| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/06180/И |
| Дугаар | 210/МА2025/00986 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00986
****** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/02175 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** холбогдох,
11,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний төрсөн эгч ******* нөхөр болох ****** нь 2021-2023 онд нийт 37,390,000 төгрөг зээлж авсанаас 11,870,000 төгрөг төлөөгүй.
Иймд дээрх 11,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хадам ээж ******* нь эхнэр бид хоёрын амьдрал, ахуйн хэрэгцээ болон байр, машины төлбөрт дэмжлэг болгон нэхэмжлэгчийн дансаар дамжуулж мөнгө өгч байсан. Би, авсан мөнгөнөөсөө илүү буюу нийт 38,460,260 төгрөг буцааж өгсөн.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Арслан тайж овогт ******* ******* 9,870,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цогт овогт ******* ******* /РД:НЬ*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 172,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хадам эх ******* нь эхнэр бид хоёрын амьдрал, ахуй хэрэгцээнд гэж мөнгө шилжүүлдэг байсан нь нэхэмжлэгчийн өгсөн дансны хуулган дээрх ******* /хадам ээж *******ийн дугаар/, ээж, ээжээс, Сэрээтэр гэсэн гүйлгээний утгаас тодорхой харагддаг.
Мөн над руу шилжүүлсэн мөнгийг тухай бүр нь удалгүй нэхэмжлэгч болон түүний эх *******, эцэг ****** руу буцаан шилжүүлсэн нь миний дансны хуулга болон бусад баримтуудаар тогтоогдсон байтал 9,870,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний харилцаа үүсээгүй, авсан мөнгийг бүрэн төлсөн гэж эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3.1. Хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар ****** нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ****** рүү 38,390,000 төгрөг шилжүүлсэн бол ****** нь ******д 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 25,600,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мөнгөн дүнгийн тооцоололд хариуцагчийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Вэбтон ХХК-иас ****** руу шилжүүлсэн мөнгө орсон.
Тодруулбал, зохигчийн харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлэх явцад хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 12,790,000 төгрөгийг буцааж шилжүүлээгүй.
Энэ үйл баримт хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.
Талуудын хооронд тодорхой хэмжээний мөнгөн шилжүүлэг хийгдсэн боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн түүнийг хүлээн авсан болохыг нотлох үйл баримт тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээний харилцаа үүсгэж, улмаар эрх, үүргийн хувьд холбогдох нэгдмэл хүсэл зоригтой байсан болох нь тодорхой бус байна.
Хэдийгээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан боловч хариуцагч ******ийн нэхэмжлэгч ******д буцаан 25,600,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг зохигч нар мөнгө зээлдүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Харин талууд харилцан мөнгө шилжүүлж байсан нь нэхэмжлэгч болон хариуцагчийн эхнэрийн хоорондын гэр бүлийн харилцан хамааралтай холбоотой байна.
4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй болохыг заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, уг мөнгийг хариуцагчид үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тогтоогдсон дээр дурдсан үйл баримтын хүрээнд хариуцагч нь 12,790,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа боловч анхан шатны шүүх 9,870,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ шийдэл хэвээр, харин дээрх дүгнэлтээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг хадам эхийн зүгээс амьдрал, ахуйн хэрэгцээнд зориулж өгсөн, нийт 38,460,260 төгрөг буцааж төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нотлох баримт цуглуулах талаар аливаа хүсэлт гаргаагүй.
Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх мөнгөн хөрөнгийн гүйлгээг *******, н.Сэрээтэр, ээж гэх зэрэг утгаар шилжүүлсэн байх боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлж буй данс эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч нь буцааж шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/02175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ