Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 017

 

Д.Баасанчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Баасанчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Б.Баянцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Мустанг” худалдаа үйлчилгээний төвийн захирал Д.Баасанчулууны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Баянцэцэгт холбогдох

4521000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баянцэцэгийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, бакалаврын дипломын эх хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Мустанг” худалдаа үйлчилгээний төвийн захирал Д.Баасанчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттогтохын Баянцэцэг нь манай Мустанг худалдаа үйлчилгээний төвд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж худалдагчаар ажиллаж ирсэн бөгөөд 2014 оны 6 сараас эхлэн 2015 оны 6 сарыг дуустал нэг жил гаруйн хугацаанд ажиллахдаа түүнтэй хийсэн бараа тооцоо нийлсэн баримтаар нийт 4521000 төгрөгийн бараа дутагдуулсан. Б.Баянцэцэг нь гаргасан дутагдлаа хүлээн зөвшөөрч удаа дараа төлөхөө илэрхийлсэн баримтыг тус төвийн удирдлагад хандаж гаргасан. ... Санхүүгийн баримтад талууд хамт байж тооллого тооцоогоо хийж дутагдлаа зөвшөөрч, хэрхэн яагаад дутагдсан талаарх шалтгаан нөхцлийг бараа материалын тооцоо бодсон баримтанд Б.Баянцэцэг нь бичиж гарын үсэг зурдаг байсан. Энэ хэрэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. ....Иймд Б.Баянцэцэгээс 4521000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баянцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ажил олгогч намайг нийт 4521000 төгрөгийн бараа дутагдуулсан гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ажил олгогч надад зориудаар дутагдал үүсгэж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. ...ажил олгогч надад бараагаа хүлээлгэж өгдөг боловч орой ажил тараад би хүлээж буюу хариуцаж авсан бараагаа ажил олгогчийн мэдэлд ил задгай үлдээгээд өглөө ирээд ажлаа үргэлжлүүлж байсан. Энэ хугацаанд ажил олгогч нь миний хариуцаж байсан барааны дэлгүүрт үлддэг байсан. Уг барааны бүрэн бүтэн байдлыг хэн хариуцах нь тодорхойгүй нөхцөл байдалд би ажил гүйцэтгэж байсан. ...Ажил олгогч нь 2014 оны 11 сарын сүүлээр тооллого хийсэн боловч тооцоогоо гаргаагүй байж байгаад 2014 оны 12 сарын сүүлээр тооцоо хийхэд ноос ноолууран бараанаас 1800000 төгрөгийн бараа дутагдлаа гэхээр нь би ажлаа өгье, ажлаа хүлээж ав гэхэд дурандаа ажил хүлээж авчхаад дурандаа хүлээлгээд өгчихдөг зүйл биш гээд ажлаас гаргаагүй. Тэгээд 2015 оны 1 сарын 31-нд дахин тооцоо хийхэд хүүхдийн бараанаас 2.0 сая гаруй төгрөг, ноос ноолууран бараанаас мөн 2 сая гаруй төгрөг нийт 4521000 төгрөгийн бараа дутагдлаа гэж тооцоо хийсэн. Мөн захирал анх намайг ажилд ороход миний их сургууль төгссөн бакалаврын дипломыг хурааж авсан бөгөөд намайг ажлаас гарах үед 4521000 төгрөгийг дутааснаа хүлээн зөвшөөрч бичиг хийж өг, гарын үсгээ зур тэгэхгүй бол дипломыг чинь өгөхгүй, чамайг Хөвсгөл аймагт ажилд оруулахгүй, өвчтэй ээжид чинь хэлнэ гэх зэрэг байдлаар намайг айлган сүрдүүлсэн. Тухайн үед миний ээжийн биеийн эрүүл мэнд маш муу эмчилгээтэй байсан, би өөр байгууллагад ажил орохоор хөөцөлдөж байсан, тухайн ажил маань бүтээд дипломоо авах зайлшгүй шаардлагатай байсан зэрэг аргагүй байдлаас болоод би захирлын хэлж бич гэсэн зүйлийг цаасан дээр үг үсэг бүрчлэн өөрийн гараар бичиж гарын үсэг зураад дипломоо авах гэтэл эх хувийг нь өгөхгүй хуулбар өгнө гээд өгөөгүй. ... Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баянцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  ...Баасанчулуун нь миний бакалаврын дипломыг эх хувиар нь хурааж авчхаад өгөхгүй барьцаалчихсан байсан. Иймд ажил олгогчийн хүчинд автаж дарамт шахалтад орж бичсэн тухайн нотлох баримтын агуулгаас үзэхэд иргэн миний эрх, үүргийг дуусгавар болгох зорилгоор хүчээр бичүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, миний бакалаврын дипломын эх хувийг Д.Баасанчулуунаас шаардан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Мустанг” худалдаа үйлчилгээний төвийн захирал Д.Баасанчулуун сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа: ... сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Баянцэцэг нь итгэлтэй, хариуцлагатай ажиллахын илэрхийлэл болгож дээд боловсролын дипломоо анх ажилд орохдоо өгсөн. Харин ч дипломыг нь өгөхөөр хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй. Сүүлд өөрөө ч ирээгүй хүн явуулж авахуулсан. Миний бие түүнд төлбөрөө төлөхгүй бол ээжид чинь хэлнэ гэж айлгаж сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Тооцоо тооллогоор бараа материал дутагдуулж түүний төлбөр болох 4503400 төгрөгийн дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрснөө болон хэдийд төлөх талаар нь хүчээр бичүүлсэн, ингэхдээ дипломыг нь барьцаалсан гэх мэт зүйл нь ор үндэсгүй юм. Хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа хүсэлтийг ч мөн Б.Баянцэцэг нь өөрөө бичсэн. Миний хувьд хүч хэрэглэж бичүүлсэн асуудал байхгүй тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч Б.Баянцэцэгээс 4503400 /дөрвөн сая таван зуун гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мустанг худалдаа үйлчилгээний төвийн захирал Д.Баасанчулуунд олгож, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Баянцэцэгийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87285 /наян долоон мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянцэцэгээс 87004 /наян долоон мянга дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Баянцэцэг давж заалдах гомдолдоо: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд үндэслээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодиттойгоор үнэлж дүгнэсэнгүй. ... Би ажил олгогчид хүүхдийн болон ноос, ноолууран барааг нь зарж борлуулах үүрэгтэй болохоос уг барааны бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах үүрэг хүлээгээгүй. Баасанчулуун өөрөө уг барааныхаа бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй ажиллаж байсан. Би өглөө үйлчилгээний газар нь онгойхоор нь орж барааг зарж борлуулаад орой ажил тарахад борлуулсан мөнгөө өдөр өдөрт нь хүлээлгэж өгөөд барааг нь Баасанчулууны мэдэлд ил задгай үлдээгээд л ажлаа орхиод ажлын байрнаасаа гардаг. Бараа бүтээгдэхүүний тооллого хийгээд тоолсон бараанаас их хэмжээгээр бараа дутсан. Яагаад бараа дутаад байна. Чи бараанаас зарчхаад мөнгийг нь өгөхгүй байна гэж ажил олгогч намайг илт гүжирдэж, айлган сүрдүүлж, өвчтэй ээжид чинь хэлнэ, бакалаврын дипломыг чинь өгөхгүй, дутаасан барааны мөнгийг бүрэн төлж байж ав гэж барьцаалаад намайг айлган сүрдүүлж дарамтлаад байсан учир би арга буюу түүний тооцоо бодож мөнгө дутаасан гэх баримт дээр гарын үсэг зурахад хүрсэн. ...Анхан шатны шүүх Баасанчулууны намайг хүчээр дарамталж байж бичүүлж авсан баримтыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хууль дахь хөлсөөр ажиллах гэрээний агуулгаас үзэхэд ч гэсэн хөлсөөр ажиллагч нь хөлс авч ажил гүйцэтгэж өгөх үүрэгтэй болохоос эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй, ийм үүрэг хүлээх үндэслэлгүй болохыг тодорхойлсон байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллаж байгаа ажилтантай ажил олгогч заавал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж ажиллуулах ёстой. Хэрэв ийм гэрээ байгуулаагүй бол хариуцлага хүлээлгэх, хариуцлага шаардах эрхгүй болохыг хууль тодорхойлсон байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн хэрэгт цугларсан тооцоо хийсэн санхүүгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан. Шүүхийн шинжилгээний газрын эдийн засгийн шинжээч ч хэрэгт цугларсан Мустанг худалдаа үйлчилгээний газрын санхүүгийн баримтуудыг шинжилгээ хийх боломжгүй баримт байгаа тул шинжилгээ хийхээс татгалзсан байтал шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, шинжилгээ хийх боломжгүй санхүүгийн баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Мустанг” худалдаа үйлчилгээний төвийн захирал Д.Баасанчулуун нь тус төвд худалдагчаар ажиллаж байсан Б.Баянцэцэгээс  4521000 төгрөгийн бараа дутагдуулсныг гаргуулах шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4503400 төгрөг болгосон  байх ба хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж, “төлбөр төлнө”  гэсэн бичгийг хүчээр дарамталж бичүүлж авсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, бакалаврын дипломоо буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Д.Баасанчулууны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу Б.Баянцэцэг нь “Мустанг” худалдаа үйлчилгээний төвийн лангуун дээр түүний барааг худалдах үйлчилгээг гүйцэтгэх, нэхэмжлэгч Д.Баасанчулуун нь хөлс төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч нь “төлбөр төлнө”  гэсэн бичгийг хүчээр дарамталж бичүүлж авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Баянцэцэг нь 2014 оны 06 дугаар сараас  2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд  худалдагчаар ажиллахдаа 4503400 төгрөгийн дутагдал гаргасан нь түүнд хүлээлгэн өгсөн  бараа материалын бүртгэл,  тооцоо бодсон баримтуудаар нотлогдсон байгаагийн дээр Б.Баянцэцэг нь тооцоо бодсон баримт бүр дээр дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч,  төлөхөө илэрхийлж байсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Худалдагч Б.Баянцэцэг нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хүлээн авсан бараа материалаа дутагдуулж, гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Хариуцагч нь хүлээж авсан бараа материал   дутсан нь худалдагчаас шалтгаалаагүй болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ   нотлоогүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй  байна. Иймд хариуцагчийн  “...хөлсөөр ажиллагч нь хөлс авч ажил гүйцэтгэж өгөх үүрэгтэй болохоос эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй, ийм үүрэг хүлээх үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Б.Баянцэцэг нь “төлбөр төлнө”  гэсэн бичгийг хүчээр дарамталж бичүүлж авсан учир хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн сөрөг нэхэмжлэл  гаргасан байх боловч дээрх байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1006 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87286 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                    

                                                                     Т.ГАНБАТ