| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0215/Э |
| Дугаар | 0229 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 0229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.М
Хохирогч Д.Х
Шүүгдэгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1925004160250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б-д нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 39-10 тоотод Д.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр ажлаасаа тараад архи уучихаад гэртээ очсон. Гэрт Хатанзориг ах аавтай архи ууж байсан. Надад нэг хийж өгсөн. Би уусан. Тэгээд юу болсоныг сайн санахгүй байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохиролд 350 000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ахыгаа эргэхээр очсон. Тэгээд ахтай нэг шил архи хувааж уугаад байж байтал Батболд орж ирсэн. Батболдод архи хийж өгсөн. Батболдыг аав нь архи уулаа гэж байсан. Би ч гэсэн аавынхаа үгэнд ор гэж хэлсэн. Батболд тамхи аваад гарсан. Тэгээд орж ирээд намайг гал тогоондоо оруулаад толгой руу сандлаар цохисон. Би барилцаж автал нүд рүү цохисон. Хохиролд 350.000 төгрөг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. Эрхэст Оргил эмнэлэг дээр очиход хамрын таславчийн муруйг засах мэс засал хийлгэхэд ор хоног 250.000 төгрөг, мэс заслын төлбөр 120.000 төгрөг гэсэн. Энэ талаархи баримт алга байна. Миний хувьд хохирол төлөөгүй тул гомдолтой гэсэн мэдүүлэг
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 398 дугаартай дүгнэлтэнд:
1.Д.Х-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамр таславчийн муруйлт, нүүр, хуйх, уруул, зүүн ташаанд зөөлөн эдэд олон тооны хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4.Тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 17-18 ху/,
-Н.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-27 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 39-10 тоотод Хатанзоригтыг аавынхаа үгэнд орсонгүй гэж хэлснээс шалтгаалан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр өдөр ажлаасаа тараад архи уучихаад гэртээ очсон. Гэрт Хатанзориг ах аавтай архи ууж байсан. Надад нэг хийж өгсөн. Би уусан. Тэгээд юу болсоныг сайн санахгүй байна. Би хохирогчоос уучлалт гуйсан” гэсэн, хохирогч Д.Хатанзоригийн “....Батболдыг аав нь архи уулаа гэж байсан. Би ч гэсэн аавынхаа үгэнд ор гэж хэлсэн. Батболд тамхи аваад гарсан. Тэгээд орж ирээд намайг гал тогоондоо оруулаад толгой руу сандлаар цохисон. Би барилцаж автал нүд рүү цохисон” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамр таславчийн муруйлт, нүүр, хуйх, уруул, зүүн ташаанд зөөлөн эдэд олон тооны хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 398 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эмчилгээний зардалд 350.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч төлөхийг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 450.000 төгөргөөр торгох ялаас цагдан хоригдсон 8 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялыг 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 110.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-с 350.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Х-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА