| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0131/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 127
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-т Б-ын Тт холбогдох 1913000000175 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 32-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж-т Б-ын Т, РД: *****.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь иргэн Д.Мыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б овогтой Т тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн К.Мийн нь гэрт 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед иргэн Д.Мыг миний аав А.Бтай хувийн харилцаа үүсгэлээ гэх шалтгааны улмаас зодож, түүний биед тархины доргилт, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хавантай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хавантай, баруун хацарт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралт, хүзүүний зүүн талд хумсны ормын шарх, баруун гарын эрхий хуруунд хавантай, зав гадаргууд шархтай зөөлөн эдийн бэртэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Иргэн Д.М нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол мэдээлэл, түүнтэй холбоотой материалууд /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №357 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
- Хохирогч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... Би 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эмнэлгээс гарч хадам эгч Мгийн гэрт ирсэн. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед эгчийн гэрт гаднаас манай хөрш Бын охин Т, хүргэн хүү Е хоёр орж ирээд Т үгийн зөрүүгүй үснээс минь зулгааж, 5-6 удаа алгадаад боомилоход нь би ухаан алдсан байсан. Тэгтэл М эгч чи боль, хэн бэ, хаанаас явж байгаа юм гэхэд намайг Т нуруу руу минь нэг удаа, хөл рүү минь нэг удаа өшиглөөд би чамайг ална гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
- Гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн орой гэртээ байтал 19 цагийн үед М эгч над руу залгаад К.М эгчийг чинь сая танихгүй эмэгтэй хүн зодоод явчихлаа гэхээр нь би тэдний гэрт очтол эгчийн үс нь сэгсийгээд нүд нь хөхөрчихсөн байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- Гэрч К.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... К.М 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрөх эмнэлгээс гарсан бөгөөд 08 дугаар сарын 09-ний өдөр манайд сууж байтал 19 цагийн үед гаднаас нэг эмэгтэй хүн хажуудаа эрэгтэй хүн дагуулчихсан орж ирсэн. Нөгөө үл таних эмэгтэй К.Мд хандаж нэг юм хэлээд шууд нүүр лүү нь цохиход нь К.М унасан ба К.Мыг унангуут нь толгой руу нь цохисон. Би тухайн үед 2 сартай ачийгаа бариад сууж байсан тул салгаж чадаагүй юм. К.Мыг үгийн зөрүүгүй зодчихоод нөгөө үл таних эмэгтэй гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би ээж аав хоёрыг минь эвгүй байдалд оруулсанд нь дургүй хүрч оройн 19 цагийн үед К.Мы байсан гэх айл болох М билүү Мгийн гэрт эмнэлгийн өмнөөс такси аваад очсон юм. Очоод би уг айлд ороод К.Мд би чамд хэдэн удаа хэлдэг юм бэ, аав, ээжийг минь тайван байлга гэж хэлээд нүүр лүү нь 2-3 удаа цохиод ээжид минь ямар нэгэн зүйл болбол чамайг ална шүү гэж хэлээд гараад явчихсан юм. ...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Тус багийн иргэн Б овогтой Т нь ББ84091402 регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,
- “ББ84091402 регистрийн дугаартай, Ж-т овогтой Бын Т нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан, 32-36 тоотод оршин суудаг” гэх иргэдэд үйлчлэх автомат машины лавлагааны тодорхойлолт өгөх нэгдсэн Мгтын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “улсын бүртгэлийн дугаар-г*****, хаяг-Баян-Өлгий, Ө сум, ****- баг, И, талбайн хэмжээ-600 м2, хөрөнгийн төрөл-газар, өмлөгчөөр бүртгүүлсэн огноо-2016-07-22, өмлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл-Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулах, өмчлөгчийн тоо-1,
улсын бүртгэлийн дугаар-******, хаяг-Баян-Өлгий, Өлгий сум, 4- баг, Их булан, талбайн хэмжээ-56.25м2, эрхийн төрөл-өмчилсөн, хөрөнгийн төрөл-үл хөдлөх, эрхийн төрөл-өмчилсөн, өмлөгчөөр бүртгүүлсэн огноо-2016-09-05, өмлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл-Газраас бусад ҮХЭХ-ий анх удаа бүртгэж, баталгаажуулах, өмчлөгчийн тоо-2” гэх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Мы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Тийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрч, хохирлын талаар маргаангүй гэсэн тул түүнд төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж-т овогтой Б-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК