| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2023/04998/И |
| Дугаар | 210/МА2025/00983 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00983
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02218 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
орон сууц чөлөөлүүлж, 1,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай төрсөн ахтай хамт ажилладаг ****** нь хямд орон сууц байна худалдан авах уу гэж хэлсний дагуу *******той холбогдож 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 94 тоот хаягт байрлах, 29 м.кв орон сууцыг *******, ******* нараас 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.
Орон сууцандаа орох гэтэл ******* нь өвлийн улирал байна, дулаан ортол байранд түр амьдруулаач гэж гуйж байсан тул зөвшөөрч түүнийг амьдруулсан. Улмаар *******ийн гуйлтаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэрээний хугацаа дуусаж 2023 оны 08 дугаар сард байрандаа орох гэтэл байрыг чөлөөлж өгөлгүй дахин 1 сар илүү амьдарч хохироож байна.
Иймд, орон сууцыг чөлөөлж, *******т хүлээлгэн өгөхийг даалгаж, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү.
1.2. Миний бие *******той нэг л удаа уулзсан бөгөөд ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй, харилцан тохиролцоод гэрээ байгуулсан. *******ийг танихгүй учир мөнгө зээлэх боломжгүй. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагч *******ийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан *******аас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч нь барьцаа болгож 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн шаардлага тавьсны дагуу гэрээ байгуулсан.
Иймд, зээлсэн 60,000,000 төгрөгийг буцаан өгч, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авна.
2.2. Би, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 60,000,000 төгрөгт орон сууцаа барьцаалж, ******* ахад зээл авч өгсөн. Тухайн 2 өрөө орон сууцны зах зээлийн ханш 60,000,000 төгрөг байх боломжгүй.
Иймд, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
3. Хариуцагч ******** татгалзал, тайлбарын агуулга:
Миний хувьд *******ыг огт танихгүй, уулзаж байгаагүй. Худалдах, худалдан авах талаар огт ярилцаагүй, санал солилцоогүй. Хэрвээ орон сууцыг худалдан авч байгаа бол надаас зөвшөөрөл авах ёстой.
******* нь 2022 оны 12 дугаар сарын эхээр над руу ярьж, миний хуурай ах *******т мөнгө хэрэгтэй болсон тул байраа барьцаанд тавих хэрэгтэй байна гэж хэлсэн. Би байраа барьцаалж, түр шилжүүлж байгаа гэж ойлгосон.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос улсын бүртгэлийн ******* дугаар бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* 94 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд нийт 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг баримтлан *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 496,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 465,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 496,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэл үндэслэлгүй, хэргийн баримтаас харвал нэхэмжлэгч нь бодит байдлаас зөрүүтэй, илт худал мэдээллийг нэхэмжлэлдээ тусгасан байхад шүүх дүгнэлт өгөөгүй.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж, байрны үнэ 60,000,000 төгрөгийг төлсөн гэдэг ч ******ын данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Гэрч ****** нь дансаараа авсан 60,000,000 төгрөгөөс ******* болон ******* нарт өгөөгүй гэдгээ хэлсэн. Хэрэв нэхэмжлэлд дурдсан шиг орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон бол ******* би мөнгөө авах ёстой.
Гэрээний 3.1-д 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов" гэж бичсэн. Гэтэл нэхэмжлэл дээр 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд 10,000,000 төгрөгийн зөрүү гардаг.
Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бол шүүх дээр эвлэрлийн захирамж гаргуулсны дараа нэхэмжлэгч тал нэмж 30,000,000 төгрөг өгье гэхгүй байсан. Энэ нь шүүх хуралдаан дээр асуугдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.
Тухайн үед миний орон сууц 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаагүй, 2014 онд 105,000,000 төгрөгөөр худалдан авсан. Түүнээс хойш орон сууцны үнэ өссөн. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хэлцэл.
Мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан ч захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шүүх хурлыг хийсэн.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Худалдах, худалдан авах гэрээ бодитоор хийгдсэн болох нь баримтаар тогтоогдож, зээлийн гэрээ, барьцааны асуудал байсан нь тогтоогдоогүй. Хариуцагч ******* хохирсон гэж байгаа бол энэ асуудлаа *******тай ярих ёстой. Гэрчээр *******ыг асуух ажиллагаа хийсэн боловч олдоогүй. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* нь хариуцагч *******ийн гомдлыг дэмжиж байгаа болохоо илэрхийлсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууцнаас чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүний байр суурийг хариуцагч ******* дэмжиж оролцсон.
3. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр *******, ******* нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 94 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдахаар, ******* нь 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр ******* 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Орон сууцны үнэд 60,000,000 төгрөгийг ******* нь ****** руу шилжүүлэх замаар төлж барагдуулсан.
3.1. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр дээрх орон сууцыг ******* нь *******т 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон.
Орон сууц нь одоо хариуцагч *******ийн эзэмшилд байгаа эсэх талаар зохигч нар маргаангүй.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэг авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.1. Хариуцагч талын зүгээс худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, зээл болон барьцааны гэрээ байгуулсан гэж маргасан ч энэ нь баримтаар тогтоогдоогүй.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулагч талууд нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хийсэн үйлдэл болон гарын үсэг зурсны үр дагаврыг ухамсарлах чадвартай байх бөгөөд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулжээ.
Энэхүү гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд талуудын бодит хүсэл зориг дээр үндэслэгдсэн, эд хөрөнгийн шилжилт, төлбөрийн гүйцэтгэл бүхий бодит үр дагавартай хэлцэл болох нь гэрээний үнийг бүрэн төлж орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шилжсэнээр тогтоогдсон.
Мөн уг гэрээ байгуулсны дараа хариуцагч ******* нь тухайн орон сууцанд амьдрахаар *******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн бус, эрх зүйн үр дагавар үүсгэх зорилготой, бодит хэлцэл байсныг баталж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай урьд өмнө байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнийг уг орон сууцны өмчлөгч нь болохыг ийнхүү хүлээн зөвшөөрч, хожим түүнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан үйл баримтаас дүгнэвэл хариуцагч нарын анхнаасаа дээрх орон сууцыг худалдах хүсэл зориггүй байсан гэх тайлбар няцаагдаж байна.
Тиймээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлж байсныг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4.2. Хэргийн баримтаар хариуцагч нарын өмчлөлд байгаа орон сууцыг худалдан борлуулах талаар ******* нь ******тай холбогдож, улмаар ****** нь энэ мэдээллийг *******д дамжуулсан нь тогтоогдсон.
Үүний үр дүнд *******, *******, ******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Иймд, гэрээ байгуулах санал, мэдээллийг талууд бусад этгээдүүдээс авсан ч, гэрээ байгуулах хүсэл зоригийг гэрээний талууд өөрсдөө биечлэн илэрхийлж, гэрээг байгуулсан байна.
4.3. Хариуцагч нарын зүгээс орон сууцны үнийг хүлээн аваагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн дагуу худалдагч талын нэрлэн заасан этгээд болох ******ын данс руу 60,000,000 төгрөг шилжүүлж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна.
Энэ талаар гэрч ****** худалдагч буюу орон сууц худалдсан хүмүүс банкны дансгүй байсан учраас миний дансаар дамжуулан төлбөрийг хүлээн авч, улмаар *******ын зааж өгсөн дансуудад шилжүүлж өгсөн гэж тодорхой мэдүүлсэн нь тухайн төлбөр хариуцагч нарын чиглэл, зөвшөөрлөөр хийгдсэн болохыг харуулж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар анхнаасаа орон сууцны үнийг өөрсдөө шууд хүлээн авах хүсэл зориггүй байсан бөгөөд харин төлбөрийг өөрсдийн нэрлэн заасан этгээдийн дансаар шилжүүлэн авч гуравдагч этгээдэд өгчээ.
Дээрх гэрчийн мэдүүлэг үнэн зөв болох нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг төлсөн гэж заасан, үүнтэй зэрэгцэн талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой хугацаанд буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл гэрээний төлбөрийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр хариуцагч нар ямар нэгэн шаардлага, гомдол гаргаж байгаагүй зэргээр тогтоогдож байна.
4.4. Иймд, анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тухайн орон сууцны өмчлөгч болсон.
5. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа *******т сарын 500,000 төгрөгийн хөлстэйгээр хөлслүүлэхээр 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн.
Уг гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон байсан тул орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн хийсэн хэлцэл гэж тооцохгүй.
Иймээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц хөлсөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т нийцсэн байна.
5.1. Орон сууц хөлслөх гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч ******* нь одоог хүртэл орон сууцыг эзэмшиж байгаа, гэрээнд заасан хөлсийг төлөөгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хөлсөнд 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6. Хариуцагч *******оос маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцыг өмчилсөн тул тэрээр орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэгэнт зохигч нарын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан, мөн хариуцагчийн ...нэхэмжлэгчийг өмчлөгч этгээд биш... гэж маргасан нь дээр дурдсанаар үндэслэлгүй тул хариуцагч ******* нь орон сууцыг өмчлөгч *******т буцааж өгөх үүрэгтэй.
7. Хамтран хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг орон сууц эзэмшээгүй, орон сууц хөлслөх гэрээний үүрэг хүлээгээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09058 дугаар захирамжаар хангаж, гэрчээр *******аас мэдүүлэг авахаар шийдвэрлэж, мөн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/20990 дүгээр захирамжаар дээрх захирамжийн биелэлтийн хангахаар тогтоосон.
Улмаар 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/12390 дүгээр захирамжаар гэрч *******ыг шүүхэд албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгажээ.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор гэрчийг шүүхэд дуудн ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн хүрээнд хэргийн оролцогч нь нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй хэдий ч шүүхээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас уг захирамжийн биелэлт хангагдаагүй тул анхан шатны шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй.
Цаашид хариуцагч нь *******т холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдвал зохино.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ