| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0079/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Н.А,
Хохирогч Н.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ч.Г-т холбогдох эрүүгийн 1920000670087 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт Ч.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын оптын зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хажуугаар явж байсан явган зорчигч Н.Б-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө гэрийн гаднаас өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг унаад Мандах наран хороололд амьдардаг төрсөн хүүхэд М-н охин Н-г гэрээс нь авч гарч ирээд жолооч талын эсрэг урд талын суудал дээр суулгаад 1-р цэцэрлэгт хүргэж өгөх гээд Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэр оптын зам дээр явж байхад хүүхэд хөлөө савлаад ургашаа уначих шиг болох үед машинаа замын баруун гар тал руу шахаж зогсоод хүүхдийг суудал дээр нь суулгаад суудлын бүсийг янзлаж дуусаад хөдөлгөөнд оролцох гээд дохиогоо өгөөд хөдлөх үед миний ар талаас хурдтай машин ирж байхаар нь тэр машиныг өнгөрөөгөөд дахин ургашаа хараад хөдөлгөөнд оролцох гэтэл машины баруун урд талд эрэгтэй хүнтэй тулах үед машинаа зогсоогоод унтрах үед тухайн хүн машины баруун талын крелон дээр хоёр гараа тавиад газар хөлөө жийгээд суугаад өгсөн. Тэгээд би машинаас буугаад харахад тухайн хүн баруун хөлөө жийгээд зүүн хөлөө нуглаад суусан байхаар нь тухайн үед нөхөр лүүгээ гар утсаар залгаад энэ талаар хэлсэн. Тэгээд зам дээр явж байсан жолоочид түргэн дуудаад, цагдаагийн байгууллагад мэдэгдэх талаар хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн хүмүүс ирээд эрэгтэй хүнийг авч явах гэтэл тухайн эрэгтэй хүн ажлын хүмүүстэй яриад чөлөө авах талаар яриад би зам дээр дайруулчихлаа гэж хэлээд дарга нараасаа чөлөө аваад Улаанбаатар хот явах талаар яриад 20-30 минут болсон чинь эмнэлгийн хүмүүс хурдал гэж хэлээд тухайн эрэгтэй хүнийг эмнэлгийн орон дээр хэвтүүлэхэд миний баруун талын хөл гэмтэлтэй гэж хэлээд өвдөгний хамгаалалт хийлгээд эмнэлэг рүү явсан. Тэгээд цагдаагийн хүмүүстэй уулзаад машинаа түр саатуулах хашаанд хийгээд тэндээс эмнэлэг дээр ирээд тухайн эрэгтэй хүнтэй уулзахад Улаанбаатар хот явна 4 хүний мөнгө өг таксигаар явна гэж хэлэх үед би тийм юм байхгүй надад мөнгө байхгүй гэж хэлэхэд би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд Улаанбаатар хот явна гэж хэлсэн. Тухайн үед Улаанбаатар хот руу явахад нь 2 хүний мөнгө 120,000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн хүн 2 хоногийн дараа надаас мөнгө нэхсэн би тухайн үед мөнгө байхгүй байсан тул манай төрсөн хүүхэд 500,000 төгрөг өгсөн. Мөн 10 минутын дараа манай хүүхэд рүү залгаад 200,000 төгрөг нэхсэн талаар манай хүүхэд нөгөө хүн чинь 200,000 төгрөг нэхээд байна гэж хэлсэн. Мөн над руу болон манай нөхөр лүү залгаад 200,000 төгрөг нэхсэн. Тэгээд манай хүүхэд нөгөө залуутай уулзаад манай ээж настай хүн байдаг шүү даралт ихтэй хүн байдаг шүү гэж хэлэхэд нөгөө хүн хоолны мөнгө өгчихөөд гэж уурлаж байсан талаар манай хүүхэд залгаж хэлсэн. Би зогсоод дахин хөдөлгөөнд оролцох гэж байсан тул хурдгүй байсан. Би зам дээр явж байхад тухайн эрэгтэй хүн замын хажуу талаар явж байсан. Замын хажуу тал руу зогсоод хөдөлгөөнд оролцохдоо анзаар ч хараагүй. Би өмнө өдөр нь унтаж амарсан байсан. Ямар нэг эм бэлдмэл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хөдөлгөөнд оролцох тоормос хагас гишгэсэн байсан тул тэр дор нь тоормос гишгэж зогссон. Би болон манай зээ охин хамгаалах бүс зүүсэн байсан. Зам тээврийн осол гарах үед цэлмэг цаг агаартай, ямар нэг үзэгдэх орчин сайн өдөр байсан. Би 2016 онд Замын-Үүд сумын жолооны курст явж төгссөн. Одоо В ангиллын үнэмлэхтэй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би хохирогчид нийт 620,000 төгрөг өгсөн. Мөн надаас мөнгө нэхсэн боловч хохирогч яг хэдэн төгрөг нэхэж байгаа талаар хэлээгүй... 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өглөө цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг юм. Хүүхэд маань хөгжим асаах гэсэн юм уу, явахгүй гэсэн юм уу мэдэхгүй хөл гараа хөдөлгөөд унах гэж байгаа юм шиг болсон тэгэхээр нь би машинаа зогсоогоод хэдэн үг хэлж загнаад хойд талаас машин ирж байгаа эсэхийг хараад хөдөлтөл энэ залууг шүргэсэн... Надаас байнга мөнгө нэхэж дарамталдаг байсан. Манай нөхөр, хүүхдээс ч байнга мөнгө нэхдэг байсан. Би тэтгэвэрт байдаг зээлтэй, их мөнгө нэхээд байсан учраас шүүхээр шийдүүлье гэсэн. Шүүхээс гаргасан мөнгийг би төлнө. Миний буруу гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/,
- Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг үед Замын-Үүд сум 1-р баг Мандах наран хороололд байх гэрээсээ гараад өөрийн ажил болох ... цэргийн анги руу овтын замын хажуу талаар Ч ХХК-ийн хашааны харалдаа явж байхад жижиг суудлын тэрэг миний араас ирээд зүүн талын хөл рүү мөргөж хэсэг зуур ухаан алдаж машины карлан хэсэг рүү налж хойшоо унасан. Тэгээд жижиг суудлын тэрэг унаж байсан эмэгтэй хүн машинаас бууж ирээд өөрийн гар утсаар нэг хүн лүү залгаад би хүн мөргөчихлөө гэж ярьж байхад хажуугаар явж байсан машинтай хүмүүс цагдаа дуудаа гэж хэлж байсан. Тэгээд хамт ажилладаг ажилтан Х.Б ирээд намайг зүгээр үү гэж асуухаар нь дарга нарт энэ талаар хэлээрэй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа цагдаагийн хүмүүс ирсэн. Эмнэлгийн хүмүүс намайг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед эмнэлэг дээр очоод гэмтлийн эмч А.С, мэсийн эмч Б.Г эмч нар миний 2 хөлний өвдөг тахим хэсгийг үзээд яаралтай Улаанбаатар хот явж зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Эмнэлгийн эмч А миний биед учирсан гэмтлийг хэлж чиний баруун хөлний шилбэний дээд хэсэг бага зэрэг цууралттай, чагтан холбоос шөрмөс сэмэрч урагдсан, өвдөгний зөөлөн эд няцралттай зүүн талын хөлөнд яс ургасан бол хуучин гэмтэл байна бага зэрэг хөхөрсөн байна гэж хэлсэн. Би Х аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмч нар хөдөлгөөн их хийхгүй байхыг анхааруулсан. Баруун талын хөл гэмтэлтэй байгаа мөн эмч хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн... Э эмнэлэгт Д.Д гэж эмчээр эмчилгээ хийлгэсэн одоо бол гайгүй болж байгаа нэг жил биеийн хүчний хөдөлгөөн хийхгүй байвал гайгүй болно гэсэн. Хагалгаанд ор гэсэн боловч 7,500,000 төгрөг гэсэн учраас орж чадаагүй. Хагалгаанд орох байх... И эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн 685,000 төгрөг, бинзений 875,000 төгрөг, таяг, өвдөгний чиг авсан 91,430 төгрөг, Э эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 1,991,900 төгрөг, зээлээ төлж чадахгүй муу ангилалд орсон. 4 сард төлж чадаагүй тул 1 сарын төлөлт 502,000 төгрөг нийт 4,145,330 төгрөг болж байна. Үүнээс 620,000 төгрөгийг өгсөн уг мөнгийг хасаад 3,525,330 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөрийг маань өгчихвөл надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “Манай дүү Б нь 2019 оны 02 сарын 27-ны өдөр ажилдаа явж байгаад Замын-Үүдэд машинд дайруулж хүнд бэртсэний улмаас ирсэн Улаанбаатар хотод Замын-Үүдээс ирэх үед нь би Улаанбаатар хотод тосч авсан юм аа. Тухайн үед ... маркийн ... улсын дугаартай авто машинтай байсан бөгөөд тухайн машинаар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад нь үйлчилсэн. Улаанбаатар хотод байхдаа 10-р хороололд байрлах М эмнэлэгт 10 хоног өдөрт 2 удаа сэргээгдэх физик эмчилгээг Б-г зөөж хийлгэж байсан бөгөөд тэр үед Б-г би Цайз 16-с гараад Олимп хотхоноор дайрч Б-г аваад 10-р хороололд байдаг эмнэлэг рүү нь зөөн эмчилгээг нь хийлгэж байсан. Мөн дээрх эмнэлэгт 2019 оны 04 сарын 08-17-ны өдрийн хооронд хэвтэж эмчлүүлсэн бөгөөд хэвтэж байх үед нь хоол цайг нь гэрээс зөөж байсан. Мөн Б-г 1 удаа Замын-Үүд рүү машинаараа авч явж байцаагчтай нь уулзуулж байсан. Бид нар Х аймгийн харъяат хүмүүс учраас ах дүүгээ бараадаж Б-г Х аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж байсан бөгөөд Х аймаг руу авч явж байсан. Миний тооцоогоор 600,000-700,000 төгрөгний шатахуун зарцуулсан байх гэж бодож байна. Шатахуун зарцуулсан баримт цагдаа дээр байгаа гэж дүү хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120/,
- Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3237 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Б-н биед баруун шаант ясны гадна ёрвонгийн шахагдсан далд хугарал, баруун өвдөгний дотор тал саран жийргэвчийн арын эврийн урагдал хоёр өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 20/,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэнд:
1. ... арлын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн ... загварын цагаан өнгийн суудлын автомашин нь техникийн хувьд бүрэн байдалтай байна.
2. ... арлын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн ... загварын цагаан өнгийн суудлын автомашин нь урьд техникийн хяналтын үзлэгт 2018 оны 10 дугаар сарын 04-нд Замын-Үүд салбарын техникийн хяналтын үзлэгийн төвд хамрагдсан байна.
3. ... арлын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн ... загварын цагаан өнгийн суудлын автомашин нь техникийн хувьд стандартын шаардлага бүрэн хангаж байгаа болох нь нотлогдож байна. Харин уг суудлын автомашины осол техникийн элэгдэл хорогдлын улмаас үүссэн шалтгаан байхгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,
- Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б-н 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар дүгнэлтэд:
1. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн энэ дүрмийн 12.3 зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн энэ дүрмийн 23.8 зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаа систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.
2. Явган зорчигч Н.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
3. Уг зам тээврийн осол гарсан гэх газарт тухайн замд явган зорчигчийн зориултын зам хөвөө байхгүй боловч явган зорчигч явахад боломжтой хэсэг гэж үзнэ.
4. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.1 зааснаар Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.
5. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.
6. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн энэ дүрмийн 12.3 зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
7. ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3, 23,8 заалтуудыг үндэслэн зам тээврийн осол гарсан байна.
8. Схем зураг болон хэргийн газрын үзлэгийг уншихад ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 754 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Б-н биед биед баруун шаант ясны гадна ёрвонгийн шахагдсан далд хугарал, баруун өвдөгний дотор тал саран жийргэвчийн арын эврийн урагдал, хоёр өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдээс баруун шаант ясны гадна ёрвонгийн шахагдсан далд хугарал, баруун өвдөгний дотор тал саран жийргэвчийн арын эврийн урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хоёр өвдөгний зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Хэрэв гэмтэл учирсан бол тухайн гэмтэл нь нөхцөлд үүсэх боломжтой эсэх? гэсэн асуулт нь ойлгомжгүй байх тул хариулах боломжгүй байна.
6. Н.Б нь 2017 онд “Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл сэдрэлийн үе, Элэгний идэвхжилтэй архаг үрэвсэл, Зүрхний булчингийн цус хомсрох өвчин, 2018 онд “Архины хордлого” гэсэн оношоор хэвтэж эмчлүүлсэн байх ба эдгээр өвчин, хордлого нь гэмтэлтэй холбоогүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 77-78/,
- Хохиролын баримтууд, өвчний түүх, сэргээн засах эмчилгээний карт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зээлийн дансны хуулга /хх-ийн 89-118/,
- Ч.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122-123, 132/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
- Дээрх нотлох баримтуудаар Ч.Г нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын оптын зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хажуугаар явж байсан явган зорчигч Н.Б-г шүргэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын оптын зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хажуугаар явж байсан явган зорчигч Н.Б-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ч.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Б “...Ч ХХК-ийн хашааны харалдаа явж байхад жижиг суудлын тэрэг миний араас ирээд зүүн талын хөл рүү мөргөж хэсэг зуур ухаан алдаж машины карлан хэсэг рүү налж хойшоо унасан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал болох насны байдал, тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Н.Б болон түүний өмгөөлөгч “...И эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн 685,000 төгрөг, бинзений 875,000 төгрөг, таяг, өвдөгний чиг авсан 91,430 төгрөг, Э эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 1,991,900 төгрөг, 4 сард зээлээ төлж чадахгүй муу ангилалд орсон тул 1 сарын зээл төлөлт 502,000 төгрөг нийт 4,145,330 төгрөгнөөс шүүгдэгчийн өгсөн 620,000 төгрөгийг хасаад 3,525,330 төгрөгийг” нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний төлбөр, эмнэлэг явж эмчилгээ хийлгэсэ, байцаалт өгөхөөр Улаанбаатараас Замын-Үүдэд ирсэн шатахуун, таяг, өвдөгний чиг зэргийн төлбөр болох нийт 2,828,579 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны 120,000 төгрөг, зээлийн 1 сарын төлөлт 502,000 төгрөг гэх мэт 696,751 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 120,000 төгрөгний шатахуун, зээл төлөлтийн 502,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба нүхт гэх газраас авсан 40,000 төгрөгний, 2019 оны 03 сарын 15-ны өдөр 2 удаа авсан авахдаа 1 цагийн дараа авсан 40,000 төгрөгний, 2019 оны 04 сарын 16-ны өдөр гадуур эмчилгээ хийлгээгүй, эмнэлэгт хэвтэж байсан үеийн 40,000 төгрөгийн шатхууны үнийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн. Мөн зээлийн төлбөр нь уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш бөгөөд хохирогч нь цалингаа бүтэн авч байсан гэж мэдүүлдэг тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Ч.Г-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-с 2,828,579 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, З овогт Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 696,751 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н