Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 104

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,

иргэний нэхэмжлэгч Б.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгч К.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Г-т холбогдох 1913001580098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Ж-х овогт К-н Г нь 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ****.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К овогтой Г нь хуурамч диплом ашиглан хууль бус орлого олсон буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  Шүүгдэгч К.Г нь 2007 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж “эдийн засагч” мэргэжил эзэмшсэн гэх №0200715407 дугаартай хуурамч диплом ашиглан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж 40.765.946 /дөчин сая долоон зуун жаран таван мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийн хууль бус орлого олсон буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3019 дугаартай “Иргэн К.Г нь Монгол Улсын Их сургуулийг 2007 онд төгссөн мэдээлэл байхгүй байгаа тул төгссөн сургуулиас нь лавлана уу” гэх албан бичиг /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Монгол Улсын Их сургуулийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1060 дугаартай “Иргэн К овогтой Г нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2007 онд эдийн засагч мэргэжлээр төгсөөгүй болохыг тодорхойлж байна. Жич: 0200715407 дугаартай диплом олгогдоогүй болно” гэх албан бичиг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- К овогтой Г Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж “эдийн засагч" мэргэжил эзэмшсэн гэх №0200715407 дугаартай хуурамч диплом болон уг дипломын хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- К.Г-ын төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

- К.Г-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /24-25 дугаар хуудас/,

- К.Г-аас Баян-Өлгий аймгийн Соёл, Спорт, аялал жуулчлалын газарт ажилд томилуулахаар гаргаж байсан хүсэлтүүд /хх-ийн 26-27, 30 дугаар хуудас/,

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гаргуулан авсан тус аймгийн Соёл, Спорт, аялал жуулчлалын газрын дарга Х.Х-ын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай К.Г-ыг мөн өдрөөс эхэлж тус байгууллагын нягтлан бодогчоор түр томилсон тушаалын хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гаргуулан авсан тус аймгийн Соёл, Спорт, аялал жуулчлалын газрын дарга Х.Х-ын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай К.Г-ыг мөн өдрөөс эхэлж  тус байгууллагын нягтлан бодогчоор бүр орон тоонд авч ажиллуулахаар томилсон тушаалын хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Х-ын “К.Г-ыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас түр чөлөөлж, нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон тухай” 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 6/04 дугаартай тушаал /хх-ийн 15 дугаар хуудас/,

- К.Г 2013-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх-ийн 46-50 дугаар хуудас/,

- Аймгийн Биеийн тамир, спортын газраас гаргуулан авсан К.Г-ын 2013 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд авсан цалингийн тодорхойлолтын дэлгэрэнгүй мэдээлэл, уг мэдээллийг үндэслэн нийт авсан цалингийн тооцоог он, оноор нь нэгтгэж гаргасан мөрдөгчийн тэмдэглэл, хүснэгт /хх-ийн 116-124 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...К.Г хуурамч диплом ашиглан ажилд орсон тухай би мэдээгүй байсан, сүүлийн үед цагдаагийн байгууллагад шалгагдах явцад сонсож мэдсэн. ...К.Г-аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...манай байгууллагын зүгээс К.Г-ын гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,

- Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2013 онд аймгийн БТСГ-ын даргаар ажиллаж байх үед иргэн К.Г-ыг тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд анх томилж байсан. Тэр үед иргэн К.Г надад МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын бакалаврын диплом авч ирж үзүүлэн ажилд орж байсан. Харин 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон гэх хүсэлт гаргасан байсан тул миний бие өөрийн эрх хэмжээний дагуу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон" гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,

- Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “К.Г 2013 онд манай байгууллагад ажилд орсон. Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд БТСГазарт даргаар томилогдон ажилласан юм. Тухайн үед ажил аваад алба хаагч нарын хувийн хэрэгтэй танилцах үед К.Г МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн эдийн засагч мэргэжилтэй гэх бакалаврын дипломтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүгдэгч К.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2001 онд Өлгий сумын ахлах сургуулиас 10 дугаар анги төгсөөд тухайн ондоо Бүгд Найрамдах Турк улсад очиж таван жил эдийн засагч мэргэжлээр суралцаад, уг сургуулиас диплом авч чадахгүйгээр буцаж ирсэн. Тэгээд үлдсэн нэг жилийг Улаанбаатар хотод шилжүүлж нэг жил суралцаад төгсөх бодолтой байсан тул энэ тухай бичиг баримтуудаа бүрдүүлээд явж байхад миний багын найз К.Е нь надад ирж “Би МУИС-ийн нэг багшийг таньдаг, би тэр хүнтэй ярьсан чинь 1.500.000 төгрөг өгөх юм бол энэ жилийн төгсөлтийн бүртгэлд оруулж, диплом гаргаж өгөхөөр боллоо” гэхээр нь би найздаа итгэж түүнд 1.500.000 төгрөг өгсөн ба найз маань надад Монгол Улсын Их сургуулийн эдийн засагч мэргэжилтэй дипломыг авч ирж өгсөн. Дараа нь би уг дипломыг ашиглаж 2013 онд аймгийн Биеийн тамир, спортын газарт ажилд орсон болно” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч К.Г нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчоор ажилд орохдоо 2007 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж “эдийн засагч” мэргэжил эзэмшиж төгссөн гэх №0200715407 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Монгол Улсын Их сургуулийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирлын “Иргэн К овогтой Г нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2007 онд эдийн засагч мэргэжлээр  төгсөөгүй болохыг тодорхойлж байна. ******дугаартай диплом олгогдоогүй болно” гэх албан бичиг, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3019 дугаартай “Иргэн К овогтой Г нь Монгол Улсын их сургуулийг 2007 онд төгссөн мэдээлэл байхгүй байгаа тул төгссөн сургуулиас нь лавлана уу. Жич: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны архивын 2007 оны төгсөгчдийн мэдээллийг үндэслэв” гэх албан бичиг зэргээр нотлон тогтоогдлоо.

Уг гэмт хэргийн улмаас 40.765.946 /дөчин сая долоон зуун жаран таван мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийн хууль бус орлого олсон болох нь Баян-Өлгий аймгийн соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай “К.Г-ыг нягтлан бодогчийн үүрэг ажлаас түр чөлөөлж, нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай” тушаал, №0141391 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн 104 дугаартай албан бичиг, ****регистрийн дугаартай К.Г-ын цалингийн жагсаалт, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч К.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч К.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40.765.946 /дөчин сая долоон зуун жаран таван мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг хураамж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч К.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнийг торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 800 нэгж нь 800000 /найман зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч К.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч К.Г нь аймгийн Биеийн тамир, спортын газарт ажилд орохоос өмнө 2013  оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуульд хуурамч диплом ашиглан нягтлан бодогчоор томилогдон ажилласан гэх боловч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байна гэх прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.Г нь №D200715407 дугаартай хуурамч дипломын эх хувийг шатаасан болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч К.Г-ын хуурамч дипломыг авсан гэх К.Е нь нас барсан болох нь шүүгдэгч К.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 231/002100 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 14, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ж-х овогт К-н Г-ыг “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч К.Г-аас 40.765.946 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч К.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК