| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00220/И |
| Дугаар | 181/ШШ2016/00435 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2016/00435
|
2016 оны 08 сарын 02 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00435 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.О -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Х ХХК -д холбогдох
350.000 төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.О нь Х ХХК-ний захирал Э.У , хүүхэд асруулагч О.О нартай гурвалсан гэрээ байгуулж хүүхэд асрах үйлчилгээний ажилд орсон. Захирал Э.У ээр зуучлуулан О.О ийн нэг сартай хүүхдийг асарч харахаар тохиролцон 2016 оны 3 дугаар сараас мөн оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сар хүүхэд асрах ажил хийсэн. Гэрээнд зааснаар би сарын 650 000 төгрөгийн цалин авч захирал Э.У зуучлалын хөлсөнд 80 000 төгрөгийг тус тус О.О ээс авч байсан. Гэрээнд заасан мөнгийг О.О компани руу шилжүүлж, би сар бүрийн 5, 20-нд компаниас цалин авдаг байсан. Гэрээнд заасны дагуу хүүхэд асруулагч О.О нь 5 дугаар сарын мөнгийг шилжүүлсэн байхад захирал Э.У нь миний 5 дугаар сарын цалингийн үлдэгдэл 350 000 төгрөгийг одоо болтол надад өгөхгүй хохироож байна. Гэрээнд зааснаар цалин өгөхгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож авна. Би гэрээнд заасан хугацаанд хүүхэд асрах ажлаа хийсэн.Би энэ тухайгаа 5 дугаар сарын 30-нд хэлсэн. О.О сайн ажилласан тухай тодорхойлолтыг мөн гаргаж өгсөн. Би гэрээнд заасан хугацааг дуустал ажил үйлчилгээг бүрэн хийсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй сайн ажилласан. Иймд 5 дугаар сарын цалингийн үлдэгдэл 350 000 төгрөгийг алдангийн хамт Х ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ц.О ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х ХХК-нь үйлчлүүлэгч О.О , асрагч Ц.О нартай Хүүхэд асрагч, үйлчлүүлэгч, компани хоорондын харилцааг зохицуулах гэрээ-г 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хүүхэд асрагч нь зуучлуулсан хүүхэд асрагчийн ажлаас гарах тохиолдолд 30 хоногийн өмнө компанид мэдэгдэх, мэдэгдсэний дараагаар 30 хоногийн дараа буюу дараагийн хүүхэд асрагчид хариуцсан ажлаа хүлээлгэн өгөх хүртэл ажиллах онцлогтой харилцаанд оролцож эрх, үүрэг хүлээж гэрээг байгуулсан. Хүүхэд асрагч нь 1 жилийн хугацаатай баталгаат гэрээ байгуулсан болно. Гэтэл Ц.О нь үйлчлэгчийн итгэлийг олж авах ямар чухал болох, цаашлаад тогтворгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй ажилласны улмаас компаний нэр хүндэд сөрөг нөлөөтэй болохыг мэдсээр байж гэрээг зөрчин шууд ажлаа орхиж гарсан нь түүнд олгох сүүлийн сарын цалинг олгох боломжгүйд хүргэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд ч ажилтан ажлаас гарах тухай өргөдлөө өгч, 30 хоног өнгөрмөгц ажлаа хаяж явах үүрэгтэйгээр хуульчилсан. Тиймээс хууль болон гэрээнд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх, энэ үүргээ биелүүлээгүй бол нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн торгууль ногдуулсан нь хууль, гэрээнд нийцсэн. Гэрээ болон баталгааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гарах аливаа асуудлыг батлан даагч О.Саранхүү хүлээхийг батлан даалтанд тусгасан болно.
Манай компанийн сургалтын төвд гаргасан баталгаан дээр ажлаас гарахдаа 1 сарын өмнө өргөдөл бичиж өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасан байгаа тул Ц.О ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Ц.О нь Х ХХК-д холбогдуулан 350 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Х ХХК-нь Ц.О д хууль, гэрээнд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн торгууль ногдуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Х ХХК, үйлчлүүлэгч О.О , асрагч Ц.О нар нь Хүүхэд асрагч, үйлчлүүлэгч, компани хоорондын харилцааг зохицуулах гэрээ-г 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс нэг сарын хугацаатай байгуулж , мөн оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунган энэ хугацаанд ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна./хх-ийн 4-6,17-21-р хуудас/
Уг гэрээгээр хүүхэд асрагч Ц.О нь үйлчлүүлэгч О.О ийн хүүхдийг тодорхой хугацаанд харж, ажил үйлчилгээг гүйцэтгэх, О.О нь Х ХХК-иар дамжуулан хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Х ХХК-ийн хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч бэлтгэх сургалтын төвд гаргах баталгаа нь хүүхэд асрагч Ц.О ын ажлын байранд мөрдөн ажиллах зааварчилгааг тус компанийн захирал О.О хүүхэд асрагчид танилцуулсан тухай баримт байх бөгөөд энэ зааварчилгааг зөрчиж үүргээ биелүүлээгүйгээс гарах хохирлыг хамтран хариуцахаар О.Саранхүү батлан даагчийн тодорхойлолт гаргасан нь хариуцагчийг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. /хх-ийн20-22-р хуудас/
Хүүхэд асрагч Ц.О нь гэрээнд заасан хугацаа болох 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлүүлэгч О.О ийн хүүхдийг асрах ажил үйлчилгээг гүйцэтгэсэн, Х ХХК-нь ажлын хөлсийн төлөх үүрэгтэй болох нь Хүүхэд асрагч, үйлчлүүлэгч, компани хоорондын харилцааг зохицуулах гэрээ болон нэхэмжлэгч, хариуцагч, үйлчлүүлэгч О.О нарын тайлбараар нотлогдож байх тул Х ХХК-иас 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О д олгох үндэстэй.
Хүүхэд асрагч, үйлчлүүлэгч, компани хоорондын харилцааг зохицуулах гэрээ-ний 3.9-д Үйлчлүүлэгч гэрээний төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алдангийг компанид төлнө гэсэн нь үйлчлүүлэгч О.О ээс Х ХХК-д шилжүүлэх төлбөрт тооцох алданги бөгөөд тус компаниас хүүхэд асрагчид төлөх хөлснөөс тооцох алданги биш байх тул нэхэмжлэгчийн компаниас авах ажлын хөлс 350000 төгрөгт алданги тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Х ХХК-иас 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О д олгож, түүнд ногдох алданги тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО