Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2025/0064

 

 

Д.С*****ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                       П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа                       

                                                             М.Батсуурь                       

                                                             Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                               Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1041 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0196 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/0265 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***-ыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Д.С*****ээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/*** дугаар захирамжийн Д.С*****т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/**** дугаар захирамжаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 49 дүгээр зүйлийн 49.3.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрээ, гэрчилгээгээ аваагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хавсралтад дурдсан иргэн (хавсралтын **** дугаарт Д.С*****), аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

3.Нэхэмжлэгчээс “... 2010 оноос газар эзэмшиж эхэлснээс хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу газар эзэмших үүргээ хэрэгжүүлсэн, газар эзэмших гэрээний дагуу улирал тутам газрын төлбөрийг төлөхөөр тохиролцсон ба ebarimt цахим системээр эхний улиралд багтаан тухайн жилийн газрын төлбөрөө бөөнд нь төлсөн байхад газрын төлбөрөө төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хариуцагч газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан эсэхийг тодруулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагаа явуулаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, гомдол гаргагчийн оролцоог хангаагүй тул захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг зөрчсөн, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг нь зөвхөн нэхэмжлэгчид хамаарахгүй бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянан үзэж, алдаа зөрчлийг тухай бүр засуулах, урьдчилан сануулах үүрэг захиргаанд мөн хамаарна, захиргаа зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авсаар байхад газар эзэмшигч үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авах нь захиргааны эрх, тус газрын алба буюу захиргааны байгууллага хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүйгээр гомдол гаргагчийг буруутгаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т зааснаар хариуцагч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх үүрэгтэй, ингэснээр дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх агуулгатай, гэвч нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Газрын албанд очиж мэдсэн, захиргааны байгууллагаас актыг мэдэгдээгүй, хэзээ, хэрхэн, яаж мэдэгдсэн нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийг гаргаагүй ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.

3.1.Хариуцагчаас “...  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны **** дугаар захирамжаар амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2016 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/**** дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, дээрх иргэн нь тус газраа эзэмшиж эхэлснээс буюу 2010 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2013 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5-д зааснаар тус иргэн нь захиргааны акт гарах хүртэлх хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй учир 2024 оны А/****** дугаар захирамж үндэслэлтэй ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрөн хариу тайлбар гаргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Д.С*****ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/**** дугаар захирамжийн Д.С*****т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1041 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “40.1.5,” гэснийг хасч өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О****-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/0265 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:

7.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүү гаргасан тухайд: Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмын талаар Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан бөгөөд захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нотлох баримт цуглуулж, сонсох ажиллагаа явуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмын агуулгатай нийцнэ. Энэ зарчмын агуулга нь захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө хийгдсэн ажиллагаа (сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тогтоох)-тай холбоотой нотлох баримт, маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн баримт гаргуулах шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагчаас ийм баримт байхгүй гэдэг бөгөөд энэ нь шийдвэр гаргах ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм.

7.1.1.Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, харин давж заалдах шатны шүүхийн магадлалын 12 дахь хэсэгт дүгнэсэн. Олон нийтийн сүлжээгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна уг баримтад нэхэмжлэгчийн нэр байдаггүй. Мөн сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн баримтад нэхэмжлэгчийн нэрийг бичсэн байх ба цахимаар явуулсан баримтын эх хувь гэж тайлбарладаг боловч хоёр өөр баримт байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх нэг баримт гэж үнэлснээс буруу дүгнэлт өгсөн бөгөөд тус шүүх хэрэгт хамааралгүй баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь буруу юм.

7.1.2.Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн цаг хугацаанаас хойш газрын төлбөрийг 2024 он хүртэл бүрэн төлж байсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч маргаан бүхий газарт дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, оршин суух нөхцөл бүрдээгүй буюу тог цахилгааны асуудал шийдэгдээгүй байдлыг анхаарч үзээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь хууль хэрэглээний зөрүү гарсан гэж үзэж байна.

7.1.3.Учир нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэж зааснаас үзвэл, захиргааны байгууллага анх газар эзэмшүүлэхдээ газрын дэд бүтцийн асуудлыг шийдсэний үндсэн дээр газар эзэмшүүлэхээр байна. Нэг талаас газар эзэмшигч газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, нөгөө талаас захиргааны байгууллага газрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүрэгтэй байсан.

7.1.4.Мөн маргаан бүхий газрыг тойрсон 20 гаруй айл эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч тухайн хугацаанаас хойш одоог хүртэл нэг ч айл суурьшаагүй, ижил үйл баримттай олон газар эзэмшигчээс нэг иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй явдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

7.2.Маргаан нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаарх гомдлын тухайд: Энэ маргааныг хянан шийдвэрлэх замаар Улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолоо тодруулах боломжтой. Учир нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгээс үзвэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг хэдэн ч удаа сунгах боломжтой байх ба захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг анх газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш ойлгох уу эсхүл газар эзэмшүүлэх гэрээг сунгаж, шинээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан хугацаанаас хойш ойлгох уу гэдгийг тодруулах боломжтой. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь үүнтэй төстэй өөр олон маргаан гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул “зарчмын хувьд ач холбогдолтой” гэж үзэж байна.

7.2.1.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн дагуу газар эзэмшигч этгээд газраа сунгуулаад 10, 20 .... 100 жил гэх мэт хугацаагаар газар эзэмших эрхтэй байх ба тухайн этгээдийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар цуцалсан гэж үзье. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдлээр анх гэрээ байгуулсан хугацаанаас тоолох зарчмыг баримталбал газраа эзэмшээд 100 жил болж буй этгээд газраа зориулалтын дагуу ашигласан эсэхэд шүүх хэдэн зуун жилийн өмнөх үйл баримтад дүгнэлт өгөхөөр байна. Иймд энэ маргааныг хүлээн авч, өмнө нь гаргасан шүүхийн тайлбараа тодруулах боломжтой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбарыг ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Баянзүрх дүүргийн ******** ам гэх (тухайн үед *** дүгээр хороо) байршилд  700 м.кв газрыг “амины хашааны” зориулалтаар 5 жилийн хугацаатай иргэн Д.С*****т эзэмшүүлэх эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын (цаашид “Засаг дарга” гэх) 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар захирамжаар олгож, баталгаажуулсан байна.

11.Улмаар дээрх 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг нэхэмжлэгчийн хүсэлтээр Засаг даргын 2016 оны А/***** дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэхдээ газрын зориулалтыг “гэр бүлийн хэрэгцээний” гэж өөрчилсөн байх бөгөөд тус шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн (тухайн үед ****дугаар хороо) **** амны **** тоот хаягт “гэр, орон сууцны хашааны” зориулалтаар 15 жилээр эзэмшүүлэхээр, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгож, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээг байгуулжээ.

12.Д.С***** нь газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газрын төлбөрийг төлсөн нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдох бөгөөд газар дээрээ амины орон сууц захиалан бариулахаар 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “С*****” ХХК-тай гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байна.

13.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрээ, гэрчилгээгээ аваагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар олгогдсон 85 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/**** дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэнд иргэн Д.С*****т олгосон дээрх газар (хавсралтын **** дугаарт) мөн багтжээ.

Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг “газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл, гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзол”-оор нь ялгаатай тайлбарлаж хэрэглэх эсэх, үүнд ялангуяа гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газрыг тусгайлан авч үзэх эсэх тухай байна.

14.Газрын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “гэр бүлийн хамтын хэрэгцээний”, “төрийн байгууллагын”, “аж ахуйн нэгж, байгууллагын” гэсэн төрөлтэй байхыг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтаар зохицуулсан.

15.Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 2-т “Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүртэлх хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар” газрын төлбөрөөс чөлөөлөхөөр тус тус хуульчилжээ. Иргэн Д.С*****т энэ зориулалтаар газар эзэмших эрх үүссэн.

16.Хуулийн дээрх заалтуудад хамаарах гипотез (иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээгээр газар эзэмшүүлэх нөхцөл) нь:

I.газрын зориулалт нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд;

II.газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байх;

III.эрх олгохдоо үнэ төлбөргүй;

IV.газрын төлбөрөөс 90 хувиар чөлөөлөх зэрэг байна.

17.Газрын тухай хуулийн 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн танилцуулгад “... төр засгаас явуулж байгаа газрын шинэтгэлийг эрчимжүүлж, иргэдийн газар эзэмших эрхийг өргөтгөх, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах ...” гэх зэргээс үзэхэд, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг зорилго нь Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ингэснээр иргэдээ амьдран суух болон гэр бүлийн зориулалтаар эзэмших газартай болгож, газар эзэмших эрхийг нь хэрэгжүүлэх нөхцөлийг хөнгөлөн дэмжих агуулга байжээ.

18.Тодруулбал, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх үндсэн зорилго нь Монгол Улсын иргэдийн хувьд өөрийн гэсэн амьдрах, аминдаа гэр, сууц барих зэргээр гэр бүлийн зориулалтаар газартай болгох хууль зүйн нөхцөлийг бүрдүүлэх явдал байжээ. Энэ эрхийг олгох, баталгаажуулах, хэрэгжилтийг хангах зорилгоор Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх “тухайлсан зориулалт” гаргаж, 700 м.кв газрыг, нэг удаа, үнэ төлбөргүйгээр, энэ зориулалтаар олгох, улмаар газрын төлбөрөөс 90 хувиар чөлөөлөх зэргээр “нөхцөл, болзол”-ыг тусгайлан зохицуулжээ.

19.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэдэг нь газрын зориулалт, ашигтай байдлаас хамааран, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг зохицуулах бөгөөд газар эзэмших “нөхцөл, болзол”-ыг Газрын тухай хуульд заасан газрын зориулалтаас хамаарч ялгаатай хэрэглэхээр байна.

20.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээний зориулалтаар газар олгох зохицуулалт нь иргэний гэр бүл, эдийн засаг, хөрөнгө чинээ, аж байдлаас шалтгаалан эзэмших байдал нь харилцан адилгүй байж болох, эзэмшил ашиглалтын уян хатан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн учир иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх нөхцөл шаардлага, мөн иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх зориулалтыг Газрын тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулжээ. Үүний учир нь, тухайн гэр бүлийн наад захын хэрэгцээ, амьжиргааны нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтийн хөрөнгийн эх үүсгэвэртэй болгох зорилготойгоос гадна гэр бүл төрийн хамгаалалтад байх Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн эрхийн баталгааг хангахад чиглэсэн гэж үзэж болно.

21.Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй.

22.Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлагаас нөхцөл, болзлын хувьд ялгаатай, ... өөрөөр хэлбэл, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн. Харин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ.

23.Ийм зориулалтаар газар эзэмшигч этгээд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу” өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших гэх хуулийн агуулгад хамаарахаар байна.

24.Гэтэл хариуцагч Засаг дарга уг хуулийн дээрх зорилго, зохицуулалтыг үл харгалзан нэхэмжлэгч иргэнийг “гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй.

25.Иргэн Д.С*****ийн хувьд, тухайн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт анх 2010 онд ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлтээ гаргаж, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газар эзэмших эрх нь үүссэн бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг 2016 онд 15 жилээр сунгуулсан, мөн газраа зориулалтын дагуу эзэмших нөхцөлөө сайжруулах зорилгоор 2020 онд газар эзэмших, ашиглах гэрээг захиргааны байгууллагатай байгуулсан зэрэг нь тус газар эзэмшигч иргэн газраа олгосон зориулалтаар эзэмшиж, ашиглах хүсэл эрмэлзэлтэй байсан нь илэрхий байх тул нэхэмжлэгчийг орчны төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил, өөрийн амьдралын боломжит нөхцөлөөс хамааран газраа зориулалтаар нь эзэмшиж байгаа гэж үзнэ.

26.Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зохицуулалтыг эрхийн гэрчилгээ эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллага (хуулийн этгээд)-ын эзэмшиж буй газрын зориулалтаас хамааран ялгаатай байдлаар тайлбарлаж хэрэглэх нь тус хуулийн агуулга, зорилгод нийцнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид олгосон газар, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан иргэдэд олгосон газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх болзол, нөхцөл нь ялгаатай байдлаар тайлбарлагдахаар байхад хариуцагч Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С*****ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй байна.

27.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн зориулалтыг харгалзан үзэхгүйгээр “нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, хашаа татаагүй газраа ... зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Газрын тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хуулийн зорилго, агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

28.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж зааснаар “иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх” тохиолдлыг “иргэн, аж ахуй нэгжид үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар” газар эзэмшүүлэх нөхцөл, шаардлагаас ялган тайлбарлаж хэрэглэх нь Газрын тухай хуулийн зорилго, агуулгын хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.

29.Иймд дээрх үндэслэлээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/**** дугаар захирамжийн Д.С*****т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

30.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасны дагуу шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч тусгай санал гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1041 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0196 дугаар магадлалыг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан иргэн Д.С*****ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/**** дугаар захирамжийн Д.С*****т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Д.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧИД                                                                М.БАТСУУРЬ

                                                                                                            Ц.ЦОГТ

                                                                                                            Х.БАТСҮРЭН