Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01269

 

 

 

 

 

 

 

 

*******, *******нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/07111 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нар ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* тоотод орших ******* м.кв газрыг хашаа, байшингийн хамт хариуцагчаас худалдан авахаар тохиролцсон, гэрээний үүрэг биелэгдээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж газрыг хувийн сууцны хамт хариуцагчид буцаан өгсөн, харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг хариуцагч буцаан өгөөгүй үйл баримтад зохигч маргаагүй байна.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч уг газар, хувийн сууцанд 2.8 жил амьдарч, буцаан өгөхдөө хаяж явсны улмаас хувийн сууцанд учирсан хохирол нь төлсөн төлбөртэй нь дүйцнэ гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.

Нэхэмжлэгч талаас зохигчийн хооронд 2021 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан Иргэд хоорондын харилцан тохиролцож хийсэн гэрээ-г шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулж нотлох баримтаар тооцуулахаар хүсэлт гаргаж байжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 28049 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч дээрх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан шаардсан бөгөөд энэ үндэслэлээр гэрээг нотлох баримтаар гаргуулахыг хүссэн бол хариуцагч мөн гэрээг иш татаж нэхэмжлэлээс татгалзсан ба гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөр нь хариуцагчид учирсан хохиролд харилцан тооцогдоно гэсэн агуулгыг тус тус илэрхийлжээ. Энэ тохиолдолд тухайн гэрээг хэрэгт нотлох баримтаар авах нь хэргийн үйл баримтыг бодитой тогтооход нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий гэж үзэхээр байгааг шүүх анхаараагүй байна.

4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд гэрээнээс татгалзах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ талаар нэхэмжлэгч талаас тодруулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэргийн үйл баримтыг шүүх бүрэн тогтоогоогүй байна.

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй нь шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Уг баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх замаар зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ шүүх хэрэгжүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

6. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/07111 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ