Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 111

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч, аймгийн Ерөнхий прокурорын орлогч А.Т,

хохирогч Я.Д,

хохирогчийн өмгөөлөгч А.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч Н.К нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Кд холбогдох 1913001020077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Т овогтой Н-ны К, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б сумын тооцооны төвийн менежерээр ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.К нь  иргэн Я.Дгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.К нь Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарын Бугат сумын тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн өглөөний 10 цаг 12 минут, 36 секундээс 10 цаг 14 минут 36 секундийн хооронд Х банкны Банкс программаар харилцагч Х.Нийн овог, нэрээр хайлт хийж орж, улмаар Х.Нийн *****тоот сиф дээрх хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн *****тоот хаагдсан цалингийн зээлийн дансаар дамжин харилцагч Я.Дгийн ****дугаартай хугацаагүй хадгаламжийн дансанд 5 удаа, *****дугаартай хуримтлалын хадгаламжийн дансанд 2 удаа, *****дугаартай зээлийн дансанд 2 удаа тус тус ажлын бус шаардлагаар лавлаж хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Хохирогч Я.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэр бүлийн маргаан шийдэгдээгүй явж байх энэ хугацаанд Х.Нийн одоогийн эхнэр Н.К Х банканд буй миний данснууд, мөн тухайн дансанд мөнгө байсан эсэх, ер нь миний тухайн банканд байгаа зээл, орлого, зарлага гээд миний талаарх бүхий л мэдээллийг өөрийнхөө эрх бүхий албан тушаалын байдал болон банкны цахим хэрэгслийг ашиглан миний хөрөнгийн нууцад халдаж, бусдад дамжуулж хэлсэн нь Х банканд гаргасан гомдлын дагуу шалгах явцад тогтоогдсон. Миний бие Х.Нт хандаж гэр бүл болсон 5 жилийн хугацаанд хоёр хүүхдэдээ 1 хувцас ч авч өгөөгүй байж гэж хэлэхэд чи сард хоёр сая төгрөгийн цалин авдаг, чиний данс байнгын орлого зарлагатай байдаг юм байна гэж хэлж байсан учраас мөн бидний гэр бүлийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад Х.Н, Н.К нар холбоотой байсан учраас миний ХААН банканд буй дансны мэдээллийг тухайн банканд ажиллаж буй Н.К дамжуулсан байж болзошгүй гэж ХААН банканд гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Х банкны төвийн Мэдээлэл технологийн аудитын газарт иргэн Я.Дгийн гомдлыг шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Урьдчилсан байдлаар надад аудитын шалгалтын талаар хэлэхдээ Бугат тооцооны төвийн харилцааны менежер Н.К иргэн Я.Дгийн Х банкны дансны мэдээлэл рүү нэвтрэн орсон байдал одоогоор тогтоогдсон байгаа гэж хэлсэн. Банкны ажилтан нь ажил үүргийн чиглэлээр данс шалгах шаардлага бий болсон тохиолдолд шалгаж үзэж болно. Харин хувийн ашиг сонирхлоор шалгахыг дотоод журмаар хориглосон байдаг. Тайлангийн цагууд Улаанбаатар хотын цагаар гардаг юм. Ингэхээр уг дүгнэлтэд бичигдсэн цаг Улаанбаатар хотын цагаар гарсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гэрч Х.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шалгахад харилцагч Динагийн дансанд Баян-Өлгий салбарын Бугат тооцооны төвийн харилцааны менежер Н.К хандсан нь тогтоогдсон. Ажлын бус шаардлагаар хандсан нь тогтоогдсон. Манай банкны үндсэн системийн мэдээллийн баазаас харилцагч Я.Дгийн сиф дугаараар шүүлт хийж тогтоосон. Ингэхэд ****гэсэн нэг дансыг 5 удаа, ***тоот дансыг 2 удаа, 5822164356 тоот дансыг 2 удаа тус тус Баян-Өлгий салбарын Бугат тооцооны төвийн харилцааны менежер Н.К лавласан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүгдийг нь шалгасан байсан. Банкны ажилтан ямар тохиолдолд харилцагчийн дансыг шалгах эрхтэй вэ гэхээр нь харилцагч өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй ирж хүсэлт гаргасан үед, хуулийн шаардлагаар, харилцагчийн итгэмжлэлээр, банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой ажил үүргийн дагуу шалгах эрхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

- Х банкны Мэдээлэл, технологийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн харилцагчийн мэдээллийн нууцлалын талаар КВ/53/03/1АО/19-03 дугаартай аудитын дүгнэлтэд “...Баян-Өлгий салбарын Б тооцооны төвийн харилцааны менежер Н.К нь харилцагч Я.Дгийн дансыг ажлын бус шаардлагаар лавласан байна...” гэснээр /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

- Н.Кг Баян-Өлгий салбарын Бугат тооцооны төвийн харилцааны менежерийн ажлын байранд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, /хх-ийн 56-60 дугаар хуудас/,

- Я.Дгийн данс эзэмших талаар Х банктай байгуулсан гэрээ /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

 Х банкны хөдөлмөрийн дотоод журам, БАНКС программ ашиглах технологи журам, Баян-Өлгий аймаг дахь Х банкны захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хувь хүний нууц нь 5 төрөлтэй байдаг бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг ойлгоно” гэж заасан байна.

Хохирогч Я.Дгийн эзэмшлийн данснууд нь хувь хүний нууцын дотор хөрөнгийн нууцад хамаарч байна.

Мөн хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэж заасан байна. 

Шүүгдэгч Н.К нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Бугат сумын тооцооны төвийн менежерээр ажиллаж байсан болох нь хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/197 дугаартай тушаал, 58-60 дугаар хуудсанд авагдсан ажлын байрны тодорхойлолт, 62 дугаар хуудсан авагдсан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Кгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж  хувь хүний нууцад халдах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.К нь бусдад төлөх төлбөргүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Кд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Кгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.К нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Н.Кд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд прокуророос шүүгдэгч Н.Кг албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулах санал гаргасан боловч шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан  хүндрүүлэх нөхцөл байдалд тохирохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т овогтой Н-ны Кг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж  хувь хүний нууцад халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Кд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Н.Кд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Н.Кд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  36.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогч Я.Д цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Кгаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Кд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК