Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2016/00433

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 02 өдөр       Дугаар 181/ШШ2016/00433       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  П.Ө -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М -д холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчД.М , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ө миний бие 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 37 дугаар байрны 1 тоотыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 800 000 төгрөгөөр 12 сарын хугацаатай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан. Гэрээнд заасны дагуу барьцаанд 800 000 төгрөгийг байршуулан гэрээний үүрэг дуусгавар болоход буцаан олгохоор тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 24-нд дээрх гэрээг цуцлах санал тавьж урьдчилан байршуулсан 800 000 төгрөгөө авах гэтэлД.М нь тийм хууль байхгүй гээд мөнгийг минь буцаан өгөхгүй байна. ИймдД.М аас 800 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Нэхэмжлэгч П.Ө нь миний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 37 дугаар байрны 1 тоот, 2 өрөө байрыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 800 000 төгрөгөөр 12 сарын хугацаатай Орон сууц хөлслөх гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээний нэмэлт нөхцөл хэсгийн 2-т ... барьцаанд 800 000 төгрөг байхаар харилцан тохиролцож үүрэг дуусгавар болоход буцаан олгохоор тохиролцсон. Байрны түлхүүрийг 3 дугаар сарын 23-ны өдөр авч төлбөрийг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор болсон.

П.Ө нь гэрээ цуцлах тухай хүсэлтээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-т заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй.

Нэхэмжлэлд дурдсан шиг гэрээг 24-нд байгуулаад 25-нд гэрээ цуцлах тухай надад мэдэгдээгүй, гэрээг 3 дугаар сарын 07-нд байгуулсан.

Миний хувьд дээрх байрыг бусдад хөлслүүлж өөрийн амьжиргаагаа залгуулдаг.

Хэрэв Д.Өлзий миний байрыг түрээслэх тухай надад итгүүлж гэрээ байгуулаагүй бол өөр бусдад түрээслэн 3 дугаар сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний хооронд 2 000 000 төгрөг олж болох байсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг авсан ба уг үүргийн гүйцэтгэл хангагдаагүй учир барьцаа хөрөнгийг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад  

Үндэслэх нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч П.Ө нь Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

ХариуцагчД.М нь үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул 800 000 төгрөгийг буцаан өгөхгүй гэж маргажээ.

П.Ө П.М нар нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 37 дугаар байрны 1 тоот, 2 өрөө байрыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 800 000 төгрөгөөр 12 сарын хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцож  “Орон сууц хөлслөх” гэрээг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулжээ./хх-ийн 3 дугаар хуудас/

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

П.Ө П.М нар нь “Орон сууц хөлслөх” гэрээг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулжД.М нь өөрийн өмчлөлийн орон сууцаа гэрээнд заасан хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөлслөгчийн эзэмшилд шилжүүлээгүй байхад нь хөлслөгч П.Ө гэрээнээс татгалзаж Орон сууц хөлслөх гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, Орон сууц хөлслөх гэрээгээр нотлогдож байна./хх-ийн 3-6, 13-р хуудас/

Дээрх гэрээг байгуулахдаа барьцаанд байрлуулсан 800 000 төгрөг нь уг орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд үүсэж болох эрсдэл, хохиролд суутгах зорилгоор барьцаалсан байх бөгөөд уг гэрээнд ”гэрээний үүрэг дуусгавар болоход буцаан төлөхөөр” талууд харилцан тохирсон байх тул хариуцагчД.М нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

ИймдД.М аас 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ө д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагчД.М аас 800000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ө д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           

                                          

                                     ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО