| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0237/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/257 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ахолбогдох эрүүгийн 1938003780240 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь Б.Э-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Н.Бгийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь Б.Э-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Н.Бгийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуу 0лан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003780240 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Амөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би тэр айл руу ороогүй гадаа зогсож байсан. Эрдэнэбат араас хар өнгийн зурагт барьчихсан ирсэн. Тэр зурагтыг гудамжинд явж байсан таксны жолоочид 200.000 төгрөгөөр зарна гэж байсан. Зурагтаа зарчихаад Эрдэнэбат бид хоёр дэлгүүр ороод 0.75 литрийн хараа архи, улаан шонхор нэртэй тамхи аваад эзэнгүй айлын хашаанд орж архиа уусан...Цонхоор толгойгоо оруулж Эрдэнэбатыг дуудсан. Тэгж дуудахдаа цонхны хүрээн дээрээс гараараа барьсан. Тэгээд миний гарын мөр илэрсэн байх....” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гэртээ харихад хашааны хаалга бага зэрэг онгойсон байдалтай байсан бөгөөд хашаа руу яваад ортол байшингийн урд талын цонхны салхивч хагарсан байсан. Тэгээд хагарсан цонхны тийшээ очоод цонхоор хартал телевизор маань байхгүй болчихсон байсан. Би телевизороо 800.000 төгрөгөөр адууны махыг 1 кг-ийг 8000 төгрөгөөр үнэлнэ. Үүн дээр нэмээд хоёр цонхны салхивчны шилийг нэгийг нь 20.000 төгрөгөөр шиллүүлсэн. Нийлээд 40.000 төгрөг болсон... Би гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна... “ гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Намайг гэртээ байж байхад С.А ах нэг доголон ахтай хар өнгийн нимгэн зурагт, ууттай мах барьчихсан орж ирээд манайд удалгүй буцаад гараад явсан. Явахдаа ууттай махаа надад өгөөд хүнсэндээ хэрэглээрэй гээд өгсөн. Харин зурагтаа аваад явсан. Тэрнээс хойш манай гэрээр дахин ирээгүй. Би үлдээсэн махыг нь хэрэглээрэй гээд өгөхөөр нь идээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,
Б.Э-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хашааны хаалгаар ороод байшингийн урд талын вакум цонхыг чулуугаар хага цохисон. С.А бид хоёр урд талын хагалсан цонхоор хоёулаа орсон. Тэр айлаас том хар зурагт, шуудайнд мах хийгээд аваад гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Б.Э-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “… С.А бид хоёр хашаа руу ороод байшингийн урд талын цонхыг С.А хагалсан. Тэгээд С.А түрүүлж ороод араас нь би орсон. Уг айлаас хар өнгийн телевизор, хөрөгчин дотор байсан махыг нь аваад гарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаартай:
...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
... 4. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай мөр нь 2019 оны 4 дүгээр сарын 30-нд Хорих 443 дугаар ангиас гарын хээний санд MN004610002285 дугаартай бүртгэгдсэн С.Абаруун гарын дунд хурууны өндгөн хэсгийн хээтэй тохирно... гэх дүгнэлтийн хуулбар /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлангийн хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Ахувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54, 55-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938003780240 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь Б.Э-тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Н.Бгийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Амөрдөн шалгах ажиллагааны болон
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Хохирогч Н.Бгийн /хх-ийн 10-13 дугаар хуудас/, гэрч Б.О-ын /хх-ийн 102 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар /хх-ийн 48-51 дүгээр хуудас/ өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлангийн хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...би хулгай хийгээгүй. Эрдэнэбат хулгай хийсэн гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, С.Атэй бүлэглэж хулгай хийсэн талаар тогтвортой мэдүүлсэн, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт, гэрч Б.Отгонболдын мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.Амөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч нь Б.Э-тай бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх
үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.А нь Б.Э-тай бүлэглэн хохирогч Н.Б-ад 682.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч С.Аэс хохирогчид учирсан хохирлыг тавин хувиар тооцож гаргуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.А нь урьд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 53, 55-65 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.А нь бүлэглэж гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч С.А 2 жилийн хугацаагаар тэнссэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-65 хуудас/-аар тогтоогдож байх ба шүүгдэгч С.А нь тэнссэн хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсний дагуу хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг нэмж нэгтгэн түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ацагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн 1938003780240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч С.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ацагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Аэс 341.000 /гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.
8. Эрүүгийн 1938003780240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР