Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00898

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01011 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2020 оны 10 дугаар сараас *******-д ерөнхий инженерээр ажилд орж, "******** Баруун цанхийн хөрс хуулалтын ажлын туслан гүйцэтгэгчийн төсөл-г хариуцан 2 жил 9 сар ажилласан. Тус компанид би дээрх төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах, компани надад байр өгөх, сар бүр 3,500,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцсон ч бичгээр гэрээ байгуулаагүй. Мөн ажлын байрны тодорхойлолт, болон ажлын байрны тушаалтай танилцуулаагүй.

Гэтэл 2023 оны 08 дугаар сараас ****** хэрэг нийтэд мэдэгдэж, компанийн удирдлага шалгагдах асуудал яригдаж эхэлсний дараа компанийн удирдлагаар захирлын хамаатан садны хүмүүс ирээд намайг тойрохоо зураад амар гэсэн ба компаниас өгсөн байрыг буцаан авч, дараа нь хууль бусаар ажлаас халсан.

Ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлийн аль нь бүрдсэн болох талаар огт тусгаагүй. Тушаал гарах үед ******* татан буугдаагүй, ажлын байр хасагдаж орон тоо цөөрсөн нөхцөл байдал үүсээгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу тушаалыг компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тухайн үед тушаалыг надад танилцуулаагүй бөгөөд 7 сарын дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тушаалын хуулбарыг өгсөн. Мөн энэ тушаал Эрдэм транс ХХК-ийн хуулбар үнэн тамгатай байсан бөгөөд хэлбэр болон агуулгын хувьд хууль бус.

1.2. Манай төсөл ашигтай ажиллаж байсан ба нийтийн тээврийн салбарт ажилладаг компанийн улирлын орлогыг нэг сард олж байсан. Энэхүү ажлын үр дүнд 2021 оны 03 дугаар сард гүйцэтгэх захирлууд хэлэлцэж, Хан-Уул дүүргийн 24-р хороо, ******* хотхоны 1202-р байр, 1-р орц, 4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг өгсөн. Орон сууцад анх ороход ажил олгогчоос тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гармагц 2023 оны 08 дугаар сард миний нэр дээр шилжүүлнэ гэж байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сард хүний нөөцийн мэргэжилтэн гэх Я.Тунгалаг байрыг буцааж авсан.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******** ерөнхий инженерээр ажиллах хугацаанд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу зохих цалин хөлс, нэмэгдлийг тогтмол олгож байсан. Гэвч ******* компани хийлгэсэн ажлын хөлсөө төлөхгүй их хэмжээний өр авлага хуримтлагдсанаас үүдэж 2021 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа зогсоосон.

Ерөнхий инженер ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, компанийн удирдлагаас хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэн өөр захиалагчийг олж гэрээ байгуулах, банкны өндөр хүүтэй зээлээр худалдан авсан, бүтээмж ихтэй техник хэрэгслүүдийг сул зогсоохгүй үр ашигтай ашиглах, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлээр идэвх санаачилга гаргахгүй байсаар ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй, банкны өр ширэнд баригдан компанийг дампуурах байдалд оруулсан.

Мөн ажиллах хугацаандаа компанийн шахсаар байгаад өндөр үнэтэй, хэрэгцээ шаардлага багатай, ашиггүй техник, тоног төхөөрөмж, 10 монгол гэр авахуулан 100,000,000 гаруй төгрөгийн үргүй зардал гаргуулсан. Мөн ажлын гүйцэтгэл хэмждэг маркшейдэрийн багаж авах гэсэн чинь 20 гаруй мянган долларын өндөр үнэтэй байна, түрээсийн багаж авч ашиглая гэж худал хэлээд өөрийнхөө таньдаг хүний багажийг түрээсэлсэн.

Уурхайн ажил зогссон боловч ******** манай хамаарал бүхий ******** ХХК-аас цалинжуулан нийгмийн даатгалыг төлж явсан бөгөөд ажлаа 2023 оны 07 дугаар сараас хаяж явсан.

Иймд ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан журмын дагуу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тушаал гарган хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Тухайн үед компанийн захирал эзгүй байсан тул ерөнхий менежер тушаал гаргасан.

2.2. Хан-уул дүүргийн 24 дүгээр хороо, ******* хотхоны 1202 дугаар байрны 1-р орц, 4 тоот хаягт орших 2 өрөө орон сууц нь манай компанийн өмч биш бөгөөд ******** манайд ажиллах хугацаанд түр амьдруулж байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******** *******-ийн ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас 39,019,214 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, мөн хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч *******-аас 131,952,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40,440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн гэрээний урамшуулалд 131,952,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу урамшууллын талаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож болно.

Миний хувьд анх энэ ажилд орохдоо л хөдөлмөрийн гэрээний урамшуулалд байр авахаар тохирч, энэ ч үүднээс тус компанид ажилд орсон.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ч шүүхээс "талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн" гэж зөв дүгнэсэн атлаа, хөдөлмөрийн гэрээний харилцаанд урамшуулал өгөх талаар тохиролцоо байсан эсэхийг зөв дүгнэж чадаагүй.

Хэрэгт ******* намайг ажилд авахдаа байр өгнө гэж амласан талаар гэрч ******* мэдүүлэг авагдсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа гэрч ******* мэдүүлгийг огт үнэлээгүй, шийдвэртээ энэ талаар дурдаагүй.

Мөн компани надад байр өгөхөөр тохиролцсон болохыг *******-ийн гүйцэтгэх захирал *******ы тайлбараар давхар нотлогддог.

Иймд хариуцагчаас хөдөлмөрийн гэрээний урамшуулалд 131,952,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхээс ******** *******-ийн ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 39,019,214 төгрөг гаргуулж, мөн хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Ажил олгогч 2023 оны 08 дугаар сард халах тушаал гаргаад 09 дүгээр сард амралтын мөнгийг олгосон.

******** нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд ажилгүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар 2023 оны 10 дугаар сараас эхлэн "*******" нэртэй компанид ажилласан гэдэг нь харагдана. Энэ үйл баримтыг харгалзан үзэхгүй 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсанд тооцон 39,019,214 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал шүүх хуралдааныг нэг ч удаа хойшлуулаагүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан нь цалингийн олговрыг нэмэгдүүлэх санаа зорилготой байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн гэрээний урамшуулалд орон сууц авах ёстой гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ нотлоогүй. Орон сууц буюу урамшуулал олгоно гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа ав гэж явуулсны дараа гэнэт ажлаас халсан. Тушаал гарсан эсэхийг асууж, тушаалыг гардаж авах гэж удаа дараа очсон боловч тушаалыг өгөөгүй атлаа ерөнхий менежер ******* гарын үсэгтэй хуулбар тушаал өгсөн. Тухайн үед тушаалыг гардуулсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хөөн хэлэлцэх хугацааны талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хөдөлмөрийн эрхийн маргаанд холбогдох хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

3.1. Хэдийгээр бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ******* нь *******-д 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий инженерийн ажлын байранд ажилласан, талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсчээ.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гардуулж өгсөн боловч 2023 оны 09 дүгээр сараас нэхэмжлэгч нь *******-д ажиллаагүй байна.

Энэ үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв үнэлсэн.

 

3.2. Ажил олгогчийн 2023 оны 09 дүгээр сараас эхлэн ажилтныг ажиллуулаагүй, ажиллах орчин нөхцөлөөр хангаагүй асуудлаар нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гардан авсаны дараа Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах, эсхүл мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд шууд гомдол гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сараас эхлэн ажил олгогч ажиллуулаагүй болохыг мэдэж байсан, мөн тухайн цаг хугацаанаас эхлэн *******-д ажиллаагүй атлаа ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах эрхээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тушаал гардан авсан үеэс хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлжээ.

Хэдийгээр ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд шүүх болон хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй.

Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүнд холбогдох хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй.

 

3.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хариуцагч *******-тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, ******* хотхон 1202 байрны 4 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан боловч уг орон сууцыг урамшууллын дагуу өмчлөх эрхтэй болохоо баримтаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан гэрч ******* мэдүүлэг нь бусад баримтаар үнэн зөв, эргэлзээгүй болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдоогүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 131,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 817,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 353,046 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ