| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/04028/И |
| Дугаар | 210/МА2025/00919 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00919
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02692 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******, ******* нарт 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувиар алданги төлөх нөхцөлтэй олгосон.
Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн хүүг төлөх хугацааг харилцан тохиролцож, хугацааг хойшлуулан төлж байсан хэдий ч үндсэн зээлээс огт төлөөгүй. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний төлөлтийг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 10,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй.
Хариуцагч нарын хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа ирүүлсэн.
Иймд, хариуцагч *******аас үндсэн зээл 300,000,000 төгрөг, алданги 150,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би, *******аас мөнгө зээлж аваагүй. Гэрээ сунгасан гэх баримтад ******* 2023 оны 01 сараас cap бүр 10,000,000 төгрөг төлөхөөр зээлдэгч үүрэг хүлээсэн байна. Энэ тохиолдолд *******, ******* нар нь өмнө байгуулсан гэрээнээс өөр нөхцөлөөр гэрээ байгуулан тохиролцсон тул шинэ гэрээ, шинэ санал гэж үзэхээр байна.
Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн гэрээнд гэрээ байгуулсан тал гэж ******** гэсэн байгаа. 2018 оны гэрээ байгуулсан тал болох ********-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь ******* бөгөөд *******ийн гэр бүлийн хүн байсан, тухайн үед тусдаа амьдарч байгаад хүнд өвчний улмаас 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Одоогоор өв нээгдээгүй. ******* ********-д ажилладаггүй, гишүүнчлэлгүй, хувьцаа эзэмшигч биш.
Иймд, миний бие зээлийг бэлнээр авч өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй, зээлдэгч ******* шаардаж байгаагүй, дахин гэрээ шинэчилж хийгээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын /төлөөлөгч ********* төлсөн/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг үндэслэн өрийг шилжүүлэн авсан гэж хуулийг буруу тайлбарласан. Энэ зохицуулалт нь өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх нөхцөлтэй юм.
Мөн анхан шатны шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний нэг зээлдэгч нь иргэн ******* байхад зээлдэгч нь ******** хэмээн гэрээний талыг буруу тодорхойлсон.
Гэтэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар ******* нь хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хамтран зээлдэгч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд болохгүй.
Зээлдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нас барсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч ******аас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан
Зээлийн гэрээг анх 6 сарын хугацаатай байгуулсан хэдий ч зээлдэгч нар нь зээлийг хугацаандаа төлөлгүй 4 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь зээлээ төлөхийг байнга шаардаж байсан ба өөрөө Солонгос Улсад удаан хугацаагаар эмчлүүлж байгаа тул зээлийн эргэн төлөлтийг *********ын дансанд төлж байхаар зээлийн гэрээний 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хавсралтаар тохиролцсон. Энэ нь зээлийн гэрээг шинээр байгуулж, гэрээний талуудыг солиогүй.
Хэргийн 49 дүгээр талд авагдсан баримт нь зээлдэгч *******өөс зээлийн эргэн төлөлтийг төлөхөө илэрхийлсэн, зөвхөн түүний гарын үсэгтэй баримт байхад анхан шатны шүүхээс гэрээг дуусгавар болгож өр шилжсэн, шинээр гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч нь ******** болох нь нотлогдсон. Энэ гэрээний өрийг шилжсэн талаар шүүх зөв дүгнэсэн. Мөн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан ба 2024 онд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг *******аас нэхэмжилж байгаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг, алданги 150,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй гэж эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлд алдаатай эрх зүйн дүгнэлт өгсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж дүгнэв.
3. Хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* нь *******, ******* нарт 300,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги төлөх нөхцөлтэй олгожээ.
3.1. Зээлдэгч нар гэрээний хугацаанд 44,566,000 төгрөг, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа 51,234,000 төгрөг, нийт 95,800,000 төгрөг төлсөн.
3.2. Зээлдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нас барсан.
3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдож байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар ******* болон *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр.
Гэрээний хүү, алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Уг гэрээний харилцаанд *******, ******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг тэнцүү байдлаар хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.
4.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний талууд, гэрээний шинэчлэл, өр шилжсэн эсэх талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй байна.
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд ********-ийн захирал ******* гэж бичигдсэн байгаа боловч зээл авах талаар компанийн эрх бүхий байгууллага шийдвэр гаргаагүй, гэрээнд тамга дарагдаагүй, түүнчлэн гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар үгийн шууд утга, агуулгаар нь тайлбарлан авч үзэхэд ******* нь дээрх хуулийн этгээдийг төлөөлж гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээд хүлээн авсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.2. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* болон ******* нар нь 2023 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийг сар бүр 10,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байх боловч үүгээр 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний гол нөхцөл, талуудыг өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Хэргийн 49 дүгээр талд *******өөс зээлийг эргэн төлөх талаарх бичиг авагдсан боловч уг хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөгөө тал болох ******* зөвшөөрч хүлээн авсан баримтгүй тул уг баримтыг үнэлэхгүй. Мөн ******* нь анхнаасаа зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцсон тул зээлдэгчийн өрийг шилжүүлэн авах тухай ойлголт үүсэх үндэсгүй бөгөөд нөгөө үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний талууд өөрчлөгдсөн, өр шилжсэн болох нь тогтоогдсонгүй.
4.3. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч *******аас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.
Хамтран үүрэг гүйцэтгэгч ******* 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдүүлэгчид зээлийг эргэн төлөхөө илэрхийлж баримт үйлдсэн учир энэ маргаанд хамаарах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч нарын зээлийн төлбөрт төлсөн 95,800,000 төгрөгийг хүүд суутгаж, үндсэн зээл, алданги нэхэмжилсэн. Энэ тохиолдолд маргааны хүрээнд шүүхийн зүгээс хүүгийн суутгалын талаар эрх зүйн дүгнэлт өгнө.
Гэрээний дагуу зээлдэгч нар 54,000,000 төгрөгийн хүү төлөхөөс гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 44,566,000 төгрөг, хугацаа дуусгавар болсны дараа 51,234,000 төгрөг, нийт 95,800,000 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгч нь зээлийн хүүд 44,566,000 төгрөг суутгасан нь үндэслэлтэй, харин гэрээний хугацаа дуусгавар болсны дараа төлсөн 51,234,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 248,766,000 төгрөг болов.
5.1. Нэгэнт зээлдэгч нар зээлийг хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар 124,383,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй.
Гэхдээ хамтран зээлдэгч ******* нас барсан, хариуцагч *******т 124,383,000 төгрөгийн алдангийг бүхэлд нь хариуцуулах нь илт их байгаа учир эдгээр нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 62,191,500 төгрөгийн алданги гаргуулахаар тогтов.
5.2. Иймд, хариуцагчаас 310,957,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ. Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт 282 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг гэж хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй алдаа гаргасныг засна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02692 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 310,957,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс 139,042,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,712,737 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ