг гаргуулах, 64,273,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай байгууллага *******тай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цемент худалдах, худалдан авах  гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу төлбөрийг түүний эхнэрийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,460,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 64,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ талаар хариуцагч тал маргадаггүй ба түүнд нийт 84,460,000 төгрөгийг өгсөн. Гэрээнд заасан төлбөртөө 272,45тонн цемент нийлүүлэх байсан боловч нийлүүлээгүй, үлдэгдэл нь талууд тооцоо нийлж 20,186,500 төгрөг, гэрээнд заасан алдангийн хэмжээ нь 10,093,500 төгрөг, нийт 30,279,750 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээ нь бичгээр байгуулагдсан, хариуцагч нь танилцаж гарын үсэг зурсан, тийм учраас алдангиас чөлөөлөх үндэслэлгүй. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж өгөөгүй байгаа, манай байгууллага Татварын тухай хуулиар олсон орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татварыг шивэх ёстой. Манайхаас нэхэмжлэхээ илгээгээд хувь хүн зөвшөөрөөд татварын систем дээр шивэгддэг. Хариуцагч ******* нь өнөөдрийн хүртэл цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлэх ёстой цементээ нийлүүлэхгүй байх тул 30,279,750 төгрөг гаргуулах, мөн 64,273,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

...84,460,000 төгрөгийг хүлээж авсан, зарим хэсэгт цемент нийлүүлсэн, үлдэгдэл 20,186,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлыг тухайн үед цемент хүлээж авахдаа падаанаар явдаг, тухайн компани руу нөатаа явуулаад авч болно, би хэлчихсэн байгаа. Үлдсэн цементийн мөнгөө н.******* гэх хүн рүү эхнэрийнхээ дансаар шилжүүлсэн, тэр хүн мөнгө аваад цемент нийлүүлэхгүй алга болсон. Н.*******од холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******аас цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,279,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчид 64,273,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивүүлэхийг даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,348 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 309,348 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гарган өгөөгүй, тайлбар гарган өгөх хугацааг хэтрүүлсэн хэдий ч шүүх хуралдааны явцад гэрээний алданги болох 10,093,250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин гэрээний үүрэгт 20,186,500 төгрөгийг төлөхийг болон 64,273,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивэлт хийхийг зөвшөөрсөн. Мөн эвлэрэх саналтай байгаагаа ч илэрхийлж байсан.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар талд хариуцагч намайг шүүх хуралдаанд биечлэн оролцсоор байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүхэд тайлбараа өгөөгүй, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв гэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр талд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн аль болох талаарх хариу тайлбарыг шүүх болон шүүх хуралдаанд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Талууд маргааны зүйлгүй байна гэж шүүх үзэв гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэж байсан болно.

Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03930 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3-т заасны дагуу 0,5 хувийн алданги тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,279,750 төгрөг гаргуулах, түүнчлэн 62,273,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 20,186,500 төгрөг болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги 10,093,250 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Талууд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22/30 дугаартай цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь Мон болон Хөтөлийн OPS маркийн 45.5 цементийг тонн тутмыг 310,000 төгрөгөөр тооцож, нийт 272.45 тонн, 84,460,000 төгрөгийн үнэ бүхий цементийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор нийлүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. /х.х-ийн 8-10/

 

3.2. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт нийт 84,460,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь 64,273,500 төгрөгийн цемент нийлүүлж, 20,186,500 төгрөгийн цементийг нийлүүлээгүй үйл баримтын талаар зохигч нар маргаагүй. /х.х-ийн 7/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

Зохигч нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад 84,460,000 төгрөгийг шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, харин хариуцагч нь гэрээний дагуу 84,460,000 төгрөгийн цемент нийлүүлэх ёстойгоос 20,186,500 төгрөгийн цемент нийлүүлээгүй талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь алданги 10,093,250 төгрөг шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т Нийлүүлэгч тал захиалагчийн ирүүлсэн хуваарийн дагуу цементийг нийлүүлэг үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд нийлүүлээгүй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх заалтад нийцсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан цементийг биет байдлаар бус, нийлүүлээгүй цементийн үнэ 20,186,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчийн зүгээс зөвшөөрсөн байна.

 

Энэ тохиолдолд талуудыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний биелэгдээгүй хэсгээс татгалзаж, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэрээний төлбөрт нийлүүлэх ёстой байсан цементээс дутуу нийлүүлсэн цементийн үнийг буцаан нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний алдангийн талаарх тохиролцоо мөн адил цуцлагдсанд тооцно.

 

Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болно. Тодруулбал, алданги нь үүргээ гүйцэтгээгүй аль эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгыг агуулах учир бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шинжтэй тул үндсэн үүрэг хүчингүй болсон, эсхүл дуусгавар болсон бол алдангийн талаарх тохиролцоо хэрэгжих боломжгүй.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 10,093,250 төгрөгт холбогдох хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул энэ талаарх шийдлийг өөрчилнө.

 

6. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад гэрээний үүрэгт 84,460,000 төгрөгийг шилүүлсэн боловч үүнтэй дүйцэхүйц хэмжээний цемент хүлээн аваагүй учир гэрээний биелэгдээгүй хэсгээс татгалзаж, 20,186,500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй ба хариуцагчаас энэ талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс нэмж дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

7. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ...үлдсэн цементийн мөнгийг н.******* гэх хүн рүү шилжүүлсэн боловч мөнгө аваад цемент нийлүүлэхгүй алга болсон, н.*******од холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа... гэх тайлбар гаргажээ. /х.х-ийн 33/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж зааснаар хариуцагч нь гэрээгээр тохирсон цементийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан боловч тийнхүү хүлээн авч чадаагүйн улмаас үүссэн хариуцлагыг өөрөө хүлээх тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авахгүй.

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,

 

8.1. Дээр дурдсан хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэхүйц тодорхой байх ёстой.

 

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын цахим баримт олгоход татгалзахгүй гэсэн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна гээд 5.2.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн гэж заасан суутгагч төлөгчийн эрх, үүрэг хүлээх талаар маргаагүй гэж үзнэ.

 

8.2 Хариуцагч нь нэхэмжлэгчид 64,273,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй үндсэн үнэ 58,430,454 төгрөг бөгөөд үүн дээр 5,843,046 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдэнэ. /64,273,500:1.1=58,430,454/ 64,273,500-58,430,454=5,843,046/

 

Иймд, дээр дурдсанаар хариуцагчид 5,843,046 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын баримтыг олгохыг даалгаж шийдвэрлэх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж заасантай нийцнэ.

 

8.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний биелэгдээгүй хэсгээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг алдангийн хамт буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03930 дугаар дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч *******аас 20,186,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчид 5,843,046 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,093,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,348 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР