| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0217/Э |
| Дугаар | 0218 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 0218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1925004010231 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Э-д нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-1б-ын 00 тоот гэртээ Ч.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Пүрэвдоржид гэмтэл учруулсан үйлдлээ хагас дутуу санаж байгаа. Хохирогчид учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрнө. Согтолтын зэрэг өндөр байсан. Гэм буруугийн хувьд маргахгүй. Дахин архи хэтрүүлэн хэрэглэхгүй. Хохирогчид эм тарианы тусламж үзүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ч.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бид хоёр авсан архиа хувааж уугаад маргалдаж эхэлсэн. Эрдэнэболд хутга заазуур бариад сууж байхаар нь аваад хөргөгчний ойролцоо шидсэн. Нэг мэдсэн Эрдэнболд миний дээр гарсан миний нүүр рүү цохиж байсан. Би босоод гараад үйлчилгээний төв рүү алхаж байхад миний хөлнөөс цус гараад байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Үйлчилгээний төвийн гадаа очиход Пүрэвдоржийн нүүрнээс нь цус гарсан хөлнөөс нь цус гараад гутал нь цусаар дүүрсэн байдалтай байсан. Би эмнэлэг хүргэж өгөх замдаа юу болсон талаар асуухад Эрдэнэболд намайг шоглоод ийм болгочихлоо гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,
-Яллагдагч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 05 сарын 29-ний өдөр 15 цагийн үед Пүрэвдоржийн гар утсыг ломбарданд 50.000 төгрөгөөр тавьж 2 шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи авч уусан. Ингээд бид 2 нэлээд согтоод улмаар орой 18 цагийн үед би Пүрэвдоржийг халуун юм ууя ус буцалгаад өгөөч гэтэл Пүрэвдорж нэг юм хэлээд над руу ус буцалгагч шидсэн. Тэгэхээр нь бид 2 маргалдаад улмаар бид 2 зодолдсон гэсэн мэдүүлэг /хх 96-97 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 144 дугаартай дүгнэлтэнд:
1. С.Э-н биенээс авсан цусанд этилийн спирт 2.6 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 24 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 396 дугаартай дүгнэлтэнд:
1. Ч.П-н биед баруун хөмсөг, хамрын нуруунд, зүүн шилбэнд 3 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шарх тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2019 оны 05 сарын 29-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 28-29 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 115 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулны хязгаарлагчийн доод хэсгээс 1 ширхэг, заазуурын ажлын хэсгийн зүүн, баруун талаас тус бүр 1 ширхэг гарын мөр илэрнэ.
2. Шинжилгээний явцад илэрсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 34-35 ху/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3620 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Пүрэвдоржийн гэх хатаасан цус нь ABO системээр А /II/ бүлгийн харъяалалтай байна.
2. Ногоон цэнхэр алаг өнгийн хуванцар 11.3 см иштэй, 23 см урттай 5.5 см өргөнтэй заазуур дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илээргүй.
3. Ногоон цэнхэр алан өнгийн хуванцар 11.3 см иштэй 23 см урттай 5.5 см өргөнтэй заазуур дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.
4. Саарал өнгийн хуванцар оруулгатай 11.2 см иштэй 22.2 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илээргүй гэсэн дүгнэлт /хх 109-110 ху/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6, 36, 37 ху/
-Согтуурал шалгасан баримт /хх 9 ху/
-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12 ху/
-С.Эрдэнэболдыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 92-97 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-1б-ын 00 тоот гэртээ Ч.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны үнэн зөв мэдүүлсэн. Пүрэвдоржид гэмтэл учруулсан үйлдлээ хагас дутуу санаж байгаа. Хохирогчид учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрнө” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Пүрэвдоржийн “...Бид хоёр авсан архиа хувааж уугаад маргалдаж эхэлсэн. Эрдэнэболд хутга заазуур бариад сууж байхаар нь аваад хөргөгчний ойролцоо шидсэн. Нэг мэдсэн Эрдэнболд миний дээр гарсан миний нүүр рүү цохиж байсан” гэсэн мэдүүлгүүд /хх 14-15 ху/, гэрч Б.Батбаатарын /хх 20 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед баруун хөмсөг, хамрын нуруунд, зүүн шилбэнд 3 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 396 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 144, 115, 3620 дугаартай дүгнэлтүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч С.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Э-д нь торгох ялыг сард 200.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА