Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 016

 

Д.Тайванбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Тайванбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 989 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Тайванбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Тайванбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014.07.01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Хатгал нисэх буудлын онгоцны техникч-ээр анх томилогдон ажиллаж байгаад 2016.02.15-ны өдөр орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар цомхтгол хийсэн. 12 хүн энэ цомхтголд орсон. ... Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан гэх үндэслэлээр, шалтаглан хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Ажил олгогч нь ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.2.7, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм. ... Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан нь үндэслэлгүй. ... Иймд Галын бүлгийн ахлагчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр байхад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль бус байна. ... Иймд 2016.05.13-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Дугардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Тайванбаяр нь 2014 оноос тус нисэх буудлын харъяа Хатгал нисэх буудалд онгоцны техникчээр ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/20 дугаар тушаалаар Хатгал нисэх буудлын орон тоонууд хасагдсан тул 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч байгууллагын удирдлагын зүгээс Д.Тайванбаярын нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн өдрөөс галын бүлгийн ахлагчийн орон тоон дээр шинээр авч авч ажиллуулсан. ... Д.Тайванбаярын хувьд галын бүлгийн ахлагчийн ажлын байранд тавигдах шаардлага буюу Иргэний нисэхийн дүрэм 139-ийн 139.167-д заасан шаардлагыг үл ханган дээрх сургалтад хамрагдаж гэрчилгээжээгүй, ажлын дадлага туршлагагүй, мэргэжлийн бус байсан тул уг ажлын байран дээр шинэ ажилтны нэгэн адил үзэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.6-д шинэ ажилтны туршилтын хугацаа 3-6 cap байна гэсэн заалтын дaгyy ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн түр гэрээг байгуулан ажилласан. Улмаар Д.Тайванбаяр нь туршилтын хугацаанд ажиллахдаа мэргэжлийн сургалтад хамрагдаж, гэрчилгээжсэн боловч уг ажлын байрны үндсэн үүрэг болох нийт ажилтнууд болон бүлгийн гишүүдэд галын аюулгүй байдлын зааварчилгаа өгч, заавар, зөвлөмж, гарын авлагыг боловсруулан, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулах, галын бүлгийн бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй хангах, галын аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах, галын бүлгийн хариуцсан гал унтраах машин техник, багаж зэвсэглэмжийн засвар үйлчилгээг тогтмолжуулж бэлтгэл бэлэн байдлыг хангах зэрэг үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлж, ... Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулаагүй, бүлгийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх бэлэн байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүлгийн гишүүд болон нисэх буудлын ажилтнуудад нэг ч удаа заавар, зөвлөмж өгч, дадлага, сургалт зохион байгуулаагүй байсан зэргээс Д.Тайванбаярыг уг ажлыг гүйцэтгэх чадваргүй гэж үзэн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7, Хөдөлмөрийн тухай хууль-ийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно. Иймд Д.Тайванбаярын нэхэмжлэлийн шаардлагын дагуу галын бүлгийн ахлагчийн ажлын байранд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн ажилчдыг цомхтгосон хугацаа нь өвөл байсан учраас Иргэний Нисэхийн Ерөнхий газраас эдгээр хүмүүсийг ядаж урин дулаан болтол ажиллуулж, ажиллах нөхцөл боломжоор нь хангаж өгөөч гэсэн шаардлага тавьсан. Түүний дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар түр хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулж ажиллуулсан. Түүнээс биш байнгын ажлын байранд байнга ажиллуулна, туршилтын хугацаа сунгаж явна гэсэн асуудал үүсээгүй. Түүнийг Д.Тайванбаяр ойлгосон байх. Туршилтын болон түр хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн гэрээний 3.2-т энэ гэрээ нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчилнэ гэж заасан байгаа. Ажил олгогчийн зүгээс цомхтголд орсон ажилтныг тодорхой хугацаагаар ажлын байраар хангах боломж олгож өгсөн. Түүнээс биш цаашид байнгын ажлын байранд ажиллуулна гэсэн зорилгогүй байсан. Тийм учраас 5 дугаар сарын 13 ажлын сүүлийн өдөр байсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 989 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тайванбаярыг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.273.050 /зургаан сая хоёр зуун далан гурван мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тайванбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас 185.519 /нэг зуун наян таван мянга таван зуун арван ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс нэхэмжлэгч Д.Тайванбаярыг Нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд хамаарах цалинг гаргуулахаар шийдвэрлэхдээ Д.Тайванбаярын цалингийн талаар шүүхийн шатанд хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тогтоосон нь манай Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. ... Шүүх Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны цалинг тогтоохдоо түүний үндсэн цалинг буруу тогтоосон байна. Д.Тайванбаярыг туршилтын хугацаанд 735.426 төгрөгөөр цалинжуулж ажиллуулж байсан бөгөөд 1.191.312 төгрөгийн цалин нь түүний өмнөх ажлаас цомхотгосон амралтын цалин бусад нэмэгдлүүдийг оролцуулсан цалин юм. Туршилтын хугацаанд үндсэн цалингаас өөр нэмэгдлийг ажилтанд олгодоггүй бөгөөд Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны цалинг энэ үндсэн цалингаас тооцвол 1 сарын буюу ажлын 21.5 хоногт авдаг цалин 735.426 төгрөг. Үүнээс нэг өдрийн цалинг тооцвол 34.206 төгрөг болно. Шүүхээс тогтоосон 70 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин нь 70х34.206=2.394.420 төгрөг болно. ... Шүүх Д.Тайванбаяраас ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй өөрийн үзэмжээр 6.273.050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн хэлэлцүүлэгт Д.Тайванбаярын үндсэн цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар зохигчдын маргаан өрнүүлээгүй буюу ИХШХШТХ-ийн 107 дугаар зүйлд заасан “зохигч, оролцогч мэтгэлцэх” боломж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж бид үзэж байна.

... Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан “Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.273.050 /зургаан сая хоёр зуун далан гурван мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тайванбаярт олгох”-оор заасан заалтыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл энэ заалтад өөрчлөлт оруулж, Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны цалинг 2.394.420 /хоёр сая гурван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг байхаар тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Тайванбаяр нь хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудалд холбогдуулан галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн учир Д.Тайванбаярыг галын бүлгийн ахлагчийн ажлын байранд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Тайванбаяр нь Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар  “Хатгал нисэх буудлын онгоцны техникч”-ээр, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/25 тоот тушаалаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “галын бүлгийн ахлагч”-ийн ажилд тус тус томилогдож ажиллаж байгаад ажил олгогчийн  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/51 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.  

Нэхэмжлэгч Д.Тайванбаярыг галын бүлгийн ахлагчаар томилсон ажил олгогчийн  2016 оны 2 дугаар сарын 15 –ны өдрийн тушаалд түр хугацаагаар авч ажиллуулах талаар огт дурьдаагүй атлаа “туршилтын болон түр хугацаагаар байгуулах  хөдөлмөрийн гэрээ” –г ажилтантай байгуулсан нь ойлгомжгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг байгуулахад ажил олгогчийн хүлээх үүргийн талаар тодорхойлсон байх ба энэхүү хуульд заасан үндэслэлүүд нь нэхэмжлэгч Д.Тайванбаярыг түр хугацаагаар галын бүлгийн ахлагчийн ажиллуулах үндэслэл болохгүй юм.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын ажлын байранд хугацаатай /3 сарын/ хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Тайванбаярыг  галын бүлгийн ахлагчийн ажилд түр хугацаагаар томилох болсон үндэслэл, шаардлага болон нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласнаа бүрэн нотолж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Тайванбаяр нь 2016 оны 2 дугаар сарын 15 -ны өдрөөс эхлэн галын бүлгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн ба түүний 3, 4 сарын цалин олговор нь дээрх ажил эрхэлснээр олгогдож байсан цалин хөлс гэж тооцогдохоор байх тул   шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцож олгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 2 сарын /3, 4 сарын/  дундаж цалин хөлсөөр тооцож нийт 6.273.050 төгрөгийг хариуцагчаас гаргуулсанг буруу гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх журмыг бүрэн  хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийн гаргасан “ ... Шүүх Д.Тайванбаяраас ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй өөрийн үзэмжээр 6.273.050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны цалинг 2.394.420 /хоёр сая гурван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг байхаар тогтоож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                      

                                                                     Т.ГАНБАТ