Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00985

 

 

 

 

 

******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02654 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** холбогдох,

39,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 02 сар дугаар хүртэл ******-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Энэ хугацаанд ******* нь орон сууц худалдаж авахтай холбоотойгоор ******-д байрны урьдчилгаа 30,000,000 төгрөг, байр тохижуулах 9,000,000 төгрөг авах хүсэлт гаргасан.

Хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөнгө шилжүүлэх шимтгэл суутгаад 38,721,060 төгрөг шилжүүлж өгсөн. Талууд тухайн үедээ уг байртай холбоотой зээлээ хэрхэн төлөх талаар тохиролцоогүй, байгууллагад тогтвортой ажиллана гэж байсан учраас байрны урьдчилгаа, засвартай холбоотой зээлийг өгсөн.

Гэвч ******* 2022 оны 01 дүгээр сард ажлаа хаяад явсан тул 2022 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Ингээд түүнтэй ярилцаад тэрээр уг мөнгийг сард 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, 2023 оны 01 сараас 05 сарын хооронд сар бүр 500,000 төгрөг төлж байсан боловч 2023 оны 06 сараас эхлэн зээлээ төлөөгүй.

Иймд 39,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд гүйцэтгэх захирал ******* 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/12 дугаар тушаалаар намайг сайн ажилласан хэмээн үнэлж байрны урьдчилгаа төлбөрт зориулж 30,000,000 төгрөгийг урамшуулал болгож өгсөн.

Би ******-иас 39,000,000 төгрөгийг зээлж аваагүй, 9,000,000 төгрөгийн байр тохижуулах засвар үйлчилгээ хийсэн зүйл байхгүй. Бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******эс 38,721,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 278,940 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч О.Бат-Эрдэнийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг болон хариуцагч О.Бат-Эрдэнийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 351,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2022 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш надад урамшуулал цалин гэж өгсөн 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт буюу 39,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн үед аргагүй нөхцөл байдалд орж 30,000,000 төгрөгийг төлнө гэж өргөдөл бичиж өгсөн.

Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 33,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх 2 баримтыг гаргаж өгсөнтэй танилцах, тодруулах зорилгоор тус өдрийн шүүх хуралдаан хойшилсон ба 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон. Товлогдсон хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие замын түгжрэлээс шалтгаалж 5 минут хоцорч очин, шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэсэн.

Тус өдрийн шүүх хуралдаан дээр 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 38,721,060 төгрөгийг хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлж өгсөн баримтыг гаргаж өгөхөөр очсон боловч дээрх шалтгаанаар өгч чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй ба хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хангаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн 39,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаж нэхэмжлэл гаргасан ба урамшууллын талаар шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй баримтыг одоо хэлэлцэхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******** холбогдуулан 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, зохигчийн тайлбарт дурдсан маргааны зүйл нь тусдаа буюу нэг асуудлаар талуудын хооронд харилцан мэтгэлцээн явагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болж байна.

 

3.1. Хариуцагч ******* нь 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 02 дугаар сард ******-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, энэ хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байрны урьдчилгаа 38,721,060 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урамшуулал 33,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн орон сууц худалдан авахад нь зориулж урьдчилгаа төлбөр болгон 38,721,060 төгрөгийг шилжүүлсэн баримтад үндэслэн 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч нь 30,000,000 төгрөгийн урамшуулал авсан, үлдсэн 9,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаанд зориулж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардсан байхад, хариуцагч уг үндэслэлд тайлбар өгөлгүй урамшууллын талаар тайлбар гаргасан нь мэтгэлцээний хүрээг хоёр тусдаа асуудалд хуваасан байна.

 

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах замаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх, маргааны гол зүйлийг нарийвчлан тогтоох үүрэгтэй.

 

3.4. Иймд зохигч нь нэг асуудал дээр бус, хоорондоо ялгаатай хоёр өөр үйл баримтын талаар маргаан үүсгэсэн тул үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Үүнээс шалтгаалж хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй.

Энэхүү анхан шатны шүүхийн гүйцэтгээгүй ажиллагааг одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,556 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ