| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 221/2024/0052/З |
| Дугаар | 001/ХТ2025/0038 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/0038
О.С****-ийн гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2025/0005 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч О.С****, түүний өмгөөлөгч Б.А****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****, гуравдагч этгээд Д.Э*** нарыг оролцуулан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага:
1.О.С****-ээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “... тус хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Хариуцагч О.С**** **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г****-аас татгалзах тухай хүсэлт гаргахдаа өөрийн үйлчлүүлэгч Д.Э***-т мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-т заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож;
3 дахь заалтаар: Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар өмгөөлөгч О.С****д “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
3.Гомдол гаргагчаас “... өмгөөлөгч бидний хувьд иргэн, хуулийн этгээдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ Монгол Улсын хуулийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг бөгөөд өмгөөлөгчийн эрхийг Өмгөөллийн тухай хуулиар тогтоож, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд оролцохдоо тухайлсан харилцааг зохицуулсан процессын хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг, өмгөөлөгч миний хувьд Д.Э****-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ Өмгөөллийн тухай хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан ажилласан, Өмгөөллийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хуульчилсан бөгөөд 13 дугаар зүйлд өмгөөлөгчийн эрхийг тодорхойлж, 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах” эрхийг өмгөөлөгчид олгосон, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хууль, ёс зүйн дүрмийг баримтлан өөрийн үйлчлүүлэгч Д.Э****-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд бүрэн, тууштай хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн, гэвч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаас өмгөөлөгч намайг буруутгахдаа дээр дурдсанчлан хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлийг зааж байгаа нь Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн буюу үүргээ зөрчсөн өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх ёстой, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж тодорхойлсон, гэвч өмгөөлөгч намайг хууль болон дүрэмд заасан үүргээ зөрчсөн гэж бус хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос үзэж “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хууль, ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, ... Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/*** дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэж;
3.1.Хариуцагчаас “... О.С**** нь үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүй И.Г*** шүүгчээс татгалзсан болох нь гомдол гаргагч Д.Э****-т болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/*** дугаар тогтоолд ямар үндэслэлээр өмгөөлөгч О.С****д хариуцлага тооцсон нь тодорхой дурдагдсан, Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.4, 36-д заасны дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах арга хэмжээ авсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж;
3.2.Гуравдагч этгээд Д.Э***-ээс “... ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г****-аас татгалзан гаргах хүсэлт гаргах талаар мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, татгалзах үндэслэлийн талаар тайлбарлаагүй, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан дээр О.С**** нь надтай ярилцаж зөвшилцөөгүй, надад мэдэгдээгүй, шүүгч нараас татгалзсан хүсэлтээ надад танилцуулаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-т заасныг зөрчсөн, О.С**** өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хуулиар хүлээсэн үүргээ ч зөрчсөн, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан болох нь О.С****ийн өөрийн тайлбар, бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, нэр бүхий 2 шүүгчийг татгалзах хуулийн ямар ч үндэслэлгүй, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан заалт нь хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахаас биш нууцаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурийг илэрхийлэх эрхийг олгоогүй болно ...” гэх агуулгаар тус тус маргажээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2025/0005 дугаар магадлалаар: Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.4-т тус тус заасныг баримтлан өмгөөлөгч О.С****-ээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгожээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.Гуравдагч этгээд Д.Э***-ээс магадлалыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр өмгөөлөгч О.С****-ийн гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2025/0005 дугаартай магадлалыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.2.Д.Э****-т миний гомдлын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ2024/** дугаар тогтоолоор өмгөөлөгч О.С****-ийг ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г***-аас татгалзах тухай хүсэлт гаргахдаа өөрийн үйлчлүүлэгч Д.Э*** надаас зөвшөөрөл аваагүй нь Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоож, түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.
5.3.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/ШШ2025/0005 дугаартай магадлалаар тус хорооны тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалт буюу зөрчлийг тогтоож сахилгын шийтгэл ногдуулсан заалтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, магадлалын Үндэслэх хэсгийн 2.2-т “... О.С**** нь шүүгч И.Г***-аас татгалзан гаргах хүсэлтийг гаргахдаа Д.Э****-ээс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэх үйл баримт байхгүй төдийгүй энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй гэж дүгнэсэн. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд О.С**** нь нэр бүхий шүүгч нарыг удаа дараа татгалзан гаргах хүсэлтийг гаргахдаа үйлчлүүлэгч надтай зөвшилцөөгүй, надад мэдэгдэлгүйгээр гаргасан, улмаар О.С**** энэ талаар маргаагүй үйл баримтыг ч шүүх тогтоосон болох нь харагдаж байна.
5.4.Мөн магадлалын Үндэслэх хэсгийн 2.4, 2.5-д “... өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй ба энэ нь ... үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөс үл хамааралтай ..., О.С**** нь Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
5.5.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ2024/*** дугаар тогтоолын үндэслэх хэсгийн 2-т “... өмгөөлөгч нь шүүгчээс татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авч, энэ талаараа үйлчлүүлэгчид мэдэгдэж тайлбарлах ёстой байсан” гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн энэ эрх нь үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөс үл хамааралтай хэрэгжихээр байна гэж ганцхан өгүүлбэрээр хуулийг буруу тайлбарлан дүгнэж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон шүүх бүрэлдэхүүнд үнэхээр их харамсаж байна.
5.6.Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч О.С**** нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 14.1-д “Өмгөөлөгч хууль зүйн үйлчилгээний зорилго, хүрээ, шийдлийг тодорхойлохдоо үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхолд үндэслэнэ” гэснийг баримтлах ёстой байсан.
5.7.Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д зааснаар “өмгөөллийн үйл ажиллагаа” гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг ойлгодог. Энэ заалтаас үзэхэд үйлчлүүлэгч Д.Э*** миний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгч О.С**** өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах байсан.
5.8.Мөн О.С**** нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.4, 4.1.6-д заасан зарчмуудыг өмгөөллийн үйл ажиллагаандаа баримтлаагүй болно. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Д.Э****-т намайг үл хүндэтгэсэн, дур мэдэн, нууцаар, ямар ч хуулийн үндэслэлгүйгээр удаа дараа шүүгч нарыг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан, үүнээс гадна шүүгч нарын талаар болон хэргийн талаар тухайн үед надад худлаа ярьж намайг төөрөлдүүлж байсан нь хожим мэдэгдсэн.
5.9.Өмгөөлөгч О.С**** нь татгалзан гаргасан нэр бүхий шүүгч нарын шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнө нь оролцож байсан тухай Мэргэжлийн хариуцлагын хорооны хурал дээр яригдаж, энэ талаар гишүүн А.К****-ийн асуулт, О.С****-ийн хариулт тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгч надаас зөвшөөрөл авах эсэх талаар тусгаагүй ч Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасны дагуу надад огт мэдэгдээгүй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан үйлчлүүлэгч миний хүсэл зоригийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан эсэхийг шүүх дүгнэж чадсангүй.
5.10.Өмгөөлөгч О.С**** нь тухайн үед шүүгч нараас татгалзах хүсэлттэй байсан талаараа үйлчлүүлэгч надад урьдчилан мэдэгдсэн бол миний зүгээс шүүгч нараас татгалзах хүсэл зориг байгаагүй тул О.С**** өмгөөлөгчөөс татгалзаж, өөр өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үйлчлүүлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж шүүгч үзээд намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.
5.11.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасны дагуу хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтыг арилгаж, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2025/0005 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ2024/*** дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6.Анхан шатны журмаар Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно”, мөн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “... шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах” гэж зааснаас үзэхэд, хэргийн оролцогч (үйлчлүүлэгч болон өмгөөлөгч) нар хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй байна.
8.Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах” өмгөөлөгчийн нийтлэг эрх болон мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргийг үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцан хүлээх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулжээ.
9.Хэрэгт цугларсан баримт, өмгөөлөгчийн тайлбараас үзвэл, өмгөөлөгч “***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргахдаа үйлчлүүлэгчийн ашиг сонирхлын үүднээс гаргасан гэх боловч энэ талаар өөрийн үйлчлүүлэгч (гуравдагч этгээд)-д урьдчилан мэдэгдээгүй, зөвшилцөөгүй, дараа нь ч мэдэгдэж, тайлбарласан нь баримтаар тогтоогдохгүй байна.
10.Өмгөөллийн тухай хуулиар олгогдсон дээрх эрхийг өмгөөлөгч хэрэгжүүлэх зорилго нь “өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхолд үндэслэж, түүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн” байх ёстой тул өмгөөлөгч үйлчилгээ үзүүлж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах” үүрэгтэй.
11.Энэ тохиолдолд, гомдол гаргагч өмгөөлөгчийг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.
12.Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/*** дугаар тогтоолоор өмгөөлөгч О.С**** нь “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчид мэдэгдэж, тайлбарлах ёстой” гэж дүгнэн, өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж заасанд нийцжээ.
13.Харин давж заалдах шатны шүүх “... өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй байх ба энэ нь хэргийн бусад оролцогч, өмгөөллийн үйл ажиллагааг хамтран явуулж буй бусад этгээд үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөс үл хамааралтай хэрэгжихээр байна” гэж дүгнэн, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/*** дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
14.Энэ маргааны хувьд, үйлчлүүлэгч “өмгөөлөгч шүүгчээс татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх агуулгаар өмгөөлөгчийн үйл ажиллагааг эс зөвшөөрөн маргаж буй нөхцөлд, өмгөөлөгч үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх, мэдэгдэх, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах зэрэг хуульд заасан үүргийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр “шүүгчээс татгалзах хүсэлт гаргах эрхийг өмгөөлөгчид олгосон хязгааргүй” эрх мэтээр давж заалдах шатны шүүх тайлбарлан хэрэглэсэн нь буруу.
15.Иймд давж заалдах шатны шүүх Өмгөөллийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШШ2025/0005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч өмгөөлөгч О.С****-ийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “... тус хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024*** дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Э****-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т зааснаар гомдол гаргагч өмгөөлөгчөөс шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг болон гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН