Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Замын-Үүд Эрээний хооронд хувиараа ачаа бараа эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.О-т холбогдох эрүүгийн 1920001620112 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол Улсын хилээр ...  улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд  хуулиар хязгаарлалт  тогтоосон малын дайвар бүтээгдэхүүн болох 37 шуудай буюу 1400 кг бог малын бөөрийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”  Би хил хооронд 6-7 жил хувиараа зорчигч болон ачаа тээвэр хийж амьдрал ахуйгаа залгуулж байсан. Г нэг өвөрмонгол хүнтэй уулзуулж малын дайвар бүтээгдэхүүн хилээр гаргуулахаар болсон бөгөөд бараа хилээр гарсан тохиолдолд 1000 юань өгнө гэж байсан юм. Би хилээр гаргаж болохгүй эд зүйл биш биз дээ гэж асуухад мах биш  дайвар бүтээгдэхүүн юм чинь зүгээр гээд байхаар нь хааяа гуйж Эрээн гардаг машиныг Б-с аваад 1400 кг бөөрөө ачаад хил дээр ирсэн. Машин дотор хилийн мэргэжлийн хяналтын тамгатай бичиг байхаар нь үзүүлэхгүй шууд гаальд шалгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай эхнэр ажил хийдэггүй, хүүхдүүдээ хараад гэрт байдаг, банкинд 30 орчим сая төгрөгийн өртэй, сая байшин маань шатчихсан, иймд торгуулийн ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү, хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна ” гэсэн мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би шүүх хуралдаанд суухгүй. Энэ хэрэг дуусахаар өөрийн  эзэмшлийн тээврийн хэрэгслээ авах саналтай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 4-8/

Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  Гаалийн байцаагч ... улсын дугаартай ... маркын автомашины жолоочийн суудлын арын хэсэгт хяналт шалгалт хийх үед гэрчээр  байлцаж тухайн хэсгээс цагаан улбар шар өнгийн шуудайнд  хийсэн хайрцагтай ачаанууд гарсан. Хөлдүү бөөр байсан. Тухайн гарч ирсэн бараануудыг гаалийн байцаагч төрөлжүүлсэн тоолж, жинг нь гаргах үед хамт байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Малын хөлдүү бөөр 1400 кг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/

25 кг багтаамжтай шар цагаан судалтай шуудайнд хийсэн 37 шуудай 1400 кг малын гаралтай дайвар бүтээгдэхүүн болох бөөрийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17/

37 шуудай 1400 кг малын гаралтай дайвар бүтээгдэхүүн болох бөөрийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 18/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн “ Эд мөрийн баримтаар хураагдсан 1400 кг бог малын бөөрийг устгах тухай” 182 тоот шүүгчийн захирамж /хх-ийн22-23/

1400 кг бог малын бөөрийг устгасан эд мөрийн баримт, эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 25-26/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хяналтын талбайд орж ирээд зогссон тэгээд хяналт шалгалт хийхийн өмнө жолоочоос зөвшөөрлийн цагаан хуудсаа гэтэл жолооч цагаан хуудсаа  шалгуулаагүй тэгээд би  хяналт шалгалтаа үргэлжлүүлж шалгах явцад хориотой  зүйл илэрсэн. Нуусан зүйл байхгүй байсан ямар нэгэн байдлаар  нууж халхалсан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 06 сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын Х банкны үүдэнд миний таньдаг өвөр монгол би нэрийг нь сайн мэдэхгүй зүс таньдаг хүн таараад дүү сайн уу ажил тавлаг уу гэж ирээд мэндэлсэн. Тэгээд  надаас дүү хэзээ Эрээн гарах гэж байна ахдаа нэг бараа гаргаад өгөөч гэж хэлэхээр нь та ямар бараа гаргуулах гэж байгаа юм бэ гэтэл ах нь хэдэн шуудай малын гаралтай хонь ямааны бөөр байна чи гаргаад өгөөч гэж хэлэхээр нь  би чадахгүй байхаа гэтэл энэ малын мах биш зүгээр малын гаралтай дайвар зүйл болохоор  ямар ч бичиг баримт  шаардахгүй гэж хэлэхээр нь би одоохондоо машингүй байгаа гэхдээ миний таньдаг ах байгаа би хэлээд өгье гэтэл тэгээч гээд бид хоёр Б.О ахын гадаа очоод  О ахтай тэр өвөр монгол  хүнийг уулзуулахад  тэр хоёр тохирч байгаа бололтой байсан. Тэгээд Б.О ах тэр хүний машины ачааны хэсгээс баахан шуудайтай  зүйл байсан тэгээд би ачилцаж өгөөд тэр хоёроос салсан. Тэгээд маргааш нь О ах надад уурлаад чи ямар хүний болдоггүй ачаа  ачуулчихав гэхээр нь тэр хүн чинь  бичиг баримт шаардахгүй ордог гээд байсан шүү дээ гэтэл энэ зүйл болдоггүй  юм гэж надад хэлсэн одоо тэр өвөр монгол хүнтэй дахиж таараагүй ядаж байхад  гар утсыг нь аваагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

2019 оны 06 дугаар сарын 27ны өдрийн “Мэдрэхүйн шинжилгээгээр 37 хэсэг 1400 кг малын бөөр, мах бүхий эд зүйл нь зориулалтын  агуулахад  хадгалаагүй, сав баглаа зориулалтын бус, шинэлэг чанар байдлаа алдсан, шүүс гоожсон, муудаж үнэр орсон, улаан хүрэн, саарал, харлаж  толбо үүссэн  өнгөтэй, механик болон шороо  тоосоор бохирлогдсон тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Мэдрэхүйн шинжилгээгээр  бог малын бөөр байна.

3. Эрүүл болон халдварт, гоц халдварт өвчтэй  бүс нутгаас  нийлүүлсэн гарал үүсэл нь тодорхойгүй, чанар байдлаа алдсан тул ашиглах боломжгүй. Тухайн  бог малын бөөр нь муудсан байдлаас шалтгаалан нян үүсгэн өвчний эх үүсвэр  болох тул богино хугацаанд  устгалд оруулах шаардлагатай.

4. Уг 1400 кг бог малын бөөр нь “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хорио цээрийн  хяналт, шалгалтанд хамаарах зүйл, тус хуулиар хязгаарласан түүхий эд, дайвар бүтээгдэхүүнд орно.” гэсэн шинжээч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.М-н дүгнэлт /хх-ийн 40-41/

А ХХК-ны  2019 оны 06 сарын 27-ны өдрийн “ Малын гаралтай бөөр 1400 кг нийт үнэ 280,000 төгрөг“ гэсэн  ТХҮ/819-067 тоот дүгнэлт /хх-ийн 45/

А ХХК-ны  2019 оны 06 сарын 24-ний өдрийн “... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 10,000,000 төгрөг “ гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52/

 Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 71/ 

2019 оны 06 сарын 18-ны өдрийн “... улсын дугаартай ... маркийн автомашиныг битүүмжилсэн” тухай эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 73-74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол Улсын хилээр ... улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд 280,000 төгрөгийн үнэ бүхий  малын дайвар бүтээгдэхүүн болох 37 шуудай буюу 1400 кг бог малын бөөрийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.

Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг хангасан  байхаас гадна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц  халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “ импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх, 11.1.2-д “ экспортын шаардлага хангаж буйг эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх” гэсэн шаардлагыг хангасан байхыг шаарддаг байна. Гэтэл шүүгдэгч Б.О нь 1400 кг малын бөөрийг улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 4-8/, гэрч Н.Ц, Б.Э, А.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.М-н дүгнэлт /хх-ийн 40-41/, малын хөлдүү бөөр 1400 кг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/, 25 кг багтаамжтай шар цагаан судалтай шуудайнд хийсэн 37 шуудай 1400 кг малын гаралтай дайвар бүтээгдэхүүн болох бөөрийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17/, 37 шуудай 1400 кг малын гаралтай дайвар бүтээгдэхүүн болох бөөрийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байх бөгөөд түүний хөрөнгө, цалин хөлс, бусад  орлого олох боломжийг харгалзан үзэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт 1400 кг бог малын бөөрийг хурааж, эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд  мөрдөн шалгах ажиллагааны явцад Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар устгаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.О нь 1400 кг бог малын бөөрийг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлэхдээ иргэний нэхэмжлэгч Ц.Б-н өмчлөлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул битүүмжлэлийг хүчингүй болгон  өмчлөгчид нь буцаан олгож, харин уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 10,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгө үнэлгээний А ХХК нь 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1400 кг бог малын бөөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжийн дагуу устгаж шийдвэрлэснийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Ц.Б-т буцаан олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.О-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.О нь 450,000 төгрөгийн торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц