Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 124

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Х-ны М-д холбогдох 1936001350180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1972 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг, Цэцэгт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Х-ы М, РД:БВ72041917.

 

Шүүгдэгч Х.М-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Их арал нэртэй газарт Ховд аймгийн Мянгат сумын иргэн О.Д-ийг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Их арал нэртэй газарт Ховд аймгийн Мянгат сумын иргэн О.Д-ийг хэрүүл маргааны улмаас зодож, түүний биед нь өвчүү ясны их бие хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, түрүү булчирхайн архаг өвчин сэдрэл, дух болон баруун өвдөгт зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний бие 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мянгат сумын хоёр салаа гэх газраас Баяннуур сумын иргэн болох Ш.А-аас авах 100-аад мянган төгрөгөө авах санаатай гараад Баяннуур, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хилийн зааг Батын гармын аманд явж байхад Х.М нэг хүүхэнтэй цуг гарч ирээд надтай нар жаргаж байхад тааралдсан. Ховд аймгийн Мянгат сумын иргэн Д гэх хүнээс тэмээ авахаар явж байна гэж хэлсэн. Надад та юу хийж явж байгаа юм бэ гэхээр нь би Х.М-д мөнгөн хазаар зарна,  Ш.А-аас очиж мөнгөө авна гэж хэлээд бид хоёр салаад явсан. Би талийгаач болсон Хавлаш гэж хүний хүүгийн гэрт хоноод маргааш нь буюу 5 дугаар сарын 08-ны өдөр өглөө босож Ш.А-н гэрт очсон. Ш.А-аас мөнгөө асуусан чинь та өөр ажил байвал зохицуулаад буцаж ирээрэй, таны мөнгийг бэлдээд тавьчихна гэсэн. Тэднийхээс гараад С.Е-ын гэрт очиж 2 хоносон. Тэднийд 2 дахь хоногт байж байхад хэдэн согтуу залуучууд ирэхээр нь Потон гэх залуу намайг дагуулж өөрийнхөө гэрт очиж хонуулсан. Маргааш нь буюу 5 дугаар сарын 11-ний өглөө босоод Ш.А-н гэрт очиж хоол унд идээд сууж байхад Ш.А надад таныг Х.М утсаар залгаж асуулаа гэсэн. Тэгээд яах гэж асууж байгаа юм бол гэж хэлээд улмаар Ш.А-д чамаас авах мөнгөө намар авна, чи өөр хүмүүсээс авах мөнгийг аваад байж байгаарай гэж хэлсэн. Гэрээс нь үдээс хойш гараад өөрийнхөө морьтой Х гэх айлын хажууд очих үед Х.М, А.М мөн монгол хэлтэй 50 орчим настай нэг хүний хамт байсан. Би мориноосоо бууж мэнд мэдэлцэх үед Х.М намайг нэг залуугийн гэрт ийшээ оръё гэж хэлсэн. Би дагаад нэг айлд орсон чинь Х.М надад мөнгөн хазаараа гаргаж ир гэхээр нь би дээлийн энгэрт байсан хазаарыг гаргаж ирсэн. Тэгэхэд Х.М шууд аваад надад 5000-ын дэвсгэртэй 10 ширхгийг тоолж өгөөд энийг чинь худалдаж авлаа шүү гэж хазаарыг цамцныхаа дотор хийчихсэн. Тэрээр би 50000 төгрөгийг нь буцааж өгөөд, ийм үнэтэй хазаар биш, хазаараа авъя гэхэд надад тэр айлаас хутга аваад над руу хэд хэдэн удаа чичсэн. Тэр үед монгол хэлтэй залуу манай Х.М зүрхний бронктой, та заргалдаад юу ч олж долоохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр айлаас гарсан чинь миний морь байхгүй байсан. Тэгэхэд Х.М надад машинд суу гэж хүчээр суулгасан. Би Х.М-д К.Ж-ын гэрт хүргэж өг гэхээр нь тэдний гэрт намайг дагуулаад очсон. К.Ж-ын гэрт К.Ж эхнэртэйгээ хамт очсон бөгөөд бидэнтэй цуг Х.М, монгол хэлтэй шар залуу очсон. Тэд бүгд согтуу байсан бөгөөд К.Ж-ын гэрт сууж байхад Х.М намайг дагуулаад гадаа гарсан. Би гадаа гарах үед машиныхаа хажууд очиж миний шанаа руу нэг удаа цохиж, гэдэс рүү өшиглөсөн. Тэр үед би газар унасан бөгөөд газар хэвтэж байхад миний цээж, бөгсөн бие, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж машинаар дайраад ална, чи хазаарын тухай юм ярих хэрэггүй шүү гэж машинаа асаасан. Тэр үед би босоод Х.М-ын машины түлхүүрийг булаагаад авч К.Ж-ын гэрийн бүст хавчуулсан. Тэрээр Х.М гэр лүү ороод буцаж гарах үед би морио авч ирэхээр зугтаад явсан. Хэсэг нуугдаад хараад сууж байхад Х.М миний морийг аваад ирэхээр нь би очсон чинь Х.М надад машины түлхүүр хаана байгаа юм бэ гэж хэлээд миний дээлийг тайлж цээж рүү цохих үед би газар унасан. Тэр үед Х.М дахин өшиглөж эхэлсэн. ...Би К.Ж-ын гадаа сууж байгаад мориндоо арай гэж мордоод явсан. Миний биед учирсан гэмтлийг Х.М л учруулсан. Ш.Х болон монгол хэлтэй шар залуу зодсоноос болж гэмтэл аваагүй. Зодоон мөнгөн хазаараас болсон. Х.М надаас уучлалт гуйж хохирлыг минь барагдуулж өгсөн. Хохиролтой холбоотой ямар нэгэн маргаангүй. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-55 дугаар хуудас/,

- Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баяннуур сумын Их арал нэртэй газарт Д-ны ямааг самнаж байхад Х.М хүрч ирээд миний машины түлхүүрийг О.Д аваад явсан байна, морь нь Х.М-ын гэрийн гадаа байгаа, очоод аваад ирье гээд Д-ны хүү А-тэй цуг мотоциклоор явсан. Тэгээд удалгүй би ямаа самнаж дуусаад мотоциклоо унаад К.Ж-ын хаваржааны урд талд усан гаталгаагаар гарах гэж ирсэн чинь К.Ж-ын гэрийн гадаа К.Ж, А.Б, А.М, Ж.А нар байсан ба тэнд зогсож байхад дээд талаас О.Д ирж байсан. Тэрээр Х.М-ыг Д-ны хүү А хашхирч дуудаад Х.М цаад талаас нь хүрэн морьтой давхиж ирээд мориноосоо буугаад сул хаяад О.Д руу очиж шанаа орчимд нь нэг удаа цохиж газар унагааж цээж, гэдэс орчимд нь 2-3 удаа өшиглөж дээлийг нь тайлуулж, түлхүүр хаана байгаа юм бэ гэж асуухад гэрийн хойно, бүсэнд хавчуулсан гэж О.Д зааж өгсөн. Тэр үед Х.М-ын унаж ирсэн морь сул явж байхаар нь барьж аваад уях гэж байхад О.Д миний моринд хүрлээ гэж намайг нэг өшиглөхөөр нь би түүнийг барьж аваад тавьж, чи ямар муу санаатай хүн бэ гэж шилбэ рүү нь нэг удаа өшиглөж, явлаа гээд явах гэж байхад Ж.А миний мотоциклын хойно сундалсан бөгөөд А.М, Х.М нар машиндаа суугаад хөдөлсөн. Яг голын эрэгт очих үед Х.М зогсож машинаасаа нэг мөнгөн хазаар гаргаж ирээд О.Д-ээс 50.000 төгрөгөөр худалдаж авлаа гэж харуулсан. Тэр үед Ж.А хазаараа надад өгчих гэж хэлсэн бөгөөд Х.М мөнгийг нь өгөөд ав гэж хэлээд Ж.А хазаарыг барьж зогсож байсан. Тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/,

- Гэрч К.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд “... Миний бие эхнэр А.Б-ын хамт Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Их арал нэртэй газарт 05 дугаар сарын 02-ны өдрөөс мал оторлуулахаар нүүгээд очсон байсан. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд эхнэр А.Б-ын хамт гэрт сууж байхад гадаа нэг машин ирээд зогссон. Тухайн машинаас манай гэрт Х.М, О.Д, Ж.А, А.М нар орж ирсэн. Тэд орж ирэх үед бүгд согтуу байсан. Тэрээр О.Д надтай цагаан сараас хойш уулзаагүй учир золгохоор ирлээ гэж надтай золгосон. Тэрээр сууж цай уусан ба О.Д өврөөсөө 2.5 литрийн хэмжээтэй савлагаатай таллаад уусан шар айраг гаргаж ирсэн. Тэд гэрт цай уугаад сууж байхад гадаа машин асаалттай байсан ба машинд хүн байна уу гэж Х.М-аас асуухад Х.М зүгээр л асаалттай орхисон гэсэн. Тэрээр аяга аваад тал савтай шар айргаа манай гэрт сууж байгаад тэр 4 ууж байхад О.Д ганцаараа гараад яваад удалгүй буцаж орж ирсэн. Гадаа асаалттай байсан машин унтарсан байсан. Тэд нэлээн согтуу байсан тул манай эхнэр А.Б уурлаад та нар согтуу байна, одоо явцгаа гэхэд тэр дөрөв манай гэрээс гарсан. Араас нь би ч гэсэн гарсан. Тэгсэн О.Д гэрээс гарангуутаа гэрийг тойроод явганаар баруун тийшээ өгсөөд яваад өгсөн. Х.М машин руу очиж буцаж бууж ирээд миний түлхүүр алга байна гэж тэр хавиас машины түлхүүр хайсан. Тэгж зогсож байгаад Х.М миний түлхүүрийг О.Д аваад явчих шиг боллоо гэхээр нь би сая О.Д гараад ирэх үед машин чинь унтарсан байсан биз дээ гэхэд тэр хүн миний түлхүүрийг аваад явсан байна, О.Д-ийн морь Мы /хоч нэр нь/ гэх залуугийн гэрийн гадаа үлдсэн. Би тэр морийг аваад ирье, тэгэхгүй бол түлхүүрийг аваад явчих юм бол машин асахгүй гэж хэлээд Д-ны А гэх залуугийн мотоциклоор явсан. Тэрээр буцаад 15 цагийн үед О.Д-ийн гэх хүрэн зүсмийн Монгол эмээлтэй морийг унаад хүрч ирсэн. Тэгээд зогсож байхад О.Д  хойд талаас уруудаад явган манай хажууд хүрч ирсэн. Тэрээр О.Д-ээс Х.М  миний машины түлхүүр хаана байна вэ гэж асуухад мэдэхгүй, би аваагүй гэж хэлсэн. Улмаар Х.М  О.Д-ийн дээлийн дээд хэсгийг тайлж нэгжиж үзсэн. Нэгжиж байгаад түлхүүрийг гаргаж ир гэж хэд хэдэн удаа хавирга, гэдэс орчимд нь цохиж байхад би мал руу яваад ирье гэж өөрийнхөө морийг унаад гэрээс 200-аад метр зайтай газарт байсан мал руу очиж буцаж ирсэн чинь Х.М  надад миний машины түлхүүрийг О.Д  аваад гэрийн ар талын бүсэнд хавчуулсан байна, тэндээс аваад өглөө гэж хэлээд яваад өгсөн. О.Д  манай гэрийн хажууд морио хөтлөөд сууж байгаад 16 цагийн үед яваад өгсөн. Х.М  О.Д-ийг нэгжиж байхад О.Д  чи мөнгөн хазаарыг олж өгөхгүй бол түлхүүрийг чинь өгөхгүй гэж хэлж байсан. Чухам ямар хазаар, хаанаас, хэн авсан эсэхийг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

- Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.М  бид хоёр нэг ангийн найзууд юм. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр миний бие хаваржаандаа ямаа самнаж байхад Х.М  хажуудаа А.М  гэх залуугийн хамт хүрч ирсэн бөгөөд Мы гэх залуугийн гэрт очоод ирье гэж хэлсэн. Тэрээр бид гурав Мы гэх залуугийн гэрийн гадаа зогсож байхад О.Д хүрч ирсэн. Тухайн үед Х.М халамцуу байсан бөгөөд О.Д -тэй мэнд мэдэлцээд улмаар О.Д  мөнгөн хазаар үзүүлсэн. Тэрээр бид дөрөв Мын гэрт орсон. Мын гэрт ороод Х.М О.Д-д хазаараа хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэж асуухад О.Д  дээлийн энгэрээс хазаараа гаргаж ирээд үзүүлсэн. Х.М  аваад 5000-ын дэвсгэртээс тоолж өгөөд энэ болох уу гэж 50.000 төгрөг өгсөн. Тэр үед О.Д Х.М-д миний хазаар ийм хямд биш гэж хэлсэн. Мын гэрт Х.М нэг шил архи задалсан байсан ба тэрийг ууж байхад би гарах гэхэд Х.М намайг суу гэж нэг удаа цохиод авсан. Тэр үед Х.М ийм зүрхний бронктой залуу шүү гэж хэлсэн. Тэр айлаас гарахаар болж дахин нэг шил архи аваад гарах үед О.Д миний морьд өвс хийгээрэй гэж хэлээд Мын гэрийн гадаа морио үлдээгээд, Х.М-ын машинаар бид дөрөв Их арал нэртэй газарт К.Ж-ын гэрт очсон. Тэнд тал шил архийг уугаад сууж байхад О.Д , Х.М нар гараад явсан ба хэсэг хугацааны дараа Х.М хүрч ирсэн. Тэгээд явах болсон чинь Х.М-ын машины түлхүүр алга болсон. О.Д байхгүй байсан. Түлхүүрийг хэсэг хайгаад О.Д аваад явсан байна гэж бодоод Х.М  К.Ж-ын ойролцоо Д-ны гэр лүү явж мотоциклтой очиж Мын гэрийн гадаа байгаа О.Д-ийн морийг аваад ирнэ гэж явсан. Хэсэг хугацааны дараа Х.М  хүрч ирсэн бөгөөд О.Д нь Батын усан гарам руу явсан байж магадгүй гээд явж байхад хойд талаас О.Д  хүрч ирсэн. Тэр үед Д.Ах  гэх хүүхэд Х.М-ыг дуудсан бөгөөд Х.М хүрч ирээд О.Д-ээс түлхүүрээ асуухад байхгүй гэсэн бөгөөд улмаар Х.М О.Д-ийн шанаа тус газар цохих үед газар унасан. Улмаар гэдэс орчимд нь өшиглөж, хувцсыг нь тайлах үед түлхүүр К.Ж-ын гэрийн бүсэнд хавчуулсан гэж хэлсэн. Тэгээд түлхүүрээ аваад байх үед О.Д  Ш.Х гэх хүний хөл рүү өшиглөсөн. Тэрээр Ш.Х О.Д нар бие биеэ барьж авах үед би салгаж авсан. Х.М О.Д-ийг зодож байх үед А.Б гэх хүн больцгоо гэж хэлсэн байсан. Тэгээд А.М  Х.М  нар яваад өгсөн ба би ч гэсэн яваад өгсөн. К.Ж , А.Б  нар мал руу явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас/,

- Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд “...Би нөхөр болох К.Ж-ын хамт хавар 5 дугаар сард тус сумын 1 дүгээр баг, Их арал нэртэй газарт оторт байсан. Тэрээр 5 дугаар сарын эхээр байх манай гэрийн гадаа нэг машин ирээд зогссон бөгөөд уг машинаас Х.М, А.М, Ж.А, О.Д нар бууж орж ирсэн. Тэд бүгд халамцуу байсан бөгөөд манай нөхөр К.Жтай мэнд мэдэлцээд суусан. Би цай хийж байхад нэг нь тал шил архи гаргаж ирээд уусан. Дараа нь том шар айраг гаргаж ирээд ууцгаасан. Тэгж байхад Х.М, О.Д нар гараад явсан бөгөөд хэсэг хугацааны дараа Х.М ганцаараа орж ирээд хэсэг сууж байгаад буцаж явах болохоор Х.Мын машины түлхүүр алга болсон ба хэсэг хайгаад олоогүй. Тэрээр Х.М О.Д аваад явлаа гэж хэлээд доод айлд очиж мотоциклоор явсан ба удалгүй О.Дийн морийг унаад ирсэн. Тэр үед О.Д модон дундаас гарч ирсэн ба Х.М О.Дийг барьж аваад цохиж унагаагаад улмаар газар унах үед цээж, нуруу хэсэг руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Х.Мад би боль, чи хүн аллаа ш үүдээ гэхэд тоохгүй байсан. Тэгээд би айгаад яваад өгсөн ба Ж.А, А.М, Ш.Х, Д.А нар байсан. Хэсэг хугацааны дараа Х.М яваад өгсөн ба О.Д манай гэрийн хажууд сууж байгаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71- 73 дугаар хуудас/,

- Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баяннуур сумын нэгдүгээр баг, Их арал нэртэй газарт ямаа самнаж байхад 15 цагийн орчимд байх Х.М хүрч ирээд Мын гэрт яаралтай хүргэж өг гэж гуйгаад байхаар нь мотоциклд суулгаад Мы гэх хүний гэрт хүргэж өгсөн. Замд надад нэг монгол хүний нэрийг хэлж машины түлхүүрийг аваад явсан байна, Мын гэрийн гадна байгаа морийг нь очиж авна гэж хэлсэн бөгөөд Мын гэрийн гадна очиж бууж хүрэн зүсмийн морийг унаад Их арал гэх газар луу явсан. Би мотоциклтой гэрт очоод мотоциклоо үлдээж, морио унаад К.Ж гэх хүний гадаа очсон чинь К.Ж, А.Б, Ж.А, Ш.Х нар зогсож байсан. Тэр үед нэг Монгол дээлтэй хүн явган хүрч ирэхээр нь Х.Мад таны хайж байгаа хүн ирлээ гэхэд буцаж К.Жын гадаа ирсэн. Тэрээр Монгол дээлтэй хүнийг түлхүүр хаана байна вэ гэж шанаа орчимд цохих үед газар унасан ба тэрээр цээж хэсэг руу нь 2 удаа өшиглөсөн. Дараа нь дахин нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр үед А.БХ.Мад боль гэж хэлж байсан. Ж.А, Ш.Х нар хараад зогсож байсан ба би яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ц-ийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай шинжээчийн “...О.Дийн биед гэмтэл учирсан байна. О.Дийн биед өвчүү ясны их бие хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, түрүү булчирхайн архаг өвчин сэдрэл, дух болон баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. О.Дийн биед учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. О.Дийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний бие мотоциклоор Ховд аймгийн Мянгат сум руу очиж О.Дийн хүүгээс 1 тооны тэмээ худалдаж авахаар явж байхад Батын усан гарам нэртэй газарт О.Дтэй тааралдсан. Тэгээд мэнд мэдэлцээд хаашаа явж байна гэхэд Баяннуур сум руу явж байна, мөнгөн хазаар зарах санаатай гэж хэлээд явсан. Би Мянгат сум руу очиж тэмээ худалдаж аваад улмаар буцаж Баяннуур суманд ирээд сумын төвд байсан өөрийн 5192 бөт улсын дугаартай хар өнгийн Мицубиши Л200 маркийн тээврийн хэрэгслийг аваад 1 дүгээр багт байдаг хаваржаанаас түлээ авахаар замд А.М гэх залууг туслуулахаар суулгаж аваад Баяннуур сумын 1 дүгээр баг, Цагаан хөшөө гэх газарт байдаг хоч нэр нь Мы буюу Х.Мтар гэх залуугийн гэрт ирсэн. Тэр айлд А.М бид хоёр очиж гадна байхад Ховд аймгийн Мянгат сумын иргэн О.Д морьтой хүрч ирсэн. Тэрээр О.Д бид хэд Х.Мтарын гэрт орсон бөгөөд улмаар О.Д надад нэг шил архи аваад өг гэхээр нь Х.Мтард гэрт чинь бэлэн архи байна уу гэхэд 2 шил архи байгаа гэж гаргаж ирээд 1 шилийг нь надад өгсөн. Уг архийг А.М, Х.Мтар, О.Д, Ж.А бид тав хувааж уусан. Би машин барьж байсан учир амсах төдийг бага уусан. Тэрээр О.Д надад хазаар авах уу гэж мөнгөн хазаар гаргаж ирсэн. Тэрээр би барьж үзэж байгаад халаасандаа байсан 50.000 төгрөг өгч мөнгөн хазаарыг авсан. Тэгээд би Цэцэгт багийн Чулуун арал нэртэй газар луу явах гэж байна гэхэд О.Д, Ж.А нар миний машинд суучхаад чи намайг К.Жын гэрт хүргэж өг гэсэн. Тэгээд би шууд К.Жын оторт байгаа газар буюу Баяннуур сумын 1 дүгээр баг, Их арал нэртэй газарт хүргэж өгсөн. О.Дийн унаж ирсэн морь нь Х.М-ын гадаа үлдсэн байсан ба Х.М-д өвс хийчих гэж хэлээд явсан. Тэрээр К.Жын гэрт очиж цай уугаад сууж байсан чинь О.Д гараад явсан хэсэг хугацааны дараа би ч гэсэн явах гэж гараад ирсэн чинь миний машины түлхүүр байхгүй, О.Д ч байхгүй байхаар нь О.Д түлхүүр аваад явчихсан байна гэж бодоод араас нь хайсан чинь олдоогүй. Тэр үед гэрт байсан К.Ж, А.М, Ж.А нар ч гэсэн гараад ирсэн. Тэд нарт би О.Дийн морийг аваад ирэхгүй бол миний түлхүүрийг аваад явсан байна, ганцхан түлхүүртэй гэж хэлээд К.Жын саахалт айл болох Даулетханы гэрт очиж мотоцикл байвал намайг Х.М-ын гэрт хүргэж өгөөч гэж хэлээд Даулетханы хүүхэд нь болох Д.А намайг мотоциклоор Х.Мтарын гэрт хүргэж өгсөн. Тэрээр Х.М-ын гэрийн гадаа байсан морийг унаад улмаар К.Жын гэр хүртэл О.Дийг хайгаад ирсэн чинь замд харагдаагүй. Тэрээр О.Д түлхүүрийг аваад Батын гарам гэх гармаар явж магадгүй, би тийшээ яваад ирье гэж О.Дийн морийг унаад явж байсан чинь араас Д.А О.Д ирчихлээ гэж хэлсэн. Тэрээр буцаж ирээд О.Дээс түлхүүр хаана байна вэ гэж асуухад би мэдэхгүй гэсэн ба би О.Дд миний машины түлхүүр ганцхан байгаа гаргаад ир гэж нэг удаа шанаа руу нь цохих үед газар унасан бөгөөд тэр үед гэдэс руу нь 1 удаа өшиглөж дээлийг нь тайлж түлхүүр хайх үед К.Жын гэрийн бүсэнд хавчуулсан гэж хэлсэн. Очоод харсан чинь түлхүүр байсан бөгөөд би түлхүүрээ аваад морийг нь өгөөд А.М бид хоёр яваад өгсөн. Ж.А би түлхүүр хайгаад явж байхад явчихсан байсан. Өөр ямар ч асуудал болоогүй. Миний О.Дийг зодсоноос болж О.Дийн биед хүндэвтэр хохирол учирсан байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч О.Дээс уучлалт гуйж учирсан хохирол болох 2.000.000 төгрөгийг өгсөн. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийг минь түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БВ72041917, овог:Ж, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:Х.М, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Баяннуур, төрсөн огноо:1972/04/19, хаяг:Баян-Өлгий, Баяннуур, 1-р баг, Цэцэгт, хүчинтэй хугацаа:0000-00-00, хэд дэх:1, ГП:  Е2482709, огноо:2019-01-31” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/,

- 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын “БВ72041917 регистрийн дугаартай, Ж овогтой Х-ы М нь Баян-Өлгий, Баяннуур, 1-р баг, Цэцэгтэд оршин суудаг болохыг тодорхойлов” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр хуудас/,

-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэн Х.М нь БЮ72041917-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/,

- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусадтай харилцах харилцааны соёл дутмаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, дээрэлхүү байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Дийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 20-28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 263  дугаартай  дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х.Мын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт 2.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн гаргасан баталгаагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хохирогч О.Д нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ёсгүй юм.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Х-ы Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Х.Мын иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК