Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШШ2025/00473 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,873,722 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,873,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хамтран хариуцагч *******аас татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч тооцооллын алдаа гаргаснаас гадна нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаас татгалзсан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* ББСБ ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлэх,

 

3.2. Зээлдэгч нар сар бүрийн 20-ны өдөр зээл болон зээлийн хүүнд тэнцүү төлөлт /бүрэн хорогдох/-өөр 344,921.04 төгрөгийг төлсөөр 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ. /х.х-ийн 12-16/

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч нарт гэрээний зүйл болох 4,000,000 төгрөгийг өгсөн эсэх талаар маргаагүй. /х.х.-ийн 11/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

4. Зээлдэгч *******, ******* нар 4,000,000 төгрөгийн зээлийг авсан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК-д 4,000,950 төгрөгийг буцааж төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч нарын зүгээс үүнийг тухайн зээлийг буцаан тэр даруй төлсөн учир үүрэг дуусгавар болсон гэж маргажээ. /х.х-ийн 28/

 

Хэрэгт авагдсан баримтаар ******* ББСБ ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр *******, ******* нарт тэдгээрийн урьд өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр авсан 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөгдөөгүй өр 3,578,375 төгрөгийг төлөхийг мэдэгдсэн байна. /х.х-ийн 27/

 

Хариуцагч нар нэхэмжлэгчээс энэхүү зээлийг авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд чухам хэдэн төгрөгийн зээлийн өр төлбөр үлдсэн болохыг тодруулах ёстой байсан гэж тайлбарладаг боловч зээлдэгч этгээдийн хувьд өөрсдийн төлсөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, тооцооллыг нотлох буюу тодруулах боломжтой тул нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч нарын төлсөн уг 4,000,950 төгрөгөөс өмнө нь зээлсэн 3,000,000 төгрөгийн зээлийн өр төлбөрийг хасаж тооцохдоо нэхэмжлэгч нь мэдэгдэл өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 35,784 төгрөг нэмэгдсэн гэж тайлбарлаагүй байхад 3,614,159 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй. /3,578,375+35,784/

 

Тиймээс хариуцагч нарын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 4,000,950 төгрөгөөс 3,578,375 төгрөгийг хасаж тооцохоос гадна илүү төлсөн 422,575 төгрөгийг 4,000,000 төгрөгийн зээлээс төлсөн гэж үзэж, улмаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,577,425 төгрөг болно. /4,000,950-3,578,375=422,575/

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ... гэж тус тус заажээ.

 

6.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар 2023 оны 10 дугаар 11-ний өдөр 471,000 төгрөг төлснөөс 171,871 төгрөгийг хүүнд суутгавал 299,129 төгрөг болно. Үүнийг үндсэн зээлээс хасвал /3,577,425 - 299,129/ 3,278,296 төгрөг байна.

 

6.2. Үүний дараа хариуцагч нар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 252,244 төгрөг төлснөөс 163,914 төгрөгийг хүүнд суутгаж, илүү төлсөн 88,330 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход 3,189,966 төгрөг болж байна.

 

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хүү 318,996 /3,189,966 х 5 %=159,498 х 2/ төгрөг болно.

 

6.3. Мөн хариуцагч нар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 400,000 төгрөгийг төлснөөс 318,996 төгрөгийг зээлийн хүүнд суутгаж, илүү төсөн 81,004 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 3,108,962 төгрөг болж байна.

 

6.4. Харин хариуцагч нар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний хугацааг цуцалсан 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 399 өдрийн зээлийн хүүнд 2,038,890 /3,108,965х5%=155,448 х 12 =1,865,371 : 365 = 5,110 х 399/ төгрөгийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон.

 

7. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлэн хүүг тооцно гэж заажээ.

 

Хариуцагч нар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойших хугацаанд зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардсан нь гэрээ болон хуульд нийцсэн байна.

 

Иймд, дээр дурдсанаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,108,962 төгрөг, зээлийн хүү 2,038,890 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,859 төгрөг, нийт 5,278,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүргийг шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хугацаа хэтэрсэнтэй холбоотой Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаанд ашигласан хугацааны хүү болон үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотой нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт нэхэмжилсэн учир түүний шаардах эрхэнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь зохицуулалт тус тус илүү нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШШ2025/00473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 5,278,442 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 595,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

 

3 дахь заалтад ... 102,756 ... гэснийг 99,405 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Б.МАНДАЛБАЯР