| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/01866/И |
| Дугаар | 210/МА2025/01301 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01301
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
22,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие өөрийн амьдарч байсан шинэ шахам бургасан ханатай Увс аймгийн найман ханатай их гэрийг хариуцагч *******, ******* нарт гэр оронгүй болчихлоо, байшингийн дээврээс дусаал гоожоод байна гэж манай эхнэрээс гуйгаад байхаар нь 2013 онд гэрээ өгч түр амьдруулсан боловч өнөөдрийг хүртэл миний гэрийг өгөөгүй. Хариуцагч нар манай гэрийг барьж амьдарч байх хугацаандаа байшин барьсан. Тэр байшин нь 2019 онд ашиглалтад орсон байх. Миний гэрийг одоогийн ханшаар тооцож үзвэл мод нь 5,450,000 төгрөг, эсгий дээвэр туурга нь 2,400,000 төгрөг, цагаан бүрээс, хөшиг, оосор, бүч 500,000 төгрөг, унь 600,000 төгрөг, тооно 1,700,000 төгрөг нийт 13,300,000 төгрөгөөр үнэлэгдэх юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрийн материалын үнэ өссөн. Уг гэрийг би бусдад түрээслүүлсэн бол хамгийн багадаа сард 100,000 төгрөгөөр түрээслэх байсан. ******* нь сар бүр ийм хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөгөөр тооцож нийт 9,400,000 төгрөгийг нэмэгдүүлж байна.
Гэрийг буцааж өгөхөд татгалзахгүй гэж байгаа хэдий ч гэрийн маань чанар байдлыг анх авсан үеэсээ доройтуулснаас гадна миний гэрийг бузартуулсан учраас буцааж авбал өөртөө болон гэр бүлийнхэндээ гай зовлон дуудна гэж юм мэддэг хүн хэлсэн. Би шашин шүтлэгтэй хүн учир надад уг гэрийг буцааж авах ямар нэгэн бодол байхгүй. Иймд гэрийн үнэ 13,300,000 төгрөг болон түрээсэлж олох байсан орлоготой дүйцүүлж хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул 9,400,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн дурдаж буй монгол гэр нь одоо ч манай хашаанд хураалттай хадгалагдаж байна. Байгаа гэрээ яагаад авахгүй байгааг ойлгохгүй байна. Мөн шүүхэд нэхэмжилж байгаа гэрийн үнэ нь зах зээлийн ханшнаас хамаагүй өндөр дүнтэй байна. Удаа дараа 2016-2017 онуудад гэрээ ав гэж байхад огт хүлээж авахгүй байсан. Мөн намайг гэрийг бузарласан гэж хэлж байна. Тэр хураалттай байгаа монгол гэрийг бариад бузарлаад байж байх хүн хүч ч байхгүй мөн сэтгэхүй ч байхгүй. Яг л өөрсдөө хурааж тавьсан гэр нь тэр чигээрээ байгаа. Нэхэмжлэгч талаас хэрэгт олон зураг гаргаж өгдөг. Гэвч байнга хураалттай байдаг гэрийн зургууд байдаг. Барьсан нэг ч зураг байдаггүй. Маргааны зүйл болох гэрийг барьсан гэх цаг үед би Ботаникт байшин барьж байсан. Тухайн үед би том хүүгийнх нь гэрийг бариад барилгын ажил хийж байсан ажилчдаа байрлуулж байсан. Энэ хүнийг ийм зантайг мэдээд би гэрийг нь бариагүй юм. Удаа дараа гэрээ аваач гэхэд аваагүй. Би гэрийн мөнгийг төлөх үндэслэлгүй. Бэлэн байгаа гэрээ буцаан авна уу гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 22******* зүйлийн 227.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар *******, ******* нараас 22,700,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
Учир нь тухайн гэр хэдийгээр ашиглаж болох боловч ердийн элэгдлээс илүү муудсан талаар нэхэмжлэгч талаас мэдүүлж байсан бөгөөд гэр хариуцагчийн эзэмшилд байгаа тул илүү нарийвчлан нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Харин хариуцагч нь уг гэрийг огт барьж ашиглаагүй, анхны байдалдаа байгаа гэж мэдүүлдэг нь гэрч *******гийн мэдүүлгээр няцаагддаг. Энэ байдлыг нотлох үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг үндэслэн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь талууд тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг алдагдууллаа. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл үүсжээ.
2. Нэхэмжлэгчийн монгол гэрийг 2013 оноос эзэмшилдээ байлгаж байсан, нэхэмжлэгч 2013 оны 04 дүгээр сарын 06-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх талаар:
Нэхэмжлэгч гэрийг 2016 онд өгсөн, 2019 он хүртэл хариуцагч ашигласан, 2024 онд гэрээ буцаан авах шаардлага тавьсан талаар хэрэгт нотлох баримт байсаар атал шүүгч эдгээрийг илт үл анзаарч 2023 оноос хөөн хэлэлцэх хугацааг тооцож шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тохиолдолд анхан шатны шүүх рүү буцаах шаардлагагүй. Учир нь, хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин хангаж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргах ёстой гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс харж байна. Нэхэмжлэгч тал элэгдэл, хорогдол байсан гэдгийг нотлох зорилгоор хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн гэрийг мөнгөн хэлбэрээр буцааж авах агуулгатай. Нэхэмжлэгч уг гэрийг мөнгөн хэлбэрээр буцааж авах үндэслэлээ хууль зүйн талаас нь нотлох ёстой байсан. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг дууссан байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Маргаан бүхий гэрийг нэхэмжлэгч 2016 онд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт 2013 онд шилжсэн гэж үйл баримтыг буруу тогтоосон. Талууд тухайн гэрийг хадгалуулахаар өгсөн үү, ашиглуулахаар өгсөн үү гэдэгт маргаантай. Зохигчийн хооронд амаар гэрээ байгуулагдсан гэж үзэхийн бол буцааж авах талаар он, сар, өдрийг харилцан тохиролцоогүй. 2023 онд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. 2022 онд талуудын хооронд үл ойлголцол үүсэж улмаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******эд холбогдуулан 22,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...******* нь өөрийн гэсэн гэр оронгүй байна, илүү гэрээ өгөөч гэж гуйгаад байхаар нь түүнд би гэрээ түр хэрэглүүлэхээр өгсөн, тухайн гэрийг эвлүүлж барих боломжгүй тул гэрийн үнэ 13,300,000 төгрөг, гэрийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 94 сарын хугацаанд сарын 100,000 төгрөгөөр түрээсэлсэн бол 9,400,000 төгрөгийн орлого олох байсан, иймд 22,700,000 төгрөг гаргуулна... гэсэн бол,
хариуцагч нь хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч нь байранд орсноор гэрээ хураах газар байхгүй болж танай хашаанд түр хураагаад хадгалчихъя хэмээн манай гараажид хураасан, 2017 оноос хойш гэрээ буцаан авах талаар удаа дараа хэлсэн боловч авдаггүй, гэрийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй... гэсэн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болох гэрч *******гийн ...******* 2016 оны намар танайх гэрээ надад бариулна уу. Манай байшингаас дусаал гоожоод байна. Би, шинэ байшин барих гэсэн юм, тэр болтол гэрээ бариулж амьдруулна уу гэж надаас гуйсан... гэх,
гэрч *******гийн ...би, 2014 оны намар *******ийн хашаанд буусан, ямар гэр авч ирж барьсныг мэдэхгүй, нэг гэр авч ирж барьсан... гэх,
мөн гэрч *******ийн ...яригдаж байгаа гэрийг сайн мэднэ, би энэ гэрийг асууж байсан, би зуслан гарах гээд гэр хэрэгтэй болоод байна танд гэр байна уу гэж асуухад ******* аваад явсан, гэр одоогоор байхгүй гэж хэлсэн... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******эд өөрийн гэрийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
4. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3-т Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Тайлбарлавал, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын гэрийг ашиглах хугацаандаа ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн гэрийг муутгаснаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 90*******тай дүгнэлтээр гэрийг дахин ашиглах боломжтой гэж дүгнэснээс гадна хариуцагч тухайн гэрийг ашиглах явцад бодит хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн тухайн гэрийг эвлүүлж барих боломжгүй, шашин шүтлэгтэй хүн учир гэрийн унь ханан дээр гишгэж дэвхцэж бузар бохир болгосон гэх үндэслэлээр гэрийг биет байдлаар нь бус түүний үнэ 13,300,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр учирсан хохиролд 9,400,000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх зөрчлийн улмаас гэрээг цуцалснаас хохирол нэхэмжлэхтэй холбоотой Иргэний хуулийн 22******* зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Тодруулбал, тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардаж болно.
Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 94 сарын хугацаанд тухайн гэрийг сарын 100,000 төгрөг түрээсэлж, нийт 9,400,000 төгрөг олох ёстой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.
6. Мөн өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрийг буцаан шаардаж байсан боловч хариуцагчийн зүгээс өгөхөөс татгалздаг байсан гэсэн үйл баримт бүрэн тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч тухайн гэрийг урьд өмнө нь түрээсэлж орлого олж байсан болон гэр хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд өөр этгээдэд түрээслэхээр тохиролцсон нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул олох ёстой байсан орлого 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
7. Анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/09518 тоот захирамжаар ...хашаан доторх гэрийн зургийг гаргуулснаар маргааны зүйл болох гэр мөн эсэхийг тогтоох боломжгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ын тоот хаягт байрлах хашааны сансрын зургийг гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /х.х-ийн 25-26/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн гэр мөн эсэхийг үзлэгээр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учир нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
8. Харин анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.
Талууд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг байгуулахдаа хугацааны талаар тухайлан тохироогүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс ...2016 онд *******эд гэр очсон гэж байна. Та 2019 онд буцаан авна гэсэн зүйлийг *******эд хэлж байсан байна зөв үү... гэх асуултад нэхэмжлэгч нь ...тийм... гэж хариулж байжээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ...гэрээ ав гэхэд авахгүй өнөөдрийг хүртэл манай хашаанд хадгалагдаж байгаа, миний бие буцааж өгөхөд татгалзах зүйлгүй, намайг 2022 оны 03 дугаар сард тэвштэй машинаа зарж байна, түүнээс өмнө гэрээ авчих гэхэд дараа болъё гээд аваагүй... гэсэн байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг үнэ төлбөргүй ашиглаж буй гэрийг буцаан өгөх хугацааг хойшлуулж байсан байх тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийнх 78.1-д Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гээд 78.1.1-д үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02949 дугаар шийдвэрийг тогтоох хэгсийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3, 219 дүгээр зүйлийн 291.1-т тус тус заасныг баримтлан *******ын гаргасан хариуцагч *******, ******* нарт холбогдох 22,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР