Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 7

 

2017 оны 4 сарын 24 өдөр       Дугаар 127/ШШ2017/0007                                      Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 127/2017/0008/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа би: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, тус сумын Засаг даргад холбогдох “Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан захиргааны хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ц.Цэрэндуламыг томилохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2016 оны 12 сарын 03-ны өдөр хуульд заасан ирцтэйгээр хүчин төгөлдөр явагдсан. Хурлаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчийг сонгон баталгаажуулж, улмаар багийн Засаг даргыг мөн хуульд заасан журмаар нэр дэвшүүлэн санал хурааж санал хураалтад оролцсон иргэдийн олонхийн буюу 78,9%-ийн саналыг нэр дэвшигч Ц.Цэрэндулам авсан тул түүнийг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцох тухай Хэрлэн сумын Хэрлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоол гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан журмын дагуу Хэрлэн сумын Хэрлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 01 тоот “Сумын Засаг даргад томилуулахаар уламжпах тухай" тогтоол гарган томилох эрх бүхий албан тушаалтан болох Хэрлэн сумын Засаг даргад 2016 оны 12 сарын 05-ны өдөр хүргүүлсэн болно. Гэвч Хэрлэн сумын Засаг дарга Ц Идэрбат нь багийн Засаг даргыг томилох эсвэл өөр ямар нэгэн шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрээд байна. 

Иргэдийн Нийтийн Хурал бол тухайн багийн иргэдийн өөрөө удирдлагын шууд байгууллага бөгөөд түүнээс гаргасан шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ" гэж заасны дагуу Хэрлэн сумын Хэрлэн багийн ИНХ-ын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг Хэрлэн сумын Засаг дарга биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу Өндөрхаан багийн Засаг даргыг томилох шийдвэр гаргах үүрэгтэй.

Тус шийдвэр гаргах үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 4.2 3ахиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1 хуульд үндэслэх; 4.2.2 шуурхай тасралтгүй байх; Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн 1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу 30 хоногийн дотор багтаан гүйцэтгэх ёстой.  Жич: Иргэдийн Нийтийн Хурал нь багийн иргэдээс бүрдэх бөгөөд түүнээс гарах шийдвэр нь иргэдийн шийдвэр тул тухайн шийдвэрийг биелүүлэх асуудлаар сумын Засаг дарга буюу албан тушаалтанд хандаж буй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д "Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна" гэж заасан үйлчлэх хүрээнд хамрахаар байна.

Гэтэл тус асуудлаар өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөлгүй багийн Засаг даргыг томилолгүй нийт 50 хоног болоод байгаа тул Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг зөрчиж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар захиргааны хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.

Иймд Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбатыг Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг шийдвэрлэлгүй орхигдуулсан захиргааны хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ц.Цэрэндуламыг томилохыг даалгах өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшсэн Цэнджав овогтой Цэрэндуламын материалыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналуулахаар хүргүүлсэн болно. Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй бол Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилох болно” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч нь, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн  баг буюу 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар тус багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Ц.Цэрэндуламыг томилуулахаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу уламжилсан боловч Хэрлэн сумын Засаг дарга ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, тус багийн Засаг даргаар Ц.Цэрэндуламыг томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргаар Ц.Цэрэндуламыг томилсон байна. 

Хариуцагч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ц.Цэрэндуламыг томилохыг даалгах тухай нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй. 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА