Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х овогт Н-н Э-д холбогдох эрүүгийн 1810024850466 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашины сэлбэг худалдаа хувиараа эрхэлдэг, ам бүл 1, оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н-н Э

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Эыг бусадтай хардаж, оройтож ирлээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн өдрийн орой эхнэр С.Э найзуудын хамт явж бааранд жаахан уусан байх. Шөнийн 12 цагт найз нь над руу ярьсан байсан. Тэгэхэд нь би утсаа аваагүй. 2  хүүхэдтэйгээ унтсан. 12 цагт өөрөө над руу утсаар ярьсан юм. Тэгээд найз Стэйгээ намайг хардсан юм. С та хоёр ямартай учиртай юм, яагаад чамайг өмөөрөөд байгаа юм бэ гэсэн. Найз нарынхаа дунд манай нөхөр ийм тийм гээд ярьсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь найз нь чи ийм өдөр ийм юм битгий ярь гэж хэлсэн шиг байна лээ. Тэгээд тэр хоёр хэрэлдээд маргалдаад. С гэдэг найз нь над руу залгаж байсан. Эхнэр шөнийн 02 цаг 30 минутад гэртээ орж ирсэн. Би орж ирэхгүй байх гэж бодоод хаалгаа түгжсэн байсан. Сүүлийн үед гэртээ орж ирэээд агсам согтуу тавиад орилж хашигчаад байдаг болсон. Хоёр хүүхэд гэрчлэхгүй, хажуу айл намайг л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэж хэлнэ шүү дээ гэх зорилгоор хэлдэг байсан. Шөнийн 02 цаг 03 минутад орж ирээд намайг найз эмэгтэйтэйгээ хардаад бие рүү маажихаар нь  би гарыг бариад болиулаад шууд цагдаа дуудсан. 2 удаа дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн 2 цагдаа авч явсан. Намайг дагуулаад явсан ба эрүүлжүүлэхэд өгөхөд нь би хамт байсан. Түүнээс надад цохиж зодсон зүйл байхгүй. Хавтаст хэрэгт дуудлагаар ирсэн цагдаа нараас эрүүлжүүлэхэд орохдоо ямар нэгэн гэмтэл байсан эсэх талаар шалгуулахаар хүсэлт өгсөн. Найз С гэдэг эмэгтэйгээс нь мэдүүлэг авч өгөөч, тэр орой яг юу болсон юм бэ?, хэрэлдэх болсон шалтгаан нь юу байсан юм бэ гэдгийг тодруулж өгөөч гэсэн боловч Даваажав байцаагч дуудаж асуугаагүй байсан. Би цохиогүй, нүднийх нь доорх хөхрөлтийг би учруулаагүй. Би архи уугаагүй, 2 хүүхэдтэйгээ унтаж байсан...” гэв.

Хохирогч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Н.Эын аав нь цэргийн госпитал эмнэлэгт хэвтэж байсан юм. Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой аав дээр нь хоол өгчихөөд буцах замдаа найз нартайгаа уулзана гээд тохиролцсон байсан болохооор нөхрөөсөө гуйж байгаад найз нартайгаа уулзаад 01 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалга дотроос нь түгжсэн байсан болохоор хаалгаа нүдэж байгаад гэртээ орсон. Тэгээд намайг ороход “чи ууж даварлаа, цагдаа дуудна” гэсэн. Би хүүхдийн өрөөнд орж унтлаа гэхэд үснээс зулгааж оруулахгүй татсан гал тогоонд ороод ус уух гээд сандал хойшлуулах гэсэн чинь ус уулгахгүй татахад сандал газар унасан. Унасан сандалны зураг аваад өөрийнхөө rap цээжийг маажиж улайлгаж байснаа тэрийгээ намайг хийсэн болгож цагдаа дуудна гээд байсан. Тэгээд өөрийнхөө утсаар манай эхнэр намайг зодоод агсам тавиад байна гэж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа дээр хамт ирээд намайг согтуурлыг шалга, би айгаад байна гээд намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. ..Үснээс зулгааж чирсэн, зүүн нүд рүү цохьсон...” гэжээ. /хх-н 19-21-р тал/

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 10 сарын эхээр нөхөр нь гэрээсээ хөөгөөд одоо манай эгч манай гэрт байгаа. Тухайн үед Энхням цагдаа дуудаад өөрийгөө гар, цээжийг эд зүйлээр ураад эгчийг урсан гэж гүтгээд зургаа хавсаргасан байсан...” гэжээ. /хх-н 34-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №12362 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “...С.Эын биед  зүүн дээд доод зовхи, нүдний дотор булан, зүүн хацрын төвгөр, зүүн шууны дотор болон гадна дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ./ хх-н 41-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110/,  ял шалгах хуудас / хх-114/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Эыг бусадтай хардаж, оройтож ирлээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унаган нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Эын “...Тэгээд намайг ороход “чи ууж даварлаа, цагдаа дуудна” гэсэн. Би хүүхдийн өрөөнд орж унтлаа гэхэд үснээс зулгааж оруулахгүй татсан гал тогоонд ороод ус уух гээд сандал хойшлуулах гэсэн чинь ус уулгахгүй татахад сандал газар унасан. Унасан сандалны зураг аваад өөрийнхөө rap цээжийг маажиж улайлгаж байснаа тэрийгээ намайг хийсэн болгож цагдаа дуудна гээд байсан. Тэгээд өөрийнхөө утсаар манай эхнэр намайг зодоод агсам тавиад байна гэж цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр, хохирогчийн биед биед  зүүн дээд доод зовхи, нүдний дотор булан, зүүн хацрын төвгөр, зүүн шууны дотор болон гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12362 тоот дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Эд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э нь хохирогчид учирсан гэмтлийг би учруулаагүй гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.Эд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Н-н Энхнямыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н-н Э-г  500 нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ