Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00984

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаар шийдвэрээр *******, *******, ******* нараас 202,505,912 төгрөг гаргуулж ******** дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.

Үүний дагуу яьагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс /16020/, Дунд гол гудамж ******, 70.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 222,463,502 төгрөг, мөн *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ******-ийн ****** дугаар байр, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62,184,764 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Мөн ямар үндэслэлээр *******-ийг шинжээчээр томилсон нь тодорхойгүй.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг баримтлан төлбөр төлөгч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, Дунд гол гудамж ******, 38 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ******-ийн ****** дугаар байр, 22 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн 2022.12.22-ны өдөр *******-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх үнэлгээ хийх шинжээч томилох талаар санал гомдол байхгүй тухай баримтад гарын үсэг зурах үедээ санал гомдол гаргах, шинжээчээс татгалзах ёстой байсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан танай үл хөдлөх эд хөрөнгө тус бүрээр зэх зээлийн үнэлгээ хэд байгааг хөндлөнгийн шинжээчээр үнийг нь тогтоолгоно гэж хэлсэн тул би үнэлгээ хийх шинжээчийн баримт бичигт гарын үсэг зурсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай тогтмол гэрээтэй хамтран ажилдаг газраараа миний үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс /16020/, Дунд гол гудамж, ******, 38 тоот хаягт байрлах 70,26 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, *******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ******-ийн ****** дугаар байр, 22 тоот хаягт байрлах 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн *******-ийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур хийгдсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч үнэлгээ хуульд заасан журмын дагуу үнэн зөв хийгдсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Маргааны үндэслэл болж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Банкны төлбөр барагдуулах газар явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж, шийдвэрт хариуцагчийг ******* гэж тодорхойлсон нь техникийн шинжтэй алдаа байх тул үүнийг энэ дүгнэлтээр залруулав. Гэхдээ уг алдаа нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар 24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1791 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.07-ны өдрийн ****** дугаар тогтоолоор хариуцагч *******, *******, ******* нараас 201,341,256.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******** дахь банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэжээ.

 

3.1. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэж явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс /16020/, Дунд гол гудамж, ******, 38 тоот хаягт байрлах 70,26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн *******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ******-ийн ****** дугаар байр, 22 тоот хаягт байрлах 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хураан авсан байна.

 

3.2. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор *******-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр томилжээ.

Ийнхүү шинжээчээр томилогдсон ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолтой болох нь баримтаар тогтоогдоогүй, мөн шинжилгээ хийх явцад шинжээчийг татгалзах гаргах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй гэж анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийн зохицуулалтад үндэслэн зөв дүгнэсэн.

Хариуцагч нь үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулж, гэрээ байгуулсан үнэлгээчдийг шинжээчээр томилж хөрөнгө үнэлэх ажиллагааг гүйцэтгүүлж байгаа нь зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ байна.

Иймд шинжээч нь Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагын хэм хэмжээтэй танилцсаны үндсэн дээр үнэлгээний тайлан гаргаж буй тул дээрх зохион байгуулалтын арга хэмжээг шинжээчийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулсан гэж үзэхгүй.

 

3.3. Шинжээч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч *******ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 222,463,502 төгрөгөөр, *******гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 62,184,764 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Энэ үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, аргачлалд нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт уг зохицуулалтыг баримтлаагүйг залруулж өөрчлөлт оруулна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлсан тул шийдлийг хэвээр үлдээж, гаргасан хууль хэрэглээний алдааг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 55.5 гэснийг 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ