| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/1744/и |
| Дугаар | 5517 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 5517
| 2016 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2016/05517 | Улаанбаатар хот |
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.....тоотод оршин суух, Ч.Дын /РД: ......../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б........ тоотод оршин суух, П.Дд /РД: ......../ холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгөөс албадан нүүлгэх, хохиролд 53.625.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал,
Хариуцагч П.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Д нь Т.Мгаас ххххххххххх тоотод байрлах 657м.кв талбайтай газар болон 21 м.кв талбайтай байшинг нийт 143.000.000 төгрөгөөр 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авсан.
Т.М нь уг үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа “...манай байранд П.Д гэж хүн түрээсээр үйл ажиллагаа явуулдаг юм. Барилгыг нурааж ашиглалтыг нь өөрчлөх хүртлээ энэ хүнтэй түрээсийн гэрээ байгуулан ажиллаж болох уу “ гэсэн. Ч.Д нь яараагүй байсан тул болох байлгүй гэсэн хариуг өгсөн.
П.Дд энэ талаар хэлэхэд тэрээр хүлээж авахыг огтхон ч хүсээгүй ба янз бүрийн шалтаг тоочиж түрээсийн гэрээ байгуулахгүй өнөөг хүрсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ч.Д нь 2013 оны 6 дугаар сарын19-ний өдөр Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д “Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар 14 хоногийн дотор түрээсийн гэрээг шинээр байгуулахыг мэдэгдэж заасан хугацаанд түрээсийн гэрээ байгуулахгүй бол чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн.
Гэтэл П.Д нь мэдэгдлийг хүлээж авахгүй, чамтай түрээсийн гэрээ байгуулах шаардлага байхгүй гэсэн хариуг өгсөн. Энэ хүнтэй цаашид эв зүйгээ олохгүй болсон тул 2013 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч П.Д нь Захиргааны хэргийн шүүхэд өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан үндэслэлээр Ч.Дын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11959 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ийнхүү бүтэн 2 жил 6 сарын хугацаанд иргэн болон захиргааны хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 501 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 525 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч П.Дын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тухайн үл хөдлөх хөрөнгийг Ч.Д нь 143.000.000 төгрөгөөр худалдан аваад нилээд хугацаа өнгөрч байхад ашиг хүртэж чадаагүй, бүхий л мөнгө хөрөнгөө үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулсан бөгөөд дээрх мөнгийг банкинд хадгалуулсан бол уг мөнгө нь хүүгээр өсөх байсан. Тиймээс банкуудын дундаж хадгаламжийн хүүгийн орлогоор тооцож хохирол нэхэмжилж байгаа.
Хохиролтой холбоотой шаардлагыг дараах байдлаар тооцсон. Банкуудын хугацаатай хадгаламжийн дундаж хүү жилийн 15 хувь, сарын 1.25 хувь болно. Үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар саатуулж байна гэж үзвэл дор хаяж 30 сар болсон. 30 сарыг сарын 1.25 хувьд үржүүлэхэд 37.5 хувийн хүүгийн орлого олох ёстой байсан гэж тооцвол 143.000.000 төгрөгийг 37.5 хувьд үржүүлэхэд 53625000 төгрөгийг П.Даас нэхэмжилж байна.
Иймд ххххххххххх тоотод байрлах 657м.кв талбайтай газар болон 21 м.кв талбайтай байшингаас П.Д болон түүний эд хогшлыг албадан нүүлгэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож өгнө үү. Мөн хохиролд 53.625.000 төгрөгийг П.Даас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Д миний бие ххххххххххх тоот хашаа, байшингийн өмчлөгч Т.Мгийн зөвшөөрлөөр түүний хашаанд хүнсний цехийн барилга 2011 онд барьсан. Т.М нь хашаагаа зарах байсан бол надад зарах байсан.
Т.М намайг өөрийн өмчлөлийн хашаа байшингаас 15 жил огт хөдөлгөхгүй гэсэн аман тохиролцоог бид хоёр хийсэн байсан. Би Т.Мгаас уг үл хөдлөх хөрөнгийг нь 2012 оны 5 дугаар сард 100.000.000 төгрөгөөр түүнээс худалдан авахаар амаар тохирсон байсан. Би мөнгөө бэлэн болгочихоод түүнийг маш их хайсан. Ажил дээр нь, гэрт нь очсон ч тэрээр гэртээ байгаагүй ба надад олдоогүй.
Гэтэл 2012 оны 6 дугаар сард Ч.Д гэж хүн би наад хөрөнгийг чинь би худалдан авсан, би өмчлөгч нь гээд гараад ирсэн. Энэ газарт би хашаа, байшин бариагүй бол яагаад ч 140.000.000 төгрөгөөр зарагдахгүй газар. Миний бодлоор Ч.Д, Т.М хоёр хуйвалдан миний хөрөнгийг завших гэж байна.
Би энэ хоёрыг анх бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Дараа нь хуулинд нийцүүлээд худалдах, худалдан авах гэрээ байгуулан газар, байшингаа худалдан зохих ёсоор нь татвараа төлсөн юм билээ. Миний хөрөнгө оруулалт буюу 48.000.000 төгрөгийг энэ хоёрын хэн нь ч хамаагүй өгчихвөл би хашаа, байшинг суллаж өгөхөд бэлэн байгаа гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч П.Дд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөөс албадан нүүлгэх, хохиролд 53.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Монгол улсын иргэн Тэгшээгийн М нь хххххххххххтоотод байршилтай, 0000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 657 м.кв талбай бүхий газар болон уг хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай, 21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Дад 143.000.000 төгрөгөөр худалдан, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба
2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Дад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор Ч.Д нь дээрхи газар болон үйлчилгээний зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгч болсон байна.
/ХХ-ийн 3-4, 6-7 дугаар тал/
Ч.Д нь П.Дд холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс албадан нүүлгэх, хохирол 51.056.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11959 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
/ХХ-ийн 30-31 дүгээр тал/
П.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан” хххххххххххтоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт иргэн Т.Мгийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр П.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
/ХХ-ийн 8-20 дугаар тал/
П.Д нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “хххххххххххтоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийг түдгэлзүүлэх“ хэмээн өөрчилсөн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 501 дүгээр шийдвэрээр П.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 525 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 21-29 дүгээр тал/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т ”... эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч буюу нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч П.Дын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа өөрөө цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд хохиролд 53.625.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг өнгөрсөн хугацаанд дээрх хэмжээний хадгаламжийн хүүгийн орлого олох байсан гэж үзэх боломжгүй.
Иймд хариуцагч П.Дыг хххххххххххтоотод байршилтай, 0000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 657 м.кв талбай бүхий газар болон уг хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай, 21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 53.625.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч П.Дд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулан өгсөн, зохигчдод мөн өдөр эрх, үүргийг нь тайлбарласан, хариуцагч П.Дын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа буюу 5 удаа хойшлуулж байсан зэргээс дүгнэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч П.Дыг хххххххххххтоотод байршилтай, 0000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 657 м.кв талбай бүхий газар болон уг хаягт байрлалтай 21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 53.625.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Даас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч П.Даас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дад олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч П.Дыг хххххххххххтоотод байршилтай, 0000000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 00000000000000 дугаарт бүртгэлтэй, 657 м.кв талбайтай газар болон уг хаягт байрлалтай, 21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг буюу хүнсний үйлдвэрлэл явуулахгүй байхыг даалгасан тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 26427 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН