Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,  ээж, эхнэр, дүү, хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 1920000000120 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиар  хориглосон бараа болох  цагдаагийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохой 20 ширхэг, 14 ширхэг нулимс асгаруулагчийг цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Эрээнээс 2019 оны 08 сарын 16-нд нулимс асгаруулагч, цахилгаан бороохой худалдан авч Монгол Улсын хил дээр ирж рентгенд цүнхээ уншуулахад байцаагч цүнхэнд чинь юу байгаа юм бэ гэхээр нь үнэнээ хэлсэн. Цүнхээ онгойлгож шалгуулсан. Тэгсэн гаалийн байцаагч ийм зүйл хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл байна уу гэсэн, би байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд прокурорт шилжүүлсэн. Би дээрх эд зүйлийг Эрээнд элдэв төрлийн зүйл зардаг дэлгүүрээс авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Ял хариуцлага  хүлээхэд гомдол байхгүй. Торгуулийн ял хэсэгчлэн төлүүлэхээр шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох талын рентген аппрат дээр гаалийн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр /одоо цагийг нь сайн санахгүй байна, ойролцоогоор 14 цагийн орчимд байх/ аппрат дээр нэг саарал өнгийн цүнх уншигдсан ба цүнхэнд байгаа ачаа бараа нь нилээн хар бараан өнгийн, ямар нэг зүйлийн  батериа, зай юм шиг дүрс  аппратад илэрсэн.  Ингээд би тухайн  ачааны эзнийг дуудаж “Таны цүнхэнд ямар ачаа бараа байна вэ? гэж асуухад  тэр залуу “Бороохой байгаа” гэж  хэлээд цүнхнээсээ  цэнхэр өнгийн  хайрцагтай 1 ширхэг цахилгаан бороохойг гаргаж харуулсан. Тухайн ачаа бараа нь Цагдаагийн Ерөнхий газрын  зөвшөөрлөөр орж ирдэг тул би тэр хүнээс  энэ бараа нь зөвшөөрөлтэй  байж улсын хилээр  нэвтрүүлэх ёстой. Танд зөвшөөрөл бичиг баримт байна уу? Юунд ашиглах гэж уг барааг  авч яваа  юм бэ гэтэл надад ямар нэгэн зөвшөөрлийн бичиг баримт байхгүй. Би худалдан борлуулах зорилготой авч яваа юм гэж хэлсэн. Ингээд би бараануудыг цүнхнээс гаргаж үзлэг хийхэд 3 төрлийн хайрцагтай цахилгаан бороохой нийт 20 ширхэг, нулимс асгаруулагч 14 ширхэг байсан тул саатуулж материалын хамт Прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/

Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 08 сарын 23-ны өдрийн “ Цахилгаан, цэнхэр өнгийн хайрцагтай бороохой 11 ширхэг нийт 330,000 төгрөг, цахилгаан том хар өнгийн хайрцагтай бороохой 8 ширхэг нийт 200,000 төгрөг, цахилгаан хар өнгийн жижиг хайрцагтай бороохой 1 ширхэг 25,000 төгрөг, нулимс асгаруулагч  жижиг ногоон хайрцагтай 14 ширхэг нийт 350,000 төгрөг бүгд нийт 905,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-27/

Гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Нэг бүрийн тусгай хэрэгсэлд гав, хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар  цэнэглэсэн буу, шүршүүр, асгаруулагч, резин болон хуванцар сумтай буу зэрэг хамаарна. Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 50.3 дугаар зүйлд цагдаагийн тусгай хэрэгслийг цагдаагийн төв байгууллагын  зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэхийг  хориглоно гэж  заасан байдаг. Тиймээс тусгай хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ цагдаагийн төв байгууллагаас  зөвшөөрөл авна гэсэн үг. Тусгай хэрэгсэл нь  дотроо олон янз байдаг. Өөрөөр хэлбэл  олон төрөл байдаг гэсэн үг. Эдгээр зүйлүүд нь бүгд одоогийн цагдаа, харуул хамгаалалтын  байгууллагад ашиглагдаж байгаа тусгай хэрэгслүүд мөн байна. Бүгд бүрэн ажиллагаатай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/

20 ширхэг цахилгаан бороохой, 14 ширхэг нулимс асгаруулагчийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 43/

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Б нь  2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиар  хориглосон бараа болох  цагдаагийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохой 20 ширхэг, 14 ширхэг нулимс асгаруулагчийг цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.

Шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн эд зүйлс нь Цагдаагийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т зааснаар нэг бүрийн хэрэгсэлд хамаарах бөгөөд нэг удаагийн хэрэгсэлд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 51.1.5-т зааснаар  цахилгаан  гүйдлээр цохигч,  нулимс асгаруулагч зэрэг багтдаг байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “ энэ хуулийн 50.1 дүгээр зүйлд заасан ...хэрэгслийг цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэхийг хориглоно” гэж заасан байна. Гэтэл шүүгдэгч Г.Бишрэлт нь 14 ширхэг нулимс асгаруулагч, 20 ширхэг цахилгаан бороохойг улсын хилээр нэвтрүүлэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

Иймээс шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/, хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 08 сарын 23-ны өдрийн  дүгнэлт /хх-ийн 20-27/, гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/, 20 ширхэг цахилгаан бороохой, 14 ширхэг нулимс асгаруулагчийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байх бөгөөд түүний хөрөнгө, цалин хөлс, бусад  орлого олох боломжийг харгалзан үзэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 20 ширхэг цахилгаан бороохой, 14 ширхэг нулис асгаруулагч хураагдсан байх бөгөөд уг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн гарал үүсэл тодорхойгүй,цаашид ашиглах боломжтой эсэх тал дээр дүгнэлт гаргаагүй байх тул шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан 20 ширхэг цахилгаан бороохой, 14 ширхэг нулимс асгаруулагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.Ц