Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00918

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ********, *******д тус тус холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 288,304,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 12 дугаар сараас ковид-19 цар тахлын үеэр тандалт, шинжилгээний *******" системийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлсэн.

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* болон ********тэй "Систем хөгжүүлэлт ашиглалтын гэрээ"-г байгуулан ажилласан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгох талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэхдээ ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг ******* хариуцахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн.

*******ны сайд С.Энхболд бидэнд ковид-19 цар тахал гарсаар байгаа ба дараагийн хариуцах байгууллага болон төлбөрийг *******ны зүгээс шийдвэрлэж өгөх тул системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг үүрэг болгосон.

Уг чиглэлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх системийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хангаж ажилласан. Систем ашиглалтын төлбөр дээрх хугацаанд 311,161,450 төгрөг болсон бөгөөд зарим улсын эмнэлгүүд 22,856,850 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 288,304,600 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Талууд гэрээг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дүгнэж акт үйлдсэн.

Иймд хариуцагч нараас 288,304,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч *******ны татгалзал, тайлбарын агуулга:

******* нь ********-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, гэрээ байгуулан гэрээний тал болж, эрх эдэлж, үүрэг хүлээлгэсэн үйл баримт байхгүй.

Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ********ийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрыг захиалагч, ********ийг хэрэглэгч гэж тус тус заасан ба гэрээний 3.1-т 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй гэж тохиролцсон.

Гэрээний дагуу тооцогдсон төлбөрийг уг гэрээний 2.4, 2.6-т зааснаар захиалагч буюу ******* нь санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч ******** гэрээгээр ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын татгалзал, тайлбарын агуулга:

Tyc гэрээг, *******, Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штаб, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний дата төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ХӨСҮТ, *******-ийн төлөөллийг байлцуулан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн. Энэ үеийн төлбөрийн үлдэгдэл 240,731,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлж, бүрэн төлсөн.

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бүхий л арга хэмжээг ******* хариуцахаар болж, үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас системийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажиллуулах чиглэл өгсөн хугацааны төлбөр гэх 288,304,600 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Иймд тус газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас 96,101,533 төгрөг, ********өөс 96,101,533 төгрөг, *******наас 96,101,533 төгрөг, нийт 288,304,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,473 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх "нэхэмжлэгчийг хариуцагч нартай 2022 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэлх хугацаанд гэрээний харилцаанд орсон эсэх нь баримтаар нотлогдохгүй байна" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, тухайн гэрээний онцлог, коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжсэн хугацаа, нэхэмжлэгч ажил, үүргээ тасралтгүй гүйцэтгэж, ажлын үр дүнг зохих байгууллагууд хэрэглэж, ашиглаж, үр шимийг нь хүртэж байсан болон тухайн ажлыг зогсоож болохгүй онцгой, нийтэд илэрхий нөхцөл байдал зэргийг анхаарч үзээгүй.

Захиалагч Онцгой байдлын ерөнхий газрын албан бичгүүд болон шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, Улсын онцгой комиссын 2022 оны 03 дугаар тэмдэглэлд тусгагдсан шийдвэрүүдээс үзвэл, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох бус харин гэрээний тал өөрчлөгдөж байгаа талаар мэдэгдсэн байдаг.

Эрүүл мэндийн сайд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1а/4629 тоот "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж ажиллах чиглэл хүргүүлсэн, мөн эрүүл мэндийн байгууллагын зарим хэсэг нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогддог.

Түүнчлэн, коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байсан тул энэ хуулийн дагуу байгуулсан гэрээний үйлчлэл 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болоогүй.

Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гэрээний үйлчлэл хэвийн явагдаж байгаа буюу ажил гүйцэтгэж байгаа талаараа болон уг ажлын төлбөрийг төлөхийг хариуцагч нарын хэн алинаас нь шаардаж, мэдэгдэж, чиглэл авахыг хүссэн баримт хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүргийг шаардаад байна уу, эсхүл гэрээний хугацаа дуусгавар болсон ч уг гэрээний үндэслэл болсон хуулийн үйлчлэлд хамаарах ажлын төлбөрийг хуулиар үүссэн үүргийн дагуу шаардаж байгаа эсэхийг тодруулаагүй.

6.2. Шүүх хэргийн 79-81 дэх талд авагдсан баримтуудыг үнэлсэн байдаг. Гэвч тухайн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч нь *******тай 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй бөгөөд гэрээ дүгнэсэн акт гарах 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ажлыг хэвийн гүйцэтгэж байсан талаар маргаж тайлбарладаг.

Хэргийн 74 дэх талд авагдсан баримтаар *******ны Төрийн нарийн бичгийн дарга *******ын зүгээс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ш.Мөнгөнцэцэгт нэхэмжлэлийн хувийг гардаж авах эрх бүхий итгэмжлэл, *******, ******** гэсэн хэвлэмэл хуудас дээр Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч ****** нь********д олгосон итгэмжлэлүүд хуульд нийцээгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ны гаргасан тайлбарын агуулга:

Улсын онцгой комиссын 03 дугаар хуралдааны тэмдэглэлд цар тахалтай холбоотой бүх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаарай гэх үүрэг даалгаврыг яамд өгсөн болохоос биш *******-тай гэрээ байгуулаарай гэх үүрэг даалгавар өгөөгүй. Энэ гэрээнд ******* нь эрх, үүрэг хүлээж хариуцлага хүлээх этгээд биш. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ********ийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. ******** нь *******, *******-ийн хооронд байгуулсан гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын гаргасан тайлбарын агуулга:

******* нь *******-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоогоо бүрэн төлж, гарын үсэг зурснаар дуусгавар болсон. Гэрээний үүргийн бүрэн биелүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь үүргийн эрх зүйн харилцаанд үндэслэн хариуцагч *******, ********, *******д холбогдуулж 288,304,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч тус бүрт хувь тэнцүүлж бус нийт дүнгээр хамтад нь шаардсан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж, ******** нь гэрээгээр ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэж, ******* нь нэхэмжлэгчтэй аливаа гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх нотолгооны хуваарилалт, маргааны үйл баримтад алдаатай эрх зүйн дүгнэлт өгсний улмаас нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Энэ алдааг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхгүйгээр хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

3. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан систем хөгжүүлэлт ашиглалтын гэрээгээр гүйцэтгэгч ******* нь *******" системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллахаар, захиалагч ******* нь гэрээний 2.1-д заасан аргачлалаар тооцогдсон төлбөрийг төлөхөөр, хэрэглэгч ******** нь короновируст халдвар цар тахалын ПСР шинжилгээний сорьцын бүртгэл, хариуг үнэн зөв системд оруулахаар харилцан тохиролцсон байна.

 

3.1. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр захиалагч ******* системийн үйлчилгээний төлбөр 109,276,500 төгрөг, мессежний төлбөр 47,058,000 төгрөгийг гүйцэтгэгч *******-д төлөхөөр тохиролцжээ.

 

3.2. Онцгой байдлын ерөнхий газраас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9/742 тоот албан бичгээр *******-д систем хөгжүүлэлт ашиглалтын гэрээг цуцалж байгаа болохыг мэдэгдэж, мөн өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

Гэвч үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд короновируст халдвар цар тахалын ПСР шинжилгээний 622,299 ширхэг сорьцын бүртгэл, хариу *******" системээр өмнөхийн адил дамжиж нийтэд хүрч байсан болохыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/1128 тоот албан бичигт заасан байна.

 

3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэхэд тогтоогдлоо.

 

4. Талуудын байгуулсан гэрээ нь ******* системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, системийг шилжүүлэн өгөх үүрэг бүхий агуулгатай бөгөөд энэ утгаараа ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний шинж чанарыг хослуулсан холимог гэрээний шинжтэй байна.

Гэхдээ гэрээний хэрэгжилтийн явцад ажлын тодорхой үр дүн бий болгох зорилго давамгайлж байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр.

 

4.1. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан систем хөгжүүлэлт, ашиглалтын гэрээ болон түүнд оруулсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн үгийн шууд утгаар тайлбарлан үзвэл, уг гэрээний эрх, үүргийг хүлээсэн үндсэн оролцогчид нь ******* болон ******* байна.

Гэрээнд ********ийг хэрэглэгч гэж тодорхойлсон боловч тус байгууллага нь гэрээний үндсэн оролцогч биш бөгөөд гэрээнд гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна.

Энэ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасны дагуу ******* нь гэрээнд заасан ажлыг гуравдагч этгээд болох ********ийн хэрэгцээнд буюу улсын хэмжээнд зохион байгуулагдаж байсан коронавирус (COVID-19)-ийн цар тахлын үед хийж байсан ПСР шинжилгээний үйл ажиллагаанд зориулж захиалсан нөхцөл байдалтай холбоотой юм.

 

4.2. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар, ажил гүйцэтгэгч гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч тал гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Уг зохицуулалтыг үндэслэн захиалагч болох ******* нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч, хэрэгт авагдсан баримтаар гэрээ бодитоор цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Тодруулбал, захиалагчийн зүгээс гэрээг цуцлах тухай албан бичгийг ажил гүйцэтгэгчид хүргүүлсэн боловч, түүнээс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 622,299 ширхэг ПСР шинжилгээний сорьцын бүртгэл, хариу "*******" системээр дамжин олон нийтэд хүрсэн нь гэрээ хэрэгжсээр байсныг илтгэж байна.

Энэ тохиолдолд ******* нь гэрээ цуцалсантай холбоотойгоор цаашид "*******" системээр ашиглахгүй байх арга хэмжээг авах ёстой боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс шалтгаалж ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт үргэлжилсэн.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахад хүргэх хэмжээний ноцтой зөрчлийг ажил гүйцэтгэгч гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

4.3. Хариуцагч *******ны хувьд "*******" системтэй холбоотой аливаа үүргийн харилцаа үүсгээгүй байна. Хожим Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1а/4629 тоот "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудыг "*******" системийг ашиглах хүрээнд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж ажиллах чиглэл хүргүүлсэн нь энэ маргаанд хамааралгүй болно.

 

4.4. Өмнө дурдсанчлан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 622,299 ширхэг ПСР шинжилгээний сорьцын бүртгэл, хариу "*******" системээр дамжин олон нийтэд хүрсэн үйл баримт тогтоогдсон, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд хариуцагч мэтгэлцээний тодорхой байр суурь илэрхийлээгүй.

Иймд дээрх хугацааны төлөгдөөгүй ажлын хөлсөнд хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас 288,304,600 төгрөг гаргуулж, харин хариуцагч *******, ******** нь уг гэрээний мөнгөн төлбөрийн үүрэггүй тул тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байна.

Нэхэмжлэлийг хангаж буйтай холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.

 

5. Хариуцагч ******* болон ******** нь өөрсдийгөө төлөөлүүлсэн төлөөлөгчдөд олгосон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой гомдол гаргаагүй. Ийнхүү итгэмжлэл олгосон талууд өөрсдөө уг төлөөллийн эрхийг хүчинтэйд тооцож байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь тухайн итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд маргах эрхгүй тул холбогдох гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх гэрээний харилцаа үргэлжилсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө алдаа гаргасныг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас 288,304,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож,

нэхэмжлэлээс хариуцагч *******, ********д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,599,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас 1,599,473 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,599,473 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ