| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2018/03800/И |
| Дугаар | 210/МА2025/00917 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00917
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05216 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 301,968,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-тай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасан ажлыг гэрээний 3.1-т заасан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн боловч хариуцагч хүлээж аваагүй.
Гэрээний 4.2.1-т зааснаар ажлын хөлсийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр захиалагч гүйцэтгэгчид төлөхөөр тусгайлан зохицуулсан ба шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хугацаандаа нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
Иймд, ажлын хөлс 201,312,500 төгрөг, алданги 100,656,250 төгрөг, нийт 301,968,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Эдгээр хүмүүс гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяж явсан. Тухайн үед гүйцэтгэж байсан ажлыг огноо дарааллаар нь баримтыг гаргаж өгсөн ба хийсэн ажлын хэмжээнд 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, одоо ямар нэгэн хөлс төлөх үүрэггүй.
Ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэгч тал нотлох үүргээ биелүүлээгүй.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,312,500 төгрөг, алданги 50,656,250 төгрөг, нийт 151,968,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,825,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 917,794 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 899 дугаар магадлалаар "ажлын хөлс 100,000,000 төгрөгийг төлсөн баримтыг авч хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж дүгнэх, шинжээч томилуулах ажиллагааг үндэслэлгүй зогсоож шийдвэрлэсэн тул шинжээчийн дүгнэлт гаргуулах" талаар дурдаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.
Гэтэл шинжээч томилсон асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй буюу шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэж дээд шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалын заалтыг хангаагүй.
Талуудын байгуулсан гэрээнд нийт ажлын хөлсийг 201,312,500 төгрөгөөр тооцож тохиролцсон боловч гүйцэтгэгч ******* нь ажлаа дутуу гүйцэтгэж, бусад туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлснөөс хувь авах, өөрсдийн хийгээгүй ажлын хөлсийг шаардсан асуудлаар үл ойлголцол үүсч улмаар ажлыг хаяж явсан.
******* нь тухай бүр хүлээлгэн өгсөн ажлын гүйцэтгэлийг үе шатуудад тооцож, ажлын хөлсөнд 100,000,000 төгрөгийг төлсөн ба гүйцэтгээгүй, хүлээлгэн өгөөгүй ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хийгээгүй ажлыг гүйцэтгэсэн мэтээр дүгнэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилсон боловч хариуцагч нь шинжээчийг ажиллах боломжоор хангаагүй ба улмаар шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан учраас шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь татгалзлын үндэслэлдээ нотлоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 201,312,500 төгрөг, алданги 100,656,250 төгрөг, нийт 301,968,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй ******* гарден хотхоны 66/7, 66/8 дугаар барилгын 2,356 м.кв талбайд барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил, 675 м.кв талбайд суурийн ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлсөнд 201,312,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
3.1. ******* гарден хотхоны барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан болохыг талууд нэгэн адил тайлбарласан.
3.2. Хариуцагч нь ажлын хөлсөнд нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 100,000,000 төгрөг төлжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ажлын үр дүнг шилжүүлэн өгөх үүргийг хүлээдэг бол мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүргийг хүлээнэ.
Хэрэгт ажил хүлээлцсэн аливаа баримт авагдаагүй боловч гэрээнд заасан ажлын үр дүн болох ******* гарден хотхоны барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.
Энэ тохиолдолд нотлох баримтын хуваарилалтаар хариуцагчид нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, ажлын дутуу гүйцэтгэж орхиж явсан, улмаар ийнхүү дутуу орхиж явсан гэрээт ажлыг өөрөө болон бусдаар хийж гүйцэтгүүлсэн болохыг нотлох үүрэг ногдоно.
Гэвч хариуцагч нь дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэнэ.
Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлыг орхиж явсан, үлдсэн ажлыг өөрсдөө үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн гэж маргасан боловч нэхэмжлэгч нь чухам ямар хэмжээний ажлыг орхиж явсан, үүнтэй холбогдуулан хариуцагч тал үлдсэн ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй байна.
Иймд, анхан шатны шүүх ******* нь ажлыг орхиж яваагүй, харин ******* нь ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн ажлын хөлсний үлдэгдэл 101,312,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
4.2. Гэрээний 9.4-т заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн тул шүүхээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 50,656,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
5. Хариуцагч *******-ийн хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2019/04649 дүгээр захирамжаар гэрээт ажлыг гүйцэтгэх жишиг үнэ, жишиг зардлын талаар дүгнэлт гаргуулахаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон.
Гэвч хариуцагчийн зүгээс шинжилгээ хийхэд шаардлагатай баримт ирүүлээгүй үндэслэлээр шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тул 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Улмаар хариуцагч дахин гэрээт ажлыг гүйцэтгэх жишиг үнэ, жишиг зардлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/16531 дүгээр захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон ч 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. Үүнээс хойших хугацаанд хариуцагч нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй.
Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх боломжийг хариуцагчид олгосон, мөн хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа шинжээч томилох үндэслэлгүй тул шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотолгооны хуваарилалтыг зөв хуваарилж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ