Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00968/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** бракын ** тоотод оршин суух, регистрийн дугаар:**, утас: **, Ж.Ц***

 

“Ажилласан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Ц***, нарийн бичгийн дарга  Г.Хулан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

  • үсэлт гаргагч Ж.Ц***  нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 1963 онд төрсөн. 1982 онд 10 жилийн сургуулиа төгсөж, Нийтийн хоолны Технологийн сургуулийг тогооч мэргэжлээр төгссөн. 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Дарханы 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор орж ажиллаад 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөр цэцэрлэгт шилжин ажиллах болсон юм. Тухайн үед 1 дүгээр цэцэрлэгийн албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж миний 1 дүгээр цэцэрлэгт ажилласан хугацаа хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй орхигдсон байсан. Дархан-Уул аймгийн архивын газраас лавлагаа авахад тус цэцэрлэгт орсон тушаал нь гарч ирсэн. Харин халагдсан тушаал байхгүй байгаа учраас 1 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэв

 

  • үүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ж.Ц*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.Ц*** нь Дархан хотын 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл  ажиллаж байсан болох нь 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 095746 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 064906 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан хотын ардын боловсролын хэлтсийн харъяа 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 10 дугаар сарын       05-ны өдрийн 33 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тушаал, гэрч Г.Д***...Миний бие 1992 онд Дархан-Уул аймгийн 1-р цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Намайг ажилд ороход Ж.Ц*** нь тус цэцэрлэгт тогооч хийж байгаад 1997 онд өөр цэцэрлэг рүү шилжсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.О***”...Би Дарханы 1 дүгээр цэцэрлэгт 1982 онд няраваар ажилд орсон. Ж.Ц*** нь 1990 оны 09 дүгээр сард манай цэцэрлэгт тогоочоор ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөнд ороод өөр цэцэрлэг рүү шилжсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн   135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Ц***ийг Дархан хотын 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор  1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Ц***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА