Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 103

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор  Б.Б,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ад холбогдох 1913001000111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, С овогт Х-ын Ань 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух хаягтай, яс үндэс казах, урьд 6 удаа ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар *****.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:

Шүүгдэгч Х.А нь иргэн Д.Хг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Шүүгдэгч X.А нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн үед тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай трейд” худалдааны төвийн урд согтуу явж байсан иргэн Д.Хг согтуугаар, ямар нэгэн шалтгаангүйгээр барьж авч чирч, тус худалдааны төвийн хойд талд харанхуй гудамжинд оруулан мөнгө нэхэж, байхгүй гэхээр нь газар унагааж, хүч хэрэглэн халаасанд нь байсан “Жи-2” маркийн гар утсыг дээрэмдсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Хэрэг учралын газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 16-17 дугаар/,

- Хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /ХХ-ийн 18-20/,

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 21-22 дугаар/,

- Хохирогч Д.Хн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орой 20 цагийн үед ажлаас тараад хамт ажилладаг Д, Ч нарын хамт 3 шил архийг хувааж уугаад 23 цагийн үед гэр лүүгээ харих гээд баруун 4 замын уулзвараас таксинд суух гээд ирэхэд замын баруун талаас үл таних 2 залуу гарч ирээд нэг залуу нь намайг барьж авч чирч “Алтай трейд” дэлгүүрийн хажуугаар 60 айлын орон сууцны завсраар оруулж хүн харахгүй харанхуй гудмаар дагуулж ирээд надаас “мөнгө гаргаад ир” гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу надтай ноцолдож газар унагааж миний өмсөж явсан хүрмийн цахилгааныг эвдэж дотор нь өмсөж явсан бор өнгийн хантаазны дотор талын халаасанд байсан гар утсыг минь авах шиг болсон. Тэгээд миний цээж орчмоор хөлөөрөө нэг удаа өшиглөөд яваад өгсөн. Тухайн үед би халамцуу байсан болохоор босож чадахгүй хэвтэж байгаад босож 60 айлын орон сууцны баруун талд байрлах таксины зогсоолд очиж таксинд суух гэсэн боловч суулгаагүй. Тэгээд би хамгийн хойно зогсож байсан таксины жолоочид очиж уулзаад миний гар утасны дугаар луу залгаж өгөөч гэж залгуулахад миний утас дуугарч байгаад унтарсан. Тэгээд би гэр лүүгээ харьж амарсан.... миний курткны халааснаас мөнгө байна уу гээд гараа оруулж шалгаад байсан. Тэгж байтал миний куртканы урд талын цахилгаан эвдэрсэн ба дотор нь өмсөж байсан хантаазны халаасанд байсан гар утсыг гараа оруулж авах шиг болсон. Би тухайн үед халамцуу байсан учраас эргэлзээд гар утас маань газар унасан байж магадгүй гэж бодоод таксины жолоочоор залгуулж үзсэн. ...Куртканы гадна талаар цээж рүү нэг удаа өшиглөсөн. Бид хоёр тэнд 20-30 минут хамт байсан байх гэж бодож байна. Би тухайн үед гэмтэл аваагүй болохоор гэмтлийн зэрэг гаргуулаагүй. Учир нь гэмтэлгүй. Өвлийн улиралд уг хантаазаа байнга өмсдөг байсан. Хантаазны халааснаас гар утас унах боломжгүй.Миний хантаазны халаас нэлээд гүнзгий юм. Х.А нь надад учирсан хохирол болох 300.000 төгрөгийг төлөх талаар баримт өгсөн. Иймд уг мөнгийг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

- Гэрч X.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орой ажлаас тараад Х, Чтай нийлж 2 шил архи ууж гэр лүүгээ явсан. Маргааш нь Х надад өглөө ирж би утсаа алдсан гэхээр нь цагдаад ирсэн. “А” утасны дэлгүүрээс 300,000 төгрөгөөр авсан талаар надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр өдөр миний бие Цамбагарав дэлгүүрийн урд талд таксины зогсоолд зогсож машинаас бууж гадна зогсож байхад нэг согтуу залуу миний машин руу чиглэж ирж байхад “Сансар” дэлгүүрийн талаас хоёр залуу гарч ирж миний машин руу чиглэж ирж байсан нөгөө согтуу залууг барьж авч 60 айлын орон сууц болон “Алтай трейд” худалдааны төвийн завсар луу харанхуй гудамж руу дагуулж авч орсон. Тэгээд 30 минут орчмын дараа эргэж гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Гэрч К.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр өдөр орой 23 цагийн үед би баруун 4 замын Цамбагарав таксины зогсоолын хамгийн арын эгнээнд зогсож байхад үл таних нэг залуу ирж миний ****БӨА улсын дугаартай ИСТ маркийн машинд сууж хөдлөх гэхэд миний гар утас байхгүй байна, та утаснаасаа залгаж өгөөч гэхээр би түүний утас руу 2 удаа залгахад уг утас нь аваагүй. Х нэлээд согтуу хувцас хунар нь шороо болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч К.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би тэр өдөр хүргэн ах А-ын гэрт очсон ба 22 цагийн үед намайг дагуулж гараад төв талбай орж дараа нь баруун 4 зам орсон ба “Алтай трейд” худалдааны төвийн урд тал руу явж байхад бид хоёрын өмнөөс буюу халуун ус талаас нэг залуу гарч ирсэн. Гэтэл Х.А нь ямар ч шалтгаангүйгээр нөгөө залууг чирч “Алтай трейд” төв болон шар 60 айлын орон сууцны гэрэлгүй хүн явах харанхуй гудамжаар дагуулан орж орон сууцны урд хэсэгт нөгөө залууг заамдан авч боож дээш өргөхөд уг залуу газар унах шиг болсон. Ингээд би хэсэг хүлээгээд наад залуугаа явуулаач, юу хийгээд байгаа юм бэ, би явлаа шүү гэхэд Х.А хүч өгөөгүй. .. Тэгээд би явсан. Х.А тэр өдөр гэртээ хоноогүй, маргааш нь орж ирээд “хөөе новшоо чи энэ гар утсыг 100,000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Уг гар утас нь цоо шинэ наалттай хар өнгийн утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019-03-14-ний өдрийн “Ж-2 маркийн гар утас нь 200,000-300,000 төгрөгийн ханштай байна” гэх дүгнэлт /хх-ийн дугаар хуудас/,

- Хохирогч Д.Хгаас гаргаж өгсөн гар утсыг 300.000 төгрөгөөр худалдаж авсныг нотлох гар утасны баталгааны хуудас, гар утасны гадна хайрцаг /хх-ийн 130 дугаар хуудас/,

- Уг гар утсыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цоо шинэ байхад нь 300.000 төгрөгөөр худалдсан тухай Б.Жийн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”...Би тухайн үед согтуу байсан, гар утсыг авсан маань үнэн. Казахстан улсаас ирсэн нэг залууд 20.000 төгрөгөөр худалдсан. Түүний оронд шинэ гар утас авч төлж өгнө. 300.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж өгнө...Иймд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий газрын шүүгдэгч Х.Аын ял шийтгэлийн мэдээлэл /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, улмаар Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай захирамж /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцогдож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан тухай Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 76-79 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 61/А дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  зааснаар хэрэгсэхгүй болгосон тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/170 дугаартай тогтоол /хх-ийн 84-85 дугаар хуудас/,  

- Шүүгдэгч Х.Ад холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлт /хх-ийн 87-98 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Ад тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 цагийн албадан сургалтад хамрагдаж, 25 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж байсан тухай шийтгэвэр /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан тухай эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 102-107 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай “Х овогтой Аын /*****/ нэр дээр **** БӨТ улсын дугаартай Тоёота шейзер маркийн, ****** БӨТ улсын дугаартай ЗИЛ 431410 маркийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 109 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/565 дугаартай “Х.Аын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 113 дугаар хуудас/,

- 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:*****, овог:С, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:А, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1979/07/08, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 3-р баг, Бөхөн уул, 29 гудамж, 12 тоот, хүчинтэй хугацаа:2024-07-08, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114, 126 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 185 дугаартай “Х.Аын /*******/ нэр дээр газар байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 116 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.А нь ямар нэгэн данс эзэмшдэггүй тухай Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Голомт банкны албан бичгүүд /хх-ийн 118-121 дүгээр хуудас/,

 - Шүүгдэгч Х.Аын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Ө сумын***** дугаар багийн оршин суугч болох Х овогтой А нь *******регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй, багийн нэн ядуу, эмзэг бүлгийн өрхийн бүртгэлд байдаг. Х.А нь урд өмнө гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан иргэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 125 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Х.Аын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 300.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.А нь хохирогч Д.Хд хүч хэрэглэн довтолж эд зүйлийг дээрэмдэн 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хд 300.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлоо төлж барагдуулаагүй, уг хохирлыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс 300.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Хд олгохоор шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж Ч, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Х.А урд гэмт хэрэг үйлдсэн байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж Ч, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж Ч, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, гар утасны хайрцаг, баталгааны хуудас зэргийг хохирогч Д.Хд буцаан олгож, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүйг дурдаж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч  С овогт Хын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Аыг  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, гар утасны хайрцаг, баталгааны хуудас зэргийг хохирогч Д.Хд буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аоос 300.000 /гурван зуу мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Хд олгосугай.

7. Шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Х.Аын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК