| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00211/И |
| Дугаар | 181/ШШ2016/00436 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2016/00436
| 2016 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2016/00436 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ББСБ /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Т /РД:-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 48 029 565,22 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, хариуцагч Э.Т , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Э.Т нь 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр И ББСБ-тай сарын 4 хувийн хүүтэй, 0,8 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 6 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь сар бүр зээлийн хүүг төлж, зээлийн гэрээ дуусгавар болоход үндсэн зээлийг бүхэлд нь төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгчийн өмчлөлийн Ү-2201015880 дугаар бүхий амралт, сувилалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн зориулалттай газар тус бүрт барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөх байтал зээлдэгч 2 сар дараалан буюу 10,11 дүгээр сард зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тул бид албан бичгээр шаардсан. Зээлдэгч 12 дугаар сарын 31-нв 10,11,12 дугаар сарын хүү 5 000 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 2 дугаар сарын 17-нд зээлийн хугацааг сунгах тухай өргөдлийг бидэнд ирүүлсэн. Бид зээлдэгчийн хувийн байдлыг харгалзан үндсэн төлбөрийн 30 хувийг гэрээний 3.4-т заасан шмтгэлийн хамт төлвөл гэрээг сунгах боломжтой гэдгийг албан бичгээр хариу өгсөн. Э.Т нь 8-р сарын хүү 1147830 төгрөг, 9-р сарын хүү 1570000 төгрөг, 10,11,12 дугаар сарын хүү 5 000 000 төгрөг 3 дугаар сарын хүү 1600 000 төгрөг нийт 9 317 830 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 7069505 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960000 төгрөг нийт 48 029 565,22 төгрөгийг зээлдэгч Э.Т аас гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр И ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан сарын 4 хувийн хүүтэй, 0,8 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 40 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Би оны дараах 1 дүгээр сарын хүүг 2 дугаар сард төлсөн. Оны өмнө 10,11,12 дугаар сарын хүүд 4800 000 төгрөг төлөх байсныг би 5 000 000 төгрөг төлж 200 000 төгрөг илүү төлсөн. Би зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг ББСБ-д өгсөн боловч сунгаж өгөөгүй. Нэхэмжлэгч ББСБ-ийн оноос өмнөх хүү нэмэгдүүлсэн хүү бодсныг зөвшөөрөхгүй байна. Зээлийн хүүгийн тооцоололд алдаа байна. Миний бие хуваарийн дагуу зээлийн хүүг төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй зээлийн хүү 7069505 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна.Миний зүгээс зээлийн хүүд нийт 9.317.830 төгрөг төлсөн байгаа, энэ бүхнийг сар тус бүрээр нь бодоход нэхэмжлэгчийн шаардаж буй хүүнээс арай бага хүү төлөх ёстой. Би авсан зээлээ гэрээнд заасан үүргийнхээ дагуу төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 48.029.565.22 төгрөг нэхэмжилжээ.
И ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байна./хх-ийн 4-р хуудас/
Э.Т нь И ББСБ -аас 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам гудамжны 71 тоотод байрлах Ү-2201015880 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй Амралт сувилалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баянголын аманд байрлах 1862731559194 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тэдгээрийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 20150707 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/20150707 дугаартай Барьцааны гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн 8-10, 16-19-р хуудас/
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ, мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ тус тус хүчин төгөлдөр болжээ.
Зээлдэгч нь гэрээний 3.1-т зааснаар зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.1.5 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-т заасан зээл зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй ба энэ үүргээ 2016 оны 2 дугаар сараас хойш биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч И ББСБ-нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь уг гэрээний 4.4-т “Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ” гэсэнтэй нийцэж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.
Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Зээлдэгч дээрх хугацаанд зээлийн хүүд нийт 9.317.830 төгрөг төлснийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд нийт төлвөл зохих зээлийн хүүг тооцоход
2015 оны 8-р сард 1.147.826, 09
9-р сард 1.565.217,39
10-р сард 1.617.391,30
11-р сард 1.565.217,39
12-р сард 1.617.391,30
2016 оны 01-р сард 1.617.391,30
2-р сард 1.513.043,47
3-р сард 1.617.391,30
4-р сард 1.565.217,39
5-р сард 1.617.391,30 төгрөг нийт 15.443.478,24 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээлдэгчийн төлсөн 9.317.830 төгрөгийг хасахад зээлийн хүүд 6.125.648,24 төгрөг төлөх үндэстэй байна.
Иймд зээлдэгч Э.Т аас үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 6.125.648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960.000 төгрөг нийт 47.085.648,24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И ” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлага зээлийн хүүгээс 943.916,98 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Т аас 47.085.648,24 /дөчин долоон сая наян таван мянга зургаан зуун дөчин найман мянга хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан “И ” ББСБ-д олгож нэхэмжлэлээс 943.916,98 /есөн зуун дөчин гурван мянга есөн зуун арван зургаан төгрөг ерөн найман мөнгө / төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 393378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам гудамжны 71 тоотод байрлах Ү-2201015880 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй Амралт сувилалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баянголын аманд байрлах 1862731559194 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын үнийн дүнгээс хангуулахыг үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО