| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2021/03691/И |
| Дугаар | 210/МА2025/00987 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00987
******** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02089 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********,
Хариуцагч: ******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, ********.
2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 дугаар хороолол, ******* байрны 77 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан 29 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, *******, хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******, ******** нарт тусламж болгон өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* байрны 77 тоот 29 м.кв орон сууцыг барьцаалж, *******-аас 35,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Зээл хугацаандаа төлөгдөөгүй тул уг орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах нөхцөл үүссэн.
******, ******** нар дахин зээл авч, байр чөлөөлөх хүн хайж байсан бөгөөд ****** дамжуулан ****** гэх этгээдтэй холбогдсон. ******ийн зүгээс 42,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр олгох болзол тавьсан бөгөөд орон сууц барьцаалахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах шаардлага тавьсан.
Иймд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******д орон сууцаа 100,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар ****** өөрийн ХААН банкны ****** тоот данснаас 20,000,000 төгрөг, эхнэр ****** данснаас 19,064,705 төгрөгийг *******-ийн данс руу шилжүүлсэн. Үүний үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.
Зээлийн барьцааны зорилгооор гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 дугаар хороолол, ******* байрны 77 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
1.2. Худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн зүгээс зээлийн болон барьцааны гэрээг зээл чөлөөлүүлэх зорилгоор хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. ****** 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэртэй, албадан дуудлага худалдаагаар зарагдах гэж буй орон сууц худалдан авах санал тавьсан. Үүний дагуу ********тай уулзахад байраа 110 сая төгрөгөөр үнэлсэн ч 100 сая төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн. Байрны байршил, засвар үйлчилгээний байдлыг харгалзан үнийг тохиролцож, *******-д зээл чөлөөлөх төлбөрийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдлийг ******** данс руу хийжээ.
2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд албан ёсны худалдах-худалдан авах гэрээг харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан бөгөөд ******** бичгээр хийж өгсөн хэлцлээр тухайн гэрээг худалдах, худалдан авах зорилгоор хийсэн болохыг илтгэнэ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн хүрээнд хүчин төгөлдөр байгуулагдсан бөгөөд худалдан авагч гэрээний дагуу бүх үүргээ биелүүлсэн.
Харин ******** гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг одоо хүртэл чөлөөлөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу үнийг татвар хураамжийн хамт миний бие бүрэн төлсөн, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Үүгээр миний бие тус байрны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болсон. Иймд орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
****** нь миний төрсөн ах ****** үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 30,000,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн харилцаа 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцсон.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******д холбогдох, талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, ******* байр, 77 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэгч ******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, ******* байр, 77 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг хариуцагч ******д хүлээлгэж өгөхийг нэхэмжлэгч ********ад даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч ******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШЗ2022/01106 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээний үйлчлэл тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдаж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
******** өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан шийдвэр, холбогдох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, мессежийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар ******** зээл авч, орон сууцаа барьцаалах зорилгоор ******тэй хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон.
Иймд ********, ****** нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч ****** нь маргааны зүйл болсон ******** орон сууцыг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэхгүй. Хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******** болно.
Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангалттай хангаагүй, гэрчүүдийн мэдүүлгийг буруу үнэлсэн. Мөн хариуцагч ******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрч ****** нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан "шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах" 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан "Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна" гэсэнтэй нийцэхгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй байхад өмгөөлөгчөөс бичгээр бичиж өгөхийг шаардаж бичүүлэн авч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр хариуцагчид гардуулах ажиллагаа хийж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн талуудын мэтгэлцэх эрхийг хууль бусаар хязгаарласан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь зээл авах зорилготой байсан, худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан баримтууд түүний эсрэг байгаа. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь орон сууцаа худалдах хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн байдаг, үүний дагуу зээлээ төлж, гэрчилгээг авсны үндсэн дээр гэрээ байгуулсан. Мөн орон сууцны үнийг аваад зуучлалын хөлс, татвар төлсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон зэрэг нь гэрээний үүрэг биелсэн, төлбөр хийсэн бодит байдлыг харуулж байна.
Гэрч ********, ****** нар нь нэхэмжлэгчтэй төрөл садан тул мэдүүлгийг үнэлэх болможгүй, харин гэрээ байгуулах хүсэл зориг байсан талаар нотариатч тодорхой мэдүүлсэн. ****** нь гэрээний оролцогч биш тул түүний мэдүүлгээр гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийллийг тодорхойлохгүй.
Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн нь баримтаар тогтоогдож, хариуцагч талаас тайлбар өгөх боломжийг олгосон тул процессын зөрчил гараагүй. Шүүх дүр үзүүлсэн болон андуурч хийсэн хэлцлийг онолын дагуу ялгаж, нэгэн зэрэг үүсэх боломжгүй гэж зөв тайлбарласан.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******** нь нэхэмжлэгчийн гомдлыг дэмжиж оролцсон.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* оролцоогүй, бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дүгээр байрны 77 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.1. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулах талуудын хүсэл зориг болон гэрээний хүчин төгөлдөр байдлыг үнэлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгааг хэргийн баримтад тулгуурлан давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ.
3.1. ******** нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дүгээр байрны 77 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өмчилсөн.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01108 дугаар захирамжаар ******, ********, ******** нараас 45,109,204 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ******** өмчлөлийн орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ 110,000,000 төгрөгийн 70 хувь болох 77,700,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдааг явуулахаар тогтоосон.
3.3. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн хэлцлээр ******** нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр ******д худалдахаар, ****** нь 39,064,705 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт, 60,935,295 төгрөгийг гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгчид шилжүүлэхээр зохигч харилцан тохиролцсон.
3.4. Хариуцагч ****** нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******-нд ******** өмнөөс 39,064,705 төгрөг, мөн өдөр нэхэмжлэгчид 60,935,295 төгрөг, нийт 100,000,000 төгрөг шилжүүлж өгсөн.
3.5. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу ******** өөрийн өмчлөлийн эрхийн 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар, ****** нь 39,064,705 төгрөгийг *******-нд төлж барьцаанаас орон сууцыг чөлөөлсөн, үлдэгдэл 60,935,295 төгрөгийг нэхэмждэгчид дуусгасан талаар тусгаж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн.
3.6. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор ******** өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж, төлбөр төлөгч ******, ********, ******** нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон.
3.7. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр маргааны зүйл болж буй хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр ****** улсын бүртгэл бүртгэгдсэн.
3.8. ******** нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн эхнэр ****** ХААН банкны 5400147089 тоот данс руу 56,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг хариуцагч ****** 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид дахин шилжүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан мөнгөн шилжүүлэг хийж байсан бөгөөд хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 100,000,000 төгрөгийг буцаан өгсөн нь тогтоогдсон.
3.9. Маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч ******** одоо амьдарч буй бөгөөд тэрээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ёстой.
2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийллээр байгуулагдсан эсэхийг үнэлэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай.
Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ********, ****** нарын хүсэл зоригийн илэрхийлэлийг тодорхойлохгүй гэж хуулийг явцууруулж тайлбарласан байна.
4.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга тодорхойгүй байвал түүнийг тайлбарлахдаа илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, хэлсэн үг, үйлдэл, эс үйлдэхүй болон холбогдох бусад нөхцөл байдлыг харгалзан дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах хүсэл зориг нь зөвхөн бичгээр илэрхийлэгдсэн байх төдий бус, тухайн этгээдийн хэрэгцээ, шаардлага, хэлсэн үг, үйлдэл, эс үйлдэхүй, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг иж бүрнээр нь үнэлж, тодорхой дүгнэх шаардлагатай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******** өмчлөлд байсан хоёр өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах болсон тул түүнд болон хамтран төлбөр төлөгч ******, ******** нарт мөнгө зээлэх зайлшгүй шаардлага үүссэн.
Үүний улмаас ******** нь ****** зуучлуулан ******тэй холбогдож мөнгөн зээл авах талаар анх тохиролцсон нь гэрч ******, нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Улмаар ******өөс авсан мөнгөөр ******** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийг барагдуулж, орон сууцаа албадан дуудлага худалдаанд оруулахаас чөлөөлүүлсэн байна.
4.2. Хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хэлцэл гэх баримт, мөн нотариатаар гэрчлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ авагдсан. Эдгээрийн дагуу гэрээний үнэ төлөгдөж, улсын бүртгэл хийгдсэн.
Гэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар талуудын хүсэл зориг нэгдээгүй болохыг өмнө дурдсан.
Гэрээ байгуулахад талуудын хүсэл зориг тодорхой, эргэлзээгүй байдлаар илэрхийлэгдсэн байх нь иргэний эрх зүйн үндсэн зарчим бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, эрх зүйн тогтвортой байдал, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндэс болдог.
Иймд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулах талуудын хүсэл зориг тогтоогдоогүй, зээл авахдаа худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус.
4.3. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан үндэслэлээр нэг гэрээг хамтад нь дүгнэх боломжгүй гэх дүгнэлт бол зөв. Учир нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл нь нэг гэрээний харилцаанд зэрэгцэн байх боломжгүй юм.
4.4. Нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь бие даасан шаардлага биш харин нэхэмжлэл гаргах үндэслэл байна.
Нэгэнт талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд эрх зүйн үр дагаварын асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангана.
Иймд хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ********ыг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй.
5. Иргэний 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хариуцагч нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр маргааны бүхий орон сууцны өмчлөгч болоогүй, орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгчид хэвээр байх тул энэ үндэслэлээр орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
6. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буйтай холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг явцууруулж тайлбарласан байгааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02089 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр ********ыг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ********ад холбогдох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч ******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ